Эдийн засаг

“Дүнжингарав” дагасан МАРГААНЫГ өнөөдөр эцэслэнэ

Нийтэлсэн

1. ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН НЬ УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛОО УСТАХАД НӨЛӨӨЛЖ БАЙНА

 

Монголчууд даяаршлын хөлд уламжлалт өв соёлоо давтуулж бүдгэрсээр байгаа ч Төрөөс энэ тал дээр дорвитойхон арга хэмжээ авсан гэж хэлэхэд хэцүү. Арга хэмжээ авах нь бүү хэл өөрсдөө тушаал шийдвэр гарган, уламжлалт өв соёлоо даяаршлын хөлд давтуулахад дэм болсон гэхэд хэтийдэхгүй. Учир нь Засгийн газраас 2019 оны нэгдүгээр сард “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон” шийдвэр гаргасан.

Энэ бол уламжлалт өв соёлоо боомилж байгаа хэрэг. Монголчууд эрт дээр үеэсээ хурдан морио сойн цэнгэж ирсэн төдийгүй түүнийг дагасан өв соёлоо дээдэлж, түгээж ирсэн түмэн.

Идэр есийн хүйтэнд хурдан морьдоо цантуулан сойж, айл саахалт, баг бүлгээрээ цугларч сунгаа, уралдаан зохион байгуулахаас эхлээд бүхий л түвшинд адуугаараа олон зуун жил наадаж ирсэн түмэн. Шуудхан хэлэхэд үндэстэн оршихын нэгэн том тулгуур багана юм.

Хамгийн эмгэнэлтэй нь бид энд ийнхүү өв соёлоо боомилж байхад Хятадын өөртөө засах орон өвлийн уралдааныг тусгайлан хөгжүүлж, 2024 онд гэхэд өвлийн морины уралдаан дагасан 17 сая жуулчин хүлээн авснаар 23.14 тэрбум юанийн орлого олжээ. Манай улсын нэг жилийн төсвийн гуравны нэг хувийг өвлийн морин уралдаанаас олчихож. Гэтэл бид аялал жуулчлал хөгжүүлнэ гээд хэдэн шавар амбаар, хөшөө босгох төдийхөн ойрыг харж сууна.

Өвөрмонголд өвлийн морин уралдааныг тусгай бодлогоор хөгжүүлж байгаа бөгөөд Шилийн голын Үзэмчин хошуунд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 18-нд хурдан морины уралдаан эхэлж, энэ өвөл болох өвлийн цуврал уралдааны салхийг хагалжээ. Өвөрмонголын морин спортын супер лиг дөрвөн тэмцээнээс бүрддэг. Эхний тэмцээн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлдэг байна. Зөвхөн энэ удаагийн тэмцээнд гэхэд 200 гаруй морьтон оролцохоор бүртгүүлсэн нь өвлийн морин уралдаан, адуу дагасан менежмент хүчтэй хөгжиж байгааг харуулна. Энэ байдлаараа бол тун удахгүй хятадууд монголчуудын адуу дагасан уламжлалт өв соёлыг ЮНЕСКО-гийн соёлын өвд “Биднийх” хэмээн бүртгүүлчихэж мэдэхээр байна. Бидний харалган бодлого, энэ мэт буруу тушаал шийдвэр нь олон зүйлээ алдахад хүргэж байсныг мартаж болохгүй.

Хэдхэн жилийн өмнө цагийн хатуу, цасны нимгэн зузааныг үл ажран уралдаж явсан монголчууд өнөөдөр хөрш зэргэлдээ орныхоо адуу дагасан хөгжлийг шагшран суухаас үл хэтэрнэ. Монголын шилмэл хурд чуулдаг “Дүнжингарав” хэмээх өвлийн уралдаан бол зөвхөн хэдэн хүн наадаж цэнгэх биш олон зүйлийн суурь шалтгаан болсон наадам. Хамгийн наад зах нь өвлийн том жижиг уралдаан дагасан бичил бизнес өрнөж байдаг. Үүнийг дагасан бүхэл бүтэн амьдрал бий. Уг нь уяачид маань нэгэн үе зуны уяа морьдоо “Наран цагийн”, өвлийн уяа морьдоо “Махан тарганы” хэмээн ангилан уралдуулж, мэргэжлийн тал руугаа орох төдийгүй гадаад, дотоодын хүмүүсийг татаад эхэлчихсэн байсныг ийнхүү хориглоод таван оныг үдлээ. Тэгэхээр Засгийн газар уг шийдвэрээ эргэн харж, Монгол Улсын оршин тогтнох нэгэн тулах багана болсон өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд анхаарна гэдэгт найдна.

