Улс төр
Богд уулын ашигтай газруудыг эрх баригчид авчихдаг шиг зүйл Хархорумд давтагдах уу
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа “Улаанбаатарт үүсээд байгаа асуудал бол дэд бүтэц байхгүйтэй холбоотой. Шинэ хот байгуулаагүйгээс ийм нөхцөлд орчихсон. Манай улсын хүн амын 67 хувь нь хот сууринд шилжсэн. Хархорум хот байгуулахад хүн амыг татах, төвлөрүүлэх, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэж байгаа вэ? Газрыг ашиглуулах, эзэмшүүлэх зөрүү нь хэр байгаа юм. Хархорум хотод газрыг ашиглуулахаар заачихсан уу, Улаанбаатар хот шиг Богд уулын ашигтай газруудыг эрх баригчдад нь ашиглуулчихдаг байх юм уу. Шинэ хот байгуулах хуульд дэм болсон хүчин зүйлүүдийг тодорхой хэлээд өгөөч” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Ажлын хэсгийн анхаарч байгаа зүйл бол Улаанбаатарт бий болсон алдаануудыг давтахгүй байхаар зорьж байна. Энэ хотын ерөнхий төлөвлөгөөг эцэслэн батлаагүй байна. Газрын тухай хууль, Хот тосгоны тухай хууль, Шинэ зуун мод хотын тухай хуультай нийцүүлэхээр газар зохион байгуулалтыг шийднэ. Шулуухан хэлэхэд Улаанбаатарын алдааг шинэ Хархорум хотод давтахгүй. Хариуцлагатайгаар ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтыг хийх ёстой. Энэ асуудлууд хуульчлагдсан байх ёстой гэж үзэж байна” гэв.