Дэлхий
Хойд Солонгосоос Украинд дахин цэрэг илгээхээр бэлдэж байна
Хойд Солонгосоос Украинд дахин цэрэг илгээхээр бэлдэж буй шинж тэмдэг илэрснийг Өмнөдийн арми Даваа гаригт мэдэгдлээ. АНУ, Өмнөд Солонгос, Украины мэдээлж буйгаар өдгөө 12 мянга орчим хойд солонгос цэрэг хэдийнэ ирсэн. Гэвч тэднээс 100 орчим нь Курск орчимд нас барсан гэх тооцоолол байна. Мөн 1000 орчим нь шархадсан гэж үзэж байна.
Хойд Солонгос, ОХУ хоёрын цэргийн харилцаа улам бүр зузаарч буй нь Өмнөдөд илүү их аюул заналхийлэл учруулах магадлалтай. Өмнөд Солонгосын армитай харьцуулбал арай хүчин чадал багатай гэж тооцогддог Умардын ердийн хүчин шинэчлэгдэж, байлдааны туршлагатай болно гэж үзэж буйтай энэ нь холбоотой.
Олон зуун цэргээс гадна зэвсэг сэлтийг ч Хойд Солонгосоос Оросын армид нийлүүлэх төлөвтэй байна. Хойд Солонгос улс 240 мм-ийн олон пуужин харвагч, 170 мм-ийн өөрөө явагч гаубицыг хэдийнэ нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн амиа золиослогч дронуудыг олноор нийлүүлэхээр бэлтгэж байна.
Түүнчлэн Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Хойд Солонгос улс Трампийг тангарах өргөхөөс урьтаж дуунаас хурдан баллистик пуужин харваж, Сөүл рүү хогтой бөмбөлөг дахин илгээж магадгүй аж. Энэ үйлдэл нь АНУ-тай хэлэлцээр хийх эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд цөмийн туршилт хийх зэрэг стратегийн өдөөн хатгалгын нэг хэсэг болно.