Дэлхий

Маск, Безос нар сансрыг хэрхэн булаалдаж байна вэ!

Нийтэлсэн

Цахим худалдааны “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сансарт анхныхаа пуужинг хөөргөхөд 25 жил зарцуулжээ. Харин түүний өрсөлдөгч Илон Маскт ийм зорилгод хүрэхийн тулд зургаахан жил шаардагдсан байна.

Энэ сарын 20-нд Капитолийн ордны дугуй танхимд болсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд зөвхөн сонгогдсон цөөн тооны хүмүүс оролцсоны дунд Илон Маск, Жефф Безос нар байсан. Харин сансрын уудмын төлөөх өрсөлдөөний талбарт Безосын “Blue Origi”n компани Маскийн “SpaceX” компанитай эн зэрэгцэхгүй.

Жефф Безос цахим худалдааны “Amazon” корпорацынхаа ачаар асар их хөрөнгөтэй болсон. Тэрбээр олсон хөрөнгөөрөө “Blue Origin” компанийг 25 жилийн өмнө байгуулж байв. Тус компани энэ оны нэгдүгээр сарын 16-нд задгай сансарт анх удаа зөөгч пуужин амжилттай хөөргөсөн билээ. Харин Илон Маск “SpaceX” компаниа 23 жилийн өмнө байгуулсан ч ижил зорилгод хүрэхийн тулд зургаахан жилийн зарцуулав.

Өнгөрсөн онд “SpaceX” нийт 133 удаагийн пуужингийн туршилтын амжилттай явуулснаас дэлхий даяар дэлхийн тойрог замд гаргасан нийт ачааны 85 хувийг нь дангаар тээвэрлэжээ. Ийм үр дүн компанийн санхүүжилтийн арга хэлбэртэй зарим талаараа холбоотой. Безос саяхныг хүртэл компанид өөрийнхөө хөрөнгийг оруулах замаар пуужингийн технологи хөгжүүлэлтэд тооцоололттой ханджээ. Харин Маск үйл ажиллагааныхаа гараан дээр хязгаарлагдмал боломжтой байсан тул аливаа бүтэлгүйтэл жинхэнэ сүйрэл болох байлаа. Гэхдээ тэр Цахиурын хөндийн сонгодог загвар болох “хий, алдаан дээрээ суралц” гэсэн бизнесийн зарчмыг баримталсан байна.

“SpaceX” компанийн инженерүүд сунаж унатлаа ажилладаг. Харин “Blue Origin” ажилтнууддаа тогтвортой байдлыг санал болгодог гэж Quilty Space компанийн шинжээч Калеб Квилти ярьжээ. Харин хожим нь тус компани тогтвортой байдалд хэт их санаа зовдог болох нь харагдсан гэв.

Хөрөнгө оруулалтын “Space Capital” компанийн шинжээч Чад Андерсоны тооцоолсноор, Безос “Blue Origin” компанидаа 14.6 тэрбум ам.доллар оруулсан бол Маск анхны “Falcon 1” зөөгч пуужин бүтээхэд 100 сая ам.доллар заржээ. Санхүүжилтдээ зориулж тэр өөрийнхөө “Zip2” болон “PayPal” компаниудыг 307 сая, 1.5 тэрбум ам.доллароор тус бүр худалдсан байна. Гэхдээ Маск Пентагон болон НАСА агентлагтай гэрээ байгуулж, нэмэлт санхүүжилт авч байсан. 2006 онд НАСА агентлаг “Falcon 9” зөөгч пуужин бүтээхэд нь зориулж “SpaceX” компанид 278 сая ам.доллар гаргаж байсан бол 2008 онд Олон улсын сансрын станцад ачаа хүргэх тухай 1.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байлаа. “Blue Origin” компани хожим нь НАСА агентлагтай мөн гэрээ байгуулж байв.

Ийнхүү төртэй томоохон гэрээнүүд байгуулснаар “SpaceX” хувийн захиалагч болон холбогдох сонирхол бүхий хөрөнгө оруулагчдыг татаж чаджээ. Маскийн компани нийт 9.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө төвлөрүүлсэн байна. Маск тус компанийн хувьцааны 42 хувийг эзэмшдэг байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар, тус компанийн нийт хувьцаа 350 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байжээ. Forbes USA үнэлгээгээр, Илон Маск 434 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг итгэлтэйгээр тэргүүлж байгаа бол Безос хоёр бичигдэж байна. Түүний хөрөнгө 239 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.

Маск ч тэр, Безос ч тэр нэг л зорилгод тэмүүлж буй. Тэр нь олон удаа ашиглах боломжтой зөөгч пуужин бүтээх замаар сансрын нислэгийг өртгийг бууруулж, улмаар хүн төрөлхтөнд од эрхэст хүрэх боломж олгох зорилго юм.

Сүүлийн үед “SpaceX” компани үйл ажиллагааныхаа хэмнэлийг эрчимтэй нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2017 онд тус компани “Falcon 9” зөөгч пуужинг 18 удаа, 2022 онд 60 удаа хөөргөж байжээ. Харин өрсөлдөгч “Blue Origin” компани “New Glenn” зөөгч пуужингаа 2020 онд хөөргөхөөр төлөвлөж байсан ч хойшлуулаад байна. 2021 онд тус компани “New Shepard” пуужингийн тусламжтай дэлхийн дэд тойрог замд нислэг үйлдэж, сансрын аялал жуулчлалын үйлчилгээнийхээ эхлэлