Эдийн засаг

Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрээр хууль өргөн барилаа

Нийтэлсэн

Сангийн сайд Б.Жавхлан УИХын дарга Д.Амарбаясгаланд Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тусгасан байна.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан уламжлав.

Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн зүүн болон өмнөд хэсгийн бүс нутаг, Монгол зэрэг орныг хамарч байсныг өргөжүүлж, Сахарын цөлийн өмнөд болон түүнээс урагш орших Африкийн бүс нутгийн орнуудад үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн тус банкны санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалахтай холбоотой зарим өөрчлөлтийг оруулжээ.

Монгол Улс нь 2000 оны долоодугаар сарын 26-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурал соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элсэн орсон. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Exit mobile version