 

2. ӨВЛИЙН МОРИН УРАЛДААНЫГ ХОРЬЧИХООД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ ЮУГАА  ЯРИНА ВЭ

 

Засгийн газраас үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо дээдэлж, дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын яам хэмээх айлыг засгаас гал таслан байгуулсан. Гэтэл ийм том агуулга бүхий яамыг тусгайлан байгуулсан Засгийн газар нь Өвлийн хурдан морины уралдааныг хориглох шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь өөрсдийнхөө шийдвэрийн эсрэг шийдвэр гаргачихаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө үгүйсгэж, адуу дагасан, дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц өв соёлыг аажимдаа устаж үгүй болоход нөлөөлөхүйц томоохон шийдвэр гаргасан гэхэд болно.

Нөгөө талд Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Гэтэл өвлийн морин уралдаанаа хориглочихоод ийм шийдвэр гаргаж байгаа нь ихээхэн харалган зүйл. Гадны жуулчид нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл, нүүдлийн ахуйг судлах гэж ирдгээс Улаанбаатарын эмх замбараагүй барилгыг үзэх гэж огтхон ч ирдэггүй. Тэр тусмаа нүүдэлчдийн ахуй соёлын томоохон хэсгийг тээж явдаг адуу дагасан өв соёл, морины уралдааныг үзэж сонирхохоор ирдэг юм. Жуулчид “Монголчууд дэлхийн талыг мориор эзэлсэн” хэмээн хошуурч сонирхдог юм билээ.

“Дүнжингарав” өвлийн морин уралдаан болон бусад том, жижиг наадмууд дагасан бичил бизнес өрнөж, эндээс амь зууж байсан олон өрх айл байдаг. Хамгийн наад зах нь тэдний амжиргааг тас цохисон шийдвэр гэдгийг ч дуулгахад илүүдэхгүй. Өвөл уралдахгүй гэдэг нь хүүхдээр мөнгө олдог хэдэн популистуудын л турхираан Засгийн газрыг ийм шийдвэрт хүргэсэн болов уу. Түүнээс монголчууд цагийн дөрвөн эргэлтэд хурдан хүлгээ сойн уралдуулж наадаж ирсэн уламжлалтай. Дээр үеэсээ өвлийн уралдаанд ихээхэн сүжигтэй байсныг гэрчлэх өвгөдийн үг байдаг. Тэд “Жаварт сойсон адуу өлчиржиж, төл мал нь ч товируун болж, ган зуд, байгалийн давагдашгүй хүчийг сөрөн зогсох чадвартай болдог. Хурдан морь унасан хүүхэд жаврын үзүүрт жавхаажиж, хийморь өөдөө, өвчин зовлон тусдаггүй” хэмээсэн нь туйлын үнэн.

Ямартай ч дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болсон нүүдэлчдийн өвөрмөц соёл, адуу, хурдан морь, үндэсний баяр наадам дагасан өвийг хорьчихоод аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярих нь хэтэрхий өрөөсгөл зүйл юм.

 

3. ТӨРӨӨС ӨВЛИЙН УРАЛДААНЫГ ХОРИГЛОХ БУС ӨНДӨР ХЭМЖЭЭНД ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

 

Өдгөөгөөс зургаан жилийн өмнө буюу 2019 онд Засгийн газраас өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэр гарсан нь хэдэн зууны туршид өвөл зунгүй адуу малаа адгуулж, цагийн ямар ч улиралд хурдан морьдоо сойж ирсэн монголчуудын гайхширлыг барсан зүйл болсон болов уу. Эзгүйрч байгаа хөдөөд залуучууд байхын цор ганцхан шалтгаан бол адуу, хурдан морь болчихсон цаг гэдгийг ахмадууд ярьж байхыг олонтаа сонсчээ.

Гэтэл Засгийн газар нь эзгүйрч байгаа хөдөөд залуусыг суурьшуулах тухай ихээхэн ярьдаг. Тэр ч бүү хэл “Залуу малчин” хөтөлбөр ч хэрэгжүүлэх атлаа залуу малчдаа хааж боосон, хөдөөд амьдрах аргагүй шийдвэр тогтоол гаргаж байдаг харалган бодлого явуулж байна гэхэд болно. Нөгөө талд дэлхий дээр үлдсэн цор ганцхан гэж болох нүүдэлчдийн соёл Монгол Улсад л үлдсэн. Тиймдээ ч дэлхий нийт үүнийг л сонирхон, “Монгол Улс” хэмээн зорин ирдэг. Түүнчлэн адуу, хурдан морь дагасан жуулчдын урсгал нэмэгдэж байгааг хөрш зэргэлдээ хятадын өөртөө засах орноос харж болно.

