Энтертайнмент
Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна
Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёгийн банзүкэ буюу чансаа гарчээ. Энэ чансаагаар озэки Котозакүра зүүний дагавар магнайд заларч, ирэх башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх гэнэ. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын Кюүшү башёд 14 даваа, нэг унаатай түрүүлсэн бөгөөд өвөөгийнхөө адилаар аварга болохыг хүсч байна.
Өдгөө 27 настай Котозакүра өчигдөр /2024.12.23/ Чиба мужийн Мацүда хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа “Би их зүйл бодож, өөрийгөө дарамтад оруулмааргүй байна. Ийм сорилт гарч ирсэнд баяртай байна. Бүхнээ зориулах болно. Хамгийн чухал нь өөртөө үнэн байна. Өдийг хүртэл хийсэн бүхэндээ итгэж, өөрийн чадвартаа итгэж, хүчтэй шийдэмгий барилдана гэж найдаж байна. Дутуу дулимаг сэтгэл зүйтэй дэвжээнд гарахгүй” гэжээ.
Хамгийн сүүлд 2017 онд Кисэносато ёкозүна цол хүртсэнээс хойш япон бөх энэ цолонд хүрээгүй явна.
Мөн өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цолонд ойрхон байгаа. Хэрэв Котозакүра, Хошорюү С.Бямбасүрэн нар хамтдаа ёкозүна цол хүртвэл 1970 оноос хойш энэ амжилтыг давтсан анхны бөхчүүд болно. Тухайн үед Китанофүжи, Таманоүми нар хамтдаа аварга цолонд хүрч байжээ.
Котозакүра үргэлжлүүлэн “Би ёкозүна цолны сорилт ямар байхыг даван туулсаныхаа дараа л мэдэх байх. Одоо бол урдах барилдаандаа л анхаарлаа хандуулж, сайн барилдахыг зорино. Энэ нь ч эерэг үр дүн авчрах байх” гэв.