Дэлхий
Трампын буулгасан анхны зарлигууд: Байдены 78 шийдвэрийг цуцаллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалдаа алан ёсоор орсны дараа хэд хэдэн зарлиг буулгалаа.
Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Капитолийн ордон руу дайран орсон хэргээр ял шийтгэл авсан 1.5 мянган хүнийг өршөөх тухай зарлиг гаргалаа. Тэднийг ойрын хэдэн цагт суллана хэмээн мэдэгдэв.
Түүнчлэн, Доналд Трамп Жо Байдены үед гаргасан 78 шийдвэрийг цуцлах тухай зарлиг буулгав. Тухайлбал, Конгресст бүгд найрамдахчуудын зүгээс шүүмжлэл дагуулсан сонгогчдын бүртгэлтэй холбоотой зарлигийг хүчингүй болгов. Хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахаас сэргийлэх зорилгоор Байдены 2023 онд гаргасан хиймэл оюун ухааны хөгжлийг зохицуулах тухай зарлигийг мөн хүчингүй болгожээ.
Трамп Цагаан ордны Дугуй танхимд сахаргүй кола захиалах товчлуурыг буцаан авчрав. Түүнчлэн Дугуй танхимд бүргэдийн баримлууд, Черчиллийн цээж баримал, шинэ хивстэй болсон байна.
Доналд Трамп Жо Байдены засаг захиргааны албан тушаалтнуудад хууль бусаар мэдээлэл нуусны төлөө хариуцлага хүлээлгэх тухай зарлиг буулгажээ.
Жо Байдены ажлаа өгөхөөс өмнөхөн гаргасан шийдвэрийг цуцалж, Куба улсыг терроризмын санхүүжүүлэгч улсуудын жагсаалтад дахин оруулав.
Трамп АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргах тухай зарлиг гаргалаа.
Трамп TikTok сүлжээнд тавьсан хоригийг 75 хоногийн хугацаанд хүчингүй болгох тухай зарлиг буулгав. Зарлиг ёсоор тус сүлжээ хувьцааныхаа 50 хувийг АНУ-д шилжүүлснээр тус улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авна.
АНУ-ын Ерөнхийлөгч Мексик болон Канадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн гаалийн татварыг хоёрдугаар сарын 1-ээс эхлэн ногдуулна хэмээн мэдэгдэв.