Энтертайнмент
Бүх хүүхэд нь спортоор хичээллэдэг Тонхил сумын “Тонхил технологи”
…Тонхил сум дахь “Сутайн бор” клубийн “Олимп” спорт авиралтын төвийн Мөсөнд авиралтын хананд мөс тавьж эхэлжээ. Тонхилчууд энэ жил хоёр дахь удаагаа мөсөн хана урлаж байна. Өмнөх жилийг бодвол арай илүү туршлагажсан болов уу. Эхний жил хэдий хэв хашмал, дүүжин шат бэлэн байсан ч амаргүй байлаа. Суманд бүх талаар цоо шинэ ажил… “Тонхил технологи” өөрийн гэсэн онцлогтой. Цаст богдоос эх аван, сумын төв дундуур урсдаг үзэсгэлэнт Зүйлийн голоос мөсөө авч, газар дээр нь шуудайнд савлана. Унаанд ачна. Том хэмжээтэй мөсийг буталж жижиглэнэ. ”Олимп” спорт авиралтын төв рүү зөөж, буулгана. Металл хэв болон дүүжин шатаа угсарна. Мөсөөр дүүргэж, үдэш нь усалж хонуулдаг. Худгаас хоолойгоор ус татна. Дээш өндөрсөх тусам хөдөлмөр зарцуулалт нэмэгдэнэ. Сумын малчин айл өрх бүрд өвөлжилтийн их ажил зэрэгцэн өрнөж байдаг цаг тул хүн хүч хаа сайгүй нэн хэрэгтэй байдаг үе билээ. Өнөө жил цас зуднаас урьдчилан сэргийлж өвөлжөө бүрд маш завгүй ажил хөдөлмөр ундарч байгаа учраас томчууд сумын төвд ирсэн даруй аль л болж бүтэхээрээ гар бие оролцож байгаа сураг ирэв. Тонхил сумын ЕБС-ийн ахлах ангийнхан гар хумхин суусангүй. Тэд мөс тавих ажилд ханцуй шамлан орцгоожээ…
“Сутайн бор” клубийн тогтмол идэвхтэй хөтөлдөг цахим хуудсанд клубийн Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх ийм тэмдэглэл нийтлэсэн байхыг хараад сайхан сэтгэгдэл төрөв. Улаанбаатар хотоос 1214 км, аймгийн төвөөсөө 210 км зайтай оршдог Говь-Алтай аймгийн Тонхил сум жирийн нэг сум, суурин биш ээ. Сутай хайрханы бэлд товхинуулсан Тонхилынхон өглөөнөөс үдэш хүртэл өндрийн авиралтаар амьсгалж, тэндээс ямар нэгэн баяр баясал мэдэрч чаддаг дэлхий дээрх цорын ганцхан сум юм.
Тонхилын төвд бүтээн босгосон “Олимп” ханаа тойрон сум даяараа цугласан байвал спорт авиралтын Сумын аварга, Сургуулийн аварга, Клубийн аварга шалгаруулах тэмцээн болж байна аа гэсэн үг. Эсвэл эхэнд бичсэнчлэн ханаа элбэж, мөсөө тавьж байх болно. Тонхилд спорт авиралтын Сумын аварга шалгаруулах тэмцээн болоход юу болдог гээч. Сумын аварга болох гэж Улсын аваргынхаас ч хэцүү сорил, өрсөлдөөн давна. Тэнд магадгүй авиралтын хамгийн шударга, ширүүн тэмцэл болно. Хожигдол хүлээсэн хүүхдүүд энд тэнд уйлж ч харагдана. Спорт авиралтын Сумын аваргад Тонхилын 200, 300 хүүхэд оролцоно. Цэцэрлэгийн хүүхдүүд ч Сумын аваргын төлөө өөрсдөд нь зориулан зассан хананд уралдана. Хөл, гар нь чангарна. Хүүхэд байхаасаа спортод татагдан дурлана. Тонхилынхон том, жижиггүй бүгдээрээ ханандаа авирна, хад уулнаа гарна. Ийм гайхалтай амьдрал зөвхөн Тонхилд л байдаг байх.
Монгол Улсын анхны Олон улсын стандартад нийцсэн Спорт авиралтын ханыг “Сутайн бор” клубээс санаачлан 2019 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд бүтээн байгуулсан юм. Ингэхдээ эхний ээлжинд спорт авиралтын хурдны хос зам, техникийн авиралтын ханыг барина. Түүний дараа боулдрингийн хана, нэмэлт зарим тоноглол, тохижилтын ажил хийх бол үргэлжлүүлээд мөсөнд авиралтын хурд болон техникийн хана барина гэж төлөвлөжээ. “Токио-2020” олимпын наадмаас эхлэн спортын авиралт Зуны олимпын төрөлд багтсан тэр цаг үед Монголын тал нутагт хамгийн том ханан хад сүндэрлэн боссон нь үнэхээр цаг үеэ олсон, байж болох хамгийн сайн үнэлгээг өгөх нь зүйтэй бүтээн байгуулалт болсон билээ.
