Улс төр

Г.Лувсанжамц: Нэг МВт-ын болон хүний нөөцийн зардлыг бууруулах боломжийг судлах хэрэгтэй

Нийтэлсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.12.24) хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл“-ийг хэлэлцсэн юм.

Хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар танилцуулга хийснийг хүргэе.

Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-10 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэв. Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг Эрчим хүчний сайд тэмдэглэсэн.

Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын ДЦС-ыг шинээр барихаар төлөвлөжээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.

“Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.

Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны есдүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Эрчим хүчний сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Г.Лувсанжамц, Х.Ганхуяг нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан бусад гишүүд үг хэлэв.

Салбарынхаа хуримтлагдсан асуудлыг иргэд, хэрэглэгчдэд үүрүүлэх байдлаар шийдвэрлэх биш үүний зэрэгцээ Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийнхан менежментийн шинэчлэл хийж, үйлдвэрлэж буй 1 МВт-ын зардал, хүний нөөцийн зардлаа бууруулах боломжоо судалж, шийдлээ Эрчим хүчний зохицуулах хороондоо хүргүүлэхийг Г.Лувсанжамц гишүүн санал болгосон бол төслийн өртөг нэмэгдэх эрсдэлийн талаар П.Сайнзориг гишүүн хэлээд, үүнээс үүдэн алдагдах боломжийн өртөг, үр дагаварыг тооцохыг сануулж байлаа

Ингээд хуралдаанаас “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Exit mobile version