Өнгөрөгч 2024 оны байдлаар ӨвөрМонголын Шилийн гол аймаг адуу, өвлийн уралдааныг хөгжүүлснээр 17.05 сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 23.14 тэрбум юаньд хүрч, 2023 оныхоос 14.3 хувиар өссөн статистикыг бахархалтайгаар гарган тавьсан. Уг нь хятадууд биш монголчууд бид хэдэн тэрбумаар нь биш юм гэхэд хэдэн зуун саяар нь ам.доллар хүүдийлж суух ёстой атал хоосон хөшөө чулуу босгоод аялал жуулчлал хөгжүүлнэ гэж яриад сууж байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Ойрын жишээнээс харахад бидний өв соёлоор мөнгө олж байгаа хөрш хятад бидний энэ өв соёлыг мөдхөн ЮНЕСКО-д бүртгүүлээд “биднийх” гээд авчихаж мэдэхээр харагдана. Мэдээж өвөрмонголчууд бид нэгэн цагт цус нэгт ахан дүүс байсан бол одоо бол яс цус нэг гэхэд хэцүү. Тэд дэлхийн том гүрэн БНХАУ-ын өөртөө засах орон, хятадын иргэн шүү дээ. Тэгэхээр Монгол Улс адуу, хурдан морь дагасан соёлоо улам бүр хөгжүүлэх ёстой. Тэр тусмаа өвлийн хурдан морины уралдааныг төрөөс хориглох бус улам бүр хөхиүлэн дэмжих шаардлага байгааг олон зүйлээс харж байгаа байх. Хориглох бүү хэл улам бүр дэлгэрүүлж бусдад алдахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ.

 

4. ӨВЛИЙН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРТ ХАРИЙН БОДЛОГО ШУРГАЛСАН УУ

 

Монгол үндэстний дархлаа болсон адуу дагасан өв соёлыг устгах харийн бодлого төрд шургалчихав уу гэмээр хардлага төрж байгаа нь Засгийн газар 2019 онд “Өвлийн морин уралдааныг хориглосон” шийдвэр гаргаснаа эргэн харахгүй байгаад оршино. Монгол үндэстэн оршин тогтнох хэдхэн тулгуур хүчин зүйл байгаагийн нэг нь нүүдлийн соёл иргэншил, тэр тусмаа адуу, хурдан морины уралдаан, өвөл зуны наадам юм. Гэтэл ихэс дээдэс маань мэдсээр байж наадам болохоор эрлийз хурлийзаар нь ялгах, өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэр гаргах мэтээр боомилж байгаа нь хардлага төрүүлнэ.

Цаашилбал, Монгол Улсын төрд харийн бодлогыг хэрэгжүүлэн суудаг ихэс дээдэс байгаа юм биш биз гэх хардлага төрнө. Ийнхүү өөрийн үнэт зүйл, өв соёлоо өөрсдөө хааж боож байхад Хятадын өөртөө засах орон өвлийн морин уралдааныг хөгжүүлж, өдгөө бүр жуулчдыг татах гол зүйлээ болгочихсон байна. Тэр ч бүү хэл, жилдээ хэдэн саяар нь жуулчин татаж, зөвхөн өвлийн морин уралдаанаас гэхэд хэдэн арван тэрбумаар нь юань хүүдийлж сууна.

Саяхан л монголчууд “Дүнжингарав” өвлийн морин уралдаанаас эхлээд аймаг сум бүрд өвлийн уралдааныг зохион байгуулж, тэр сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байсан. Энэ нь зөвхөн наадаж цэнгээд, өв соёл түгээхээс гадна өвлийн морин уралдаан дагасан бизнес хөгжиж, цөөнгүй иргэдийн амьдрал ахуйд тус нэмэр болж байсныг Засгийн газар нь дараад авсан.

