Нийгэм

Зөвшөөрөлгүй авсан гэгдэх донорын эд эрхтэн ГУРВАН ХҮНИЙ амь аварчээ

Нийтэлсэн

Өнгөрөгч оны наймдугаар сард 30 настай эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн боловч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан гэх мэдээлэл гарч байв.

Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг холбогдуулан шалгаж, өчигдөр /2025.01.20/ түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял оноожээ.

Анх П.Батчулууныг найман жилийн хорих ял оноох зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд уг хэргийн шүүх хурал өмнө нь хоёр удаа хойшилж байсан юм.

Сануулахад, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолд “Амьгүй донор болж, эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ” гэсэн заалт байдаг. Энэхүү дэмжлэгийг авахын тулд 36 сар улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой байдаг байна.

Гэтэл нийгмийн даатгалын сангаас талийгаачийн /донор/ ар гэрт үзүүлэх оршуулгын зардлын дэмжлэгийг шийдвэрлэж өгөөгүйгээс үүдэж дээрх асуудлыг хөндөж эхэлсэн байдаг ба донор болох саналыг анх тавьсан эмчийг хэрэгт татан шалгажээ.

Харин талийгаачаас авсан эд эрхтэнийг Монголын гурван иргэнд амжилттай шилжүүлэн суулгасан бөгөөд одоогоор эмчилгээ хийлгэж, эмч нарын хяналтад байгаа гэдэг мэдээлэл байна.

Exit mobile version