“Олимп” спорт авиралтын төвийн 5 жилийн ойн дээр буюу анхны ханаа босгосноос 5 жилийн дараа 2024 оны нэгдүгээр сард “Сутайн бор” клубийнхэн мөсөнд авиралтын хурдны төрлийн 16 метрийн өндөртэй ханыг нэмж байгуулсан нь энэ жил ийн хоёр дахь өвөлтэйгөө золгож байна.
Сумандаа төвтэй “Сутайн бор” клубын Гүйцэтгэх захирал, дасгалжуулагчаар Х.Нямдоо багш ажилладаг. Сум даяараа өндөр уул, хана, хадны спортод сэтгэлтэй тонхилчуудаас төрсөн клубийнхээ эхлэл үүслийн талаар тэр “Тонхил суманд уулын спорт, авиралтын спорт хичээнгүй утгаараа хөгжиж байна. Манай сумын хүүхдүүд зуу, зуугаараа энэ спортоор хичээллэж байна. Энэ бүхнийг үрслүүлсэн үндэс суурь нь манай ахмад уулчид юм. Монголын уулчид 1957 онд анх Сутай хайрханд авирсан гэдэг. Тэдний нэг нь Тонхил сумын харьяат, Монгол Улсын спортын мастеруудын анхдагч зургаан уулчны нэг Я.Жанцан байсан бөгөөд тухайн үеийн уулчид маань 1981 онд “Сутай” нэртэйгээр клуб байгуулж, улмаар 2011 онд залуус бидэнд үйл хэргийг нь үргэлжлүүлээрэй хэмээн өгч байсан түүхтэй. Ууган мастер Я.Жанцан зөвхөн өндөр уул төдийгүй ханан хадны төрлийг Монголдоо хөгжүүлэхэд тулгын чулууг тавилцсан хүн байсан юм. “Сутай” клубээ бид 2012 оноос Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб хэмээн нэрлэж, өнөөдрийг хүртэл өргөжүүлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөж байна. Манай Тонхилд 1950-иад оноос уулын спорт, өндөр уулын авиралт хөгжсөн гэж үздэг. Клубээ “Сутайн бор” гэж нэрлэсэн нь онцгой утгатай. 1981 онд манай уулчид бор морины уяа сойлгыг өндрийн авиралтад тааруулан зэхэж, бор морьтойгоо Сутай хайрханаа давж гарсан гэдэг” гэж тайлбарлав.
Сумандаа 30 жил биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллаж байгаа Х.Нямдоо багш 2013 оноос уулын спортын тамирчдыг илүү шаргуу бэлтгэж эхэлжээ. Амьсгаа задлах, хүч тамир өгөх зэрэг бэлтгэлийг зааландаа уйгагүй хийнэ. Уулын кросст гүйнэ. Өндөр ууланд авирна. Уулын спорт, хаданд авиралт, спорт авиралт, бүстэй авиралт гээд бүгдийнх нь дөрийг энэ үеэс хүүхдүүддээ суулгаж ирэв. Бээлий өмсөөд, уул руу дөрвөн хөллөөд мөлхдөг байсан хүүхдүүд бэлтгэлийн бааз суурь нь сайжирч, сумандаа ханатай болсноор дотоод, гадаадын тэмцээнд маш хурдан амжилт гаргаж эхэлжээ.
Х.Нямдоо багш мөн “Хүүхдүүдээ бид багаас нь системтэй бэлтгэх ёстойг ухамсарладаг. БНСУ, ОХУ зэрэг мэргэжлийн өндөр хөгжилтэй орнуудад тамирчидтайгаа очиж, спорт авиралтын бэлтгэл хийж үзлээ. Олон жил энэ спорттойгоо хамт байгаа ч сурах зүйл маш их байна. Манай клубийн хувьд өндөр уулын авиралт, хад, мөс гээд бүх төрөл дээр тамирчинтай. Цаашид мөсөнд авиралт, спорт авиралтын төрлөөр дагнасан тамирчин бэлтгэх тал дээр илүү сайн төвлөрнө. Сумандаа амьдардаг клубын хүүхдүүд маань хичээлийнхээ хажуугаар спорт авиралтын ханан дээр бэлтгэлээ хийсээр байгаа. Өглөөгүүр бага ангийнхан, үдээс хойш дунд, ахлах ангийнхан тогтмол бэлтгэл хийдэг. Хүүхдүүд маань энэ гайхалтай ханан дээрээ их зүйл сурч байгаад багшийн хувьд өдөр бүр сэтгэл ханамжтай явдаг. Бидний дараагийн гол зорилго шинэ сургуулиа ашиглалтад орохоор заалан дотроо спорт ханатай болох. Тэгвэл хүүхдүүд маань хүйтэн сэрүүн үед дулаан зааландаа, зуны улиралд гаднах ханандаа бэлтгэлээ хийдэг болно. Мэдээж өвөл авирах мөсний ханаа босгочихсон болохоор өвөл, зунгүй л бид ханандаа авирч, олон олон олимпын оролцогч, цаашлаад дэлхийд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх сайхан боломж бүрдэнэ” гэсэн өөдрөг сэтгэгдэл хэлээд, спорт авиралтаар хичээллэгч гадаад, дотоодын авирагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг Сумын аварга шалгаруулах тэмцээнийхээ талаар ярьсан юм.
…“Манай сум цэцэрлэгийн наснаас ахлах нас хүртэлх бүх хүүхдийг хамруулж Сумын аваргаа зохион байгуулдаг. Зарим жил насанд хүрэгчдийг ч оролцуулдаг. Сумын аваргыг хаврын улиралд багийн төрлөөр, намартаа хувийн амжилтаар зохион байгуулж байгаа. Манай сум 300 гаруй хүүхэдтэй. Тэдний маань 200 гаруй нь спорт авиралтыг сонирхон хичээллэдэг. Яг шигшээ бэлтгэл, тэмцээнд 100 гаруй хүүхэд тогтмол хамрагддаг. Спорт авиралтын хичээл манай сумын сургуулийн биеийн тамирын хичээлийн үндсэн хөтөлбөрт багтдаг болохоор бүх хүүхэд, ангиараа, сургуулиараа хичээллэдэг л гэсэн үг. Тэднээсээ ангийн аварга, сургуулийн аварга гэхчлэн шигшиж, энэ жил гэхэд 120 хүүхдийг сумын аваргадаа оролцуулсан. Тонхил сумынхан энэ ханаа тойрон эрүүл, эерэг амьдардаг ард түмэн. Хүүхдүүд маань чөлөөт цагаа зохистой өнгөрүүлж байна. Ерөөсөө Тонхил сумыхныг энэ ханагүйгээр, энэ спортгүйгээр төсөөлөхийн аргагүй болчихжээ. Спорт авиралтын спортын цөм нь өөрөө Тонхил сум болжээ гэхэд ч хол зөрөхгүй байх. Ирээдүй болсон хүүхэд, багачууддаа, орон нутагтаа хийсэн маш оновчтой хөрөнгө оруулалт гэж би үүнийг л хэлнэ. Манай эцэг, эхчүүд ч хүүхдүүдээ хичээллүүлэх дуртай. Тэр бүгдийн аюулгүй байдлыг хангаж, зааж сургахдаа бид ч дуртай байдаг” гэсэн түүний чин сэтгэлийн баяр хөөртэй, итгэл дүүрэн яриаг сонсох үнэхээр таатай байлаа.
Х.Нямдоо багш сумынхаа зуу зуун хүүхдээс гадна Монголын спорт авиралтын түүхэнд анхдагч амжилтуудыг гаргаж, мөс зүсэж яваа өөрийн хүү, охин хоёроо мэргэжлийн тамирчин болгон, бэлтгэж өгсөн өндөр гавьяатай дасгалжуулагч юм.
Суманд спорт хана баригдаагүй байх үеэс эхлэн хэрэглээнээс гарсан өндөр хүчдэлийн шат руу авирч, бэлтгэл хийдэг байсан түүний хүү Нямдоогийн Хэрлэн хөнгөн атлетикийн спортоо орхин, арванхоёрдугаар ангиасаа эргэж буцалтгүй спорт авиралтын тамирчин болжээ. “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн 2018 онд БНСУ-д болсон мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчдын түүхэн дэх анхны мөнгөн медалийг авчирч байсан бол 2020 онд Ази тивийн аварга болж, анхны алтан медалийг хүртэн, монгол тамирчид спорт авиралтын төрөлд хүч түрэн орж ирж байгааг тив, дэлхийд зарласан билээ (2018 онд Д.Энхбаатар мөн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан).
ОУХМ Н.Хэрлэн мөн 2023 оны нэгдүгээр сард Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээний Монгол Улсын түүхэн дэх анхны алтан медалийг эх орноороо овоглосон бол бол 2024 оны хоёрдугаар сард Канадын Эдмонтон хотод болсон мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хурдны төрөлд мөнгөн медаль хүртэж, түүний төрсөн дүү Нямдоогийн Сэлэнгэ ДАШТ-ий анхны хүрэл медалийн амжилтаа гаргасан юм. Ах, дүү хоёр тамирчин Дэлхийн аваргад хамтдаа оролцож, хамтдаа медаль хүртсэн нь Тонхилын, “Сутайн бор”-ын, Монголын бахархалт үйл явдал мөнөөс мөн билээ.
Н.Хэрлэнгийн дүү Н.Сэлэнгэ найман настайгаасаа спортоор хичээллэж, дасгал, хөдөлгөөн, авиралт хийж болох сумынхаа аль л боломжит газарт аавтайгаа хамт гүйж, харайж, спортоор хичээллэж өсжээ. “Олимп” бэлтгэлийн төв нээлтээ хийхээс өмнө гараар угсарч хийсэн 3 метрийн өндөртэй жижигхэн хананд Н.Сэлэнгээ авиралтын анхны дасгал, бэлтгэлүүдээ хийж, ирээдүйд өндрөөс өндөр хананд гарах мөрөөдөл рүүгээ алхаж эхэлсэн гэж болно. Наймхан настайгаасаа зүрх, сэтгэлдээ спортын оч тээсэн бяцхан охин 18 насандаа мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Тонхил сумын төвд босгосон гэрэлт хананы шууд өгсөн үр дүн нь гэхээс яахав. МУБИС-ийн нэгдүгээр дамжаанд сурч байгаа Н.Сэлэнгэ 2018 оноос мөсөнд авиралтын спортоороо тууштай хичээллэсний үр дүнд зургаан жилийн Дэлхийн медальтан болжээ.
Спорт авиралтад хүчний дасгалжуулагч маш чухал. Тийм ч учраас Н.Хэрлэн, Н.Сэлэнгээ нарын бэлтгэл сургуулилтыг Хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр хариуцан, тив, дэлхийн тэмцээнд бэлдэж иржээ. Зургаа дахь жилдээ тэдний бэлтгэлийг удирдаж байгаа Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр ах, дүү хоёрыг “Тамирчны өндөр ёс зүй, туйлбартай, сахилга баттай, тэвчээртэй, биеийн хүч, тамир сайн хүүхдүүд” гэж үнэлээд, “Хүндийг өргөлтийн шигшээ багийнхан өнгөрсөн зун Парисын олимпын наадмын бэлтгэлээ Тонхил суманд очиж хийсэн. Мөсөнд авиралт, спорт авиралтыг дэлхийд гаргахад А.Батсүх тэргүүтэй хүмүүс үнэхээр том хөрөнгө оруулалт хийснийг би чин сэтгэлээсээ талархан, хэлэхийг хүсэж байна. Алс холын суманд өнөөдөр бүхэл бүтэн нэг спортын төрөл хөгжсөн шиг хөгжиж, хүүхдүүд сурсан шиг сурч байна. Алс холын тэр газраас Дэлхийн аваргууд төрж байна. Энэ бүхэн надад үнэхээр сайхан санагдсан. Тонхил сумын спорт хананы цогц бүтээн байгуулалтад 200,000 орчим ам.доллар зарцуулсан гэж сонссон. Дэлхийн хэмжээний спортын бүтээн байгуулалт, тэрийг ажил хэрэг болгосон хүмүүс жижигхэн тэр суманд даруухнаар аж төрж, чимээгүйхэн хөдөлмөрлөж байна. Сум болгонд боломж бий гэдгийг, нийтэд спортыг түгээхэд ингэж ажиллаж болно гэдгийг “Сутайн бор” клубийнхэн бидэнд харуулж өгчээ. Би энэ бүхнийг магтах сайхан үгээ оновчтой олж хэлж чадахгүй л байна” хэмээн “Сутайн бор” клубийнхний үүсгэн байгуулсан “Олимп” спорт авиралтын төвийг урамшуулсан юм. Спортын салбарын санхүүжилт бол бэлтгэл ба амжилтын салгахын аргагүй нэг хэсэг нь байдаг. “Олимп” хананы өөрийн өртөг 100 гаруй сая төгрөг, хил гаалиар оруулж ирэх зардал нэмэгдээд, 400 гаруй сая төгрөг болсон.
Тонхил сумын уулын спортынхны түүх, өнөөдөр ийн залуу тамирчдыг төрүүлж байгаа өв дамжсан сургалтын талаар бичсэнийх дараах түүхийг заавал танилцуулах нь зүй ёсных билээ.
1957 оны дөрөвдүгээр сарын 30-нд Ядамын Жанцан ахлагчтай 10 уулчин Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших Сутай хайрханд авирч, Монголын уулчдын мөрийг цаст хайрханы өндөрт гаргасан түүхтэй. Ядамын Жанцан нь Монголын анхдагч уулчдын нэгэн бөгөөд Говь-Алтайн Тонхилын уугуул нэгэн билээ. Монгол Улсын уулын спортын анхны зургаан Спортын мастерын нэг Я.Жанцан нь Отгонтэнгэр, Алтай таван богд Сутай хайрхан, тахилгат уулсад авирсан анхдагчдын нэг бөгөөд Польшийн Татр, Германы Дрездений хаданд авирсан Монголын уулчдын багийг удирдаж, уулын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн нь өдгөө түүний үр, хүүхдүүдэд өвлөгдөн, Тонхил суманд их спортын үрийг соёолуулж байна.
Говь-Алтайн Тонхил сумын 15 залуус санаа нэгдэн, 1981 оны тавдугаар сарын 18-нд цуглан хуралдаж, “Сутай” клубийг байгуулан, даргаар нь ХЗЭ-ийн үүрийн дарга Ш.Мөнхбаатарыг сонгож байжээ. Энэ цагаас хойш тонхилчуудаас уулын спортын 16 мастер төрж, олон арван залуус Сутай хайрхан, Алтай таван богд, Мөнххайрхан, Дэглий цагаан, Их богд зэрэг мөнх цаст оргилд авирч, уулын спортын түүхийг бичилцжээ. 2012 онд Алтайн уулчдыг дэмжих, уулын спортыг бодлогоор хөгжүүлэх зорилгоор уулын спортын анхны мастер Я.Жанцангийн үр хүүхдүүд болох Ж.Туяа, А.Батсүх нарын санаачилгаар “Сутайн бор” уулчдын клуб байгуулагдсан нь өнөөдрийн “Олимп” спорт авиралтын төвийг бүтээн босгоход гол үүрэг гүйцэтгэжээ. Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” ТББ уулын болон спорт авиралтын гэсэн үндсэн хоёр төрлөөр Монголын тамирчдаа бэлтгэж, ивээн тэтгэж, дэлхийд өрсөлдөх үүд хаалгыг нээж өгсөөр байна.
Тонхилчуудын төдийгүй уулын спортын бахархал болсон Я.Жанцан тэртээ 1969 онд Польш, Германд очиж, ханан хадны авиралтын туршлага судлан, дасгал сургуулилтад хамрагдаж ирснээр уулын спортын орчин үеийн төрлүүдийг эх орондоо хөгжүүлэх эхлэлийг тавьж байсан бол Тонхил сумаас өдгөө өндөр уул, спорт авиралт болон мөсөнд авиралтын төрлүүдээр Олон улсын хэмжээний мастер цолтой 2, Спортын мастер цолтой 23, уулын спортын зэрэгтэй олон тамирчин бэлтгэгдэн гарч, түрүүч нь дэлхийн амжилтаар овоглож байна.
Токиогийн олимпоос эхлэн спорт авиралт Зуны олимпын гэр бүлд нэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Дараа дараагийн олимпод доторх төрлөө нэмэгдүүлэх нь гарцаагүйг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Хоёр ч удаа Өвлийн олимпод үзүүлэх төрлөөр “дуудагдсан” мөсөнд авиралт олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болж байна. Хамгийн товчхоноор бол спорт авиралт, мөсөнд авиралтын энэ гайхалтай төрлөөр Монголын өнцөг булан бүрээс олон олон тамирчид төрж, олимп, дэлхийд хүчтэй өрсөлдөх дүүрэн боломж нэгэнт нээгджээ.
“Бүгд зориод ирээрэй, хананы барьцыг халтал уралдацгаая” хэмээн Тонхилоос “Олимп”-ынхон та бүгдэд урилга илгээснийг төгсгөлд нь дамжуулъя.
Зөвхөн мөс тавихаар хязгаарлагдахгүй сумынхаа бүх хүүхдийг спортоор хичээллүүлж чадсан Тонхил сумын “Тонхил технологи” хийгээд Зүйлийн голын мөсөөр бүтээсэн мөсөн хананаас олон тамирчид төрөх итгэл найдвар гэрэлтэж байна.