Одоо тэгэхээр Засгийн газар энэхүү Монгол үндэстний дархлааг сулруулсан шийдвэрээ эргэн харж, засах цаг нь болсон. Тухайлбал, өвөрмонголчууд өвлийн хурдан морины уралдааныг хөгжүүлсэнээр жилдээ хэдэн арван тэрбум юань олж байгаа статистик байдаг. Үүнээс гадна өвлийн хурдан морины уралдаан болон бусад холбогдох үйл ажиллагаа нь орон нутгийн төсөвт ихээхэн орлого төвлөрүүлдэг байна. Өнгөрсөн 2023 оны өвлийн хурдан морины уралдааны үеэр хоёр метр урт хонины махан шорлог, сүүтэй цай,  махан бялуу зэрэг уламжлалт идээ, ундаагаар үйлчилсэн нь жуулчдын сонирхлыг ихээхэн татаж, орлого олсон төдийгүй дараа онд ирэх жуулчдын тоог нэмсэн хэмээн бидний соёлоор бахархаж байхад бид үүнийгээ хорьчихоод юу бодож суугаа юм бол.

Бидэнд хурдан морь дагасан бичил бизнесээ хөгжүүлэх боломж байна. Өмнөд хөршид өрнөж байгаа энэ дагуул бизнесийг хорионд оруулчихсан “Дүнжингарав” өвлийн уралдаан дээр өрнөж эхэлж байгааг харж байв. Тэр үед  малчид маань бог малаа муулан, хорхог шорлог хийхээс эхлээд байрлах байр, идэх хоол, үндэсний өвөрмөц эд агуурс зарахаас эхлээд олон зүйл өрнөж эхэлж байтал өвлийн уралдааныг хориглочихсон юм.

 

5. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨВЛИЙН УРАЛДААНЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРНА БАЙХ

 

Өвлийн морин уралдааныг хориглосон шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сард өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргачихаж. Энэ цагаас хойш зургаан жил өнгөрч, энэ хэрээр адуу, хурдан морины уралдаан дагасан бизнес үгүй болж, өвөлдөө хөдөө эзгүйрч байгааг ярьж байна. Үүнээс том асуудал нь адуу, хурдан морь дагасан өв соёл бүдгэрэхэд ихээхэн нөлөөлж байгаа шийдвэр гэдгийг уяачид ярих болжээ. Монголчууд жилийн дөрвөн улиралд хурдан морьдоо сойж, айлын хүүхдийн даахь үргээх найраас эхлээд Цагаан сар гээд томоохон наадмуудад өвөл, зун харгалзахгүй олон зуун жил уралдаж ирсэн уламжлалтай.

Хөрш зэргэлдээ Хятад өвлийн морин уралдааныг хөгжүүлж, өөрсдийнхөө өмч мэтээр дэлхий дахинаа тунхаглахад ойрхон байна. Өнөөдөр даяаршлын шуурга маш хүчтэй нүдэж, энэ шуурганд жижигхэн Монгол Улс өдий зэрэгтэй тэсэж байгаа нь ерөөсөө нүүдэлчдийн өвөрмөц ахуй, өв соёл юм. Нүүдэлчдийн ахуй соёлын гол цөмийг адуу, хурдан морь тээж явдгаараа бүр ч онцлогтой.

Манай Төрийн ихэс дээдэс бултаараа л үндэсний уламжлалт ахуй соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх тухай ярьж, үүний төлөө тэмцдэг. Тэгэхээр үндэсний уламжлалыг сэргээн дэлгэрүүлэх тал дээр тэргүүн магнайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байдаг учраас гаргасан шийдвэрээ эргэн харж, уламжлалт үндэсний соёлоо хамгаалах тал дээр Засгийн газарт үг хэлнэ байх гэж нийт уяачид найдаж байгаа аж.

Уяачид төдийгүй нийт монголчууд хүсэж байгаа. Нэг сайн мэдээ байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал нарын хэсэг гишүүд өвлийн морин уралдааныг дэмжиж байгааг дуулгаж, хуулийн төсөл хүртэл өргөн барьжээ. Энэ бол яах аргагүй, үндэсний үзэлтэйгээс гадна энэ өвөрмөц ахуйд дөрөөлөн юу хийж болох, болохгүйг сайн мэддэг гишүүд байгаа нь сайн хэрэг. Зөвхөн үндэсний үзлээрээ бахархаад зогсохгүй үүний үнэ цэнийг мэддэг, өөрсдөө моринд ойрхон өссөн, ашиг тусыг нь мэддэг УИХ-ын гишүүд цөөнгүй байдаг байх. Монгол хүний сонгож босгосон Монгол төр юм бол Монголын уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээж таарна.

Exit mobile version