Нийгэм

“Эрхтэн шилжүүлэхийг нутагшуулсан эмчид алдаатай хуулиас болж ял өглөө”

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, өчигдөр /2025.01.20/ шүүхээс түүнд 2.6 жилийн ял оноожээ.

Энэ үйл явдал бүхэлдээ эрүүл мэндийн салбарынханд хүндээр тусаж, асуудалд зарим хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр тарсан шиг буруу, ташаа ойлголт, батлагдаагүй зүйлс дээр дөрөөлж бүү хандаасай, шүүх шийдвэрээ эргэж хараасай хэмээн байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд “Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон, шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш. Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж, яаралтай сайжруулах ёстой юм байна. Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж, үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй хүний Гавьяат эмч П.Батчулуун эмч юм. Маш олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол? Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Мөн эмч Д.Тодням “Эмч, эмнэлгийн мэргэжилтэн гэдэг бол бүх ард түмний эрүүл мэнд, цаашлаад амь настай холбоотой ажил хийдэг тул тодорхой хэмжээний хуулийн хамгаалалт дор байж ажилаа хийснээрээ буруудахгүй байх баталгааг хангаж өгсөн байхыг шаарддаг. Мөн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийг анхнаас нь эмчлэх л гэж тэрхүү үйлдлийг хийсэн байдаг тул хэзээ ч санаатай, хэрцгийгээр үйлдэгддэг эрүүгийн хэрэг гэж үзэх, Эрүүгийн хэрэгтэнлүгээ адил шийтгэх боломжгүй юм. Учир нь угаасаа л амь тэмцсэн эрсдэлтэй орчинд тэд ажиллаж буй! Нэг хөл энд, нөгөө хөл нь тэнд. Хоёр ертөнц дээр холбож гишгэж явдаг улс.

Бас эмч хүн өөрөө бурхан биш. Чадлаараа хичээгээд ч барахгүй, Эрлэгийн элчийн өмнө хүчин мөхөстөх үе ирдэг. Гэтэл чи хүн эмчлэх ёстой байтал чадсангүй, Чи хүнийг амьдруулж чадсангүй, Чи бусдын төлөө гэж гүйж байж бага алдаа гаргасан байна..,, гээд л энэ мэтээр барьж хориод Эрүүгийн ялтан болгоод байвал хэн таны ээж аавд мэс засал хийж, Хэн таны Эхнэр хүүхдүүдийг чинь үзэж эмчлэх юм бэ? Энэ удаад Гавьяат эмчийг маань бараг л хүний эд эрхтэн авж наймаалах гэмт хэрэг үйлдсэн ухааны юм яриад ШОРОНД ХОРИХ ЯЛ оноожээ!

Энэ бол 1-рт юугаа ч мэдэхгүй хүмүүс сэтгүүлч нэр зүүж, мэргэжлийн ёс зүйг уландаа гишгэн байж шүлсээ үсчүүлэн, иргэдэд нийгэмд буруу мэдээллийг шууд цацаж, Шүүхийн шийдвэр гараагүй байхад шууд нэг хүнийг буруутган нийтээрээ яллах үйл явцийн үр дүн юм. 2-рт манай улсын шүүх, хуулийн байгууллагууд нь хэзээ ч хар дээр цагаанаар бичсэн хууль юмаа сахихгүй, Нийгмийн сүлжээнд шуурж өндөрөө авсан гэх хэргийг энэ мэтээр тэр уур амьсгалд нь тааруулж, өөрсдөөсөө хэл амыг холдуулах маягтай шийддэг арчаагүй байдалтай байгааг харуулж буй хэрэг юм. За эмч нар минь! Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнгүүд минь дор бүрнээ одоо л дуугарахгүй бол өнөөдөр Батчулуун эмчийг, маргааш таныг шүүнэ. Хэзээ ч таныг тойрон гарахгүй гэдгийг л санаарай” гэсэн байна.

Exit mobile version