CGTN мэдээ

БНХАУ дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр гэдгээ дахин нотлов

Нийтэлсэн

Дотоод болон гадаад эрсдэлт хүчин зүйлсээс үл хамааран БНХАУ-ын эдийн засаг 2024 оны өсөлтийн зорилтдоо хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэдгээ дахин нотоллоо.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны (ҮСТ) мэдэгдсэнээр, дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн онд 5 хувиар өсөн 134,9 их наяд юань буюу 18,77 их наяд ам.долларт хүрсэн байна.

ҮСТ-ны тэргүүн Кан И эдийн засгийн энэхүү амжилтад “амар хүрээгүй” болохыг тодотгохын сацуу энэ нь тус улсын 14-р таван жилийн төлөвлөгөөнд (2021-2025) тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх бат бөх үндэс суурь болно гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, “амар хүрээгүй” амжилт гэдэг нь БНХАУ эдийн засгийн өсөлтийн хурдаа хадгалахын тулд өнгөрөгч онд асар их хүчин чармайлт гаргаж, сорилт бэрхшээлийг даван туулсныг илтгэж буй юм.

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд нь дэлхийн томоохон эдийн засагттай орнуудын дунд тэргүүлж байгаа нь тус улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр буйг ийнхүү бататгаж өглөө.

Өнгөрсөн онд Хятад улс нь өндөр чанартай хөгжлийг чухалчилж, үр тарианы үйлдвэрлэл, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, төмөр замын тээвэр, гадаад худалдааны хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр  ч түүхэн дээд амжилтад хүрсэн байна.

Тус улсын шинэ чанарын бүтээмжийг хөхиүлэн дэмжих бодлого нь уламжлалт аж үйлдвэрийг сайжруулж, шинээр гарч ирж буй салбаруудыг хөгжүүлэх, ирээдүйтэй аж үйлдвэрүүдийг төлөвлөх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг хурдасгасаар байна.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан “Дэлхийн инновацийн индекс 2024”-т Хятад улс дэлхийн хамгийн инновацлаг эдийн засагтай орнуудын жагсаалтад өмнөх оныхоос нэг байраар ахин 11-р байрт оржээ.

Тус улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо биелүүлэхийн тулд есдүгээр сараас хойш зах зээлийн жишиг зээлийн хүү болон банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, бүх аж ахуйн нэгжид таатай бизнесийн орчныг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь өнгөрөгч оны сүүлийн улиралд эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, бүтэн жилийн зорилтод хүрэхэд “шийдвэрлэх үүрэг” гүйцэтгэсэн байна.

Хятад улс нь сүүлийн жилүүдэд жил бүр дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 орчим хувийг дангаараа бүрдүүлсээр ирсэн юм. Дэлхийн эдийн засгийг хөдөлгөх гол хөдөлгүүрийн үүрэг гүйцэтгэж буй Хятад улс нь 150 гаруй улс орон болон бүс нутгийн худалдааны гол түншийн хувьд илүү нээлттэй байж, хөгжлийн үр өгөөжөө бусадтай хуваалцах бодлогыг тууштай баримталж буй нь бусад улс орны өсөлтөд шинэ боломжуудыг мөн бий болгож буй юм.

Гадаад орчны өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөл гүнзгийрч болзошгүй байгаа хэдий ч макро эдийн засагт хяналт тавих арвин туршлага, аж ахуйн нэгжүүдийн тууштай зүтгэл, ард түмнийхээ хөдөлмөрч зан чанарын ачаар Хятад улс 2025 онд ч өндөр чанартай хөгжлийг ахиулж, эрсдэл, сорилтыг даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

 

 

 

 

 

Exit mobile version