Нийгэм

Торгууль нь 450,000-аас дээш гарсан бол автомашиныг журамлана

Нийтэлсэн

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хэдэн сая төгрөгөөр хуримтлуулсан жолооч олон байгааг мэдээлж байсан. Олон жил төлөгдөөгүй энэхүү торгуулийг төлүүлэхийн тулд тусгай арга хэмжээ авч эхлээд байгаа.

Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн автомашины торгуулиа хугацаанд нь төлөөгүй, ноцтой зөрчил гаргасан жолоочийн эрхийг хасах, торгуулийг албадан төлүүлэх арга хэмжээ авсаар байна. Өөрөөр хэлбэл, тухайн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээсэн бол 15 хоногийн дотор торгуулиа төлөх үүрэгтэй. Гэтэл 15 хоног байтугай долоон жил торгуулиа төлөөгүй олон мянган жолооч байгааг дурдаж байсан.

2017 оны долдугаар сарын 1-нээс 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 313 мянга гаруй жолооч тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй байгаа тухай тоон мэдээллийг албаныхан өгч буй.

Тодруулбал, долоон жилийн хугацаанд 3-10 удаагийн торгуулиа төлөөгүй 292,259 иргэн замын хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд эдгээр жолооч нарын торгуулийн мөнгөн дүн нь 36.103.164.000 төгрөг болжээ.

НИЙТ 313 МЯНГАН ЖОЛООЧ 70 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ

Тэгвэл 11-20 удаагийн торгуультай 51 мянга гаруй иргэн байгаа бол 21-30 удаагийн торгуультай 12,358 иргэн байна. Мөн 51-100 удаагийн торгуультай 2,326 иргэн байгаа бол 100-200 удаагийн торгуультай 519 иргэн байна гэсэн судалгаа байгаа аж.

Энэ мэт 3-200 хүртэлх удаагийн торгуультай 313,818 иргэн бий. Эдгээр иргэдийн торгуулийн мөнгөн дүн нь 70 тэрбум, 899 сая 763 мянга 500 төгрөг болсон байна.

Тээврийн цагдаагийн албанаас эдгээр жолооч нарын торгуулийг төлүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байна.

Тухайлбал, замын хөдөлгөөнд оролцож байхад зогсоож торгуультай байвал тухай бүрт нь торгуулийг төлүүлж байгаа аж. Мөн камерын хяналт, зарим тохиолдолд гэрийн хаягаар дуудаж, торгуулийг нь төлүүлэх арга хэмжээ авах болжээ.

Хэрэв жолооч торгуулиа төлөх боломжгүй байвал шинэ мөрдөгдөж буй журмаар албадан ажил хийлгэж8 торгуулийг барагдуулна. Мөн тухайн жолооч 450 мянгаас дээш торгуультай байвал тээврийн хэрэгслийг журамлаж, жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж торгуулийг төлүүлэх арга хэмжээ авахаар болсон. Тодруулбал, жолооч нэг өдөр найман цаг ажиллана. Нэг өдрийн ажлын хөлсийг 15 мянган төгрөгөөр тооцох аж. Мөн жолоодох эрхийг нэг жилээр хасах юм байна.

Одоогийн байдлаар журам хэрэгжиж эхэлснээс хойш 200 гаруй жолооч нэг жилээр эрхээ хасуулжээ. Дээрх жолооч нар дээр аж ахуй нэгж байгууллагууд бас нэмэгдэнэ. Долоон жилийн хугацаанд албаны тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй 134,280 ААН, 26 тэрбум 216 сая 511 мянган торгуультай байгаа ажээ.

Exit mobile version