Энтертайнмент

“Москвагийн цом”-оос 2 алт, 5 хүрэл медаль хүртжээ

Нийтэлсэн

ОХУ-ын Москва хотод “Москвагийн цом” цуврал тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил тус тэмцээний финал болж, Монгол Улсын тамирчид хоёр алт, таван хүрэл медаль хүртжээ. Тэмцээнд 2021, 2022, 2023 оны тэмцээнээс медаль хүртсэн тамирчинд урилгаар оролцсоноос гадна Орос, Азербайжан, Казахстан, Тажикистан, Беларусь, Куба, Бразил, Грек, Узбекистан, Кипр, Иран, Киргиз, Молдав, Румыны шилдэг жүдочид оролцсон байна.

“Россия тур Москва супер финал” нэртэй тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Сосорбарам нар алтан медаль хүртжээ. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Анударь, 52 кг-д спортын мастер М.Нандин-Эрдэнэ, +78 кг-д олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Уг тэмцээнд түрүүлсэн тамирчныг 400 мянган рубль буюу 11 сая 800 мянган төгрөгөөр шагнажээ. Харин мөнгөн медалийг 200 мянга, хүрлийг 100 мянган рубль дагалддаг байна.

“Москвагийн цом” цуврал тэмцээн нь монголын жүдочдын 2024 оны хамгийн сүүлчийн тэмцээн болж байна. Ирэх 2025 оны нэгдүгээр сард насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулна. Мөн хоёрдугаар сараас “Их дуулга”, гранпри ангиллын цуврал тэмцээн болно.

Exit mobile version