Дэлхий
Зеленський: Умард Солонгос Орос руу нэмэлт цэрэг илгээж магадгүй
Украины Ерөнхийлөгч даваа гарагт Умард Солонгосыг Оросын армид нэмэлт цэрэг болон зэвсгийн тусламж илгээж магадгүйг хэллээ.
Тодруулбал тэрбээр Умардын 3000 гаруй цэрэг амь үрэгдсэн болон шархадсан гэв. Иймд тэд Оросын армид нэмэлт цэрэг, зэвсгийг илгээж магадгүй гээд “Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авах болно” гэсэн байна.
ОХУ-аас өнөөдрийг хүртэл армид нь Умард Солонгосын цэргүүд нэгдсэн гэх мэдээллийг батлаагүй ч бас үгүйсгэхгүй байгаа юм.
Украин болон түүний холбоотон улсууд Умард Солонгосыг 12 мянга орчим цэргээ Орос руу илгээсэн гэж үзэж буй. Тэдний зарим нь Оросын Курск муж орчмын тулаанд оролцсон гэсэн мэдээлэл бий.
Киевээс энэ асуудалд илүү хүчтэй хариу арга хэмжээ авахыг холбоотнуудаасаа шаардаж эхэлсэн. Зеленський Москва болон Пёньян хооронд цэрэг, зэвсгийн хамтын ажиллагаа гүнзгийрэх нь дэлхий нийтэд томоохон эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсаар байна.
Мөн Орос, Умард Солонгосын хамтын ажиллагаа өргөжсөнөөр Солонгосын хойг болон ойролцоох бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах аюулд хүргэж болзошгүй гэсэн юм.
Эх сурвалж: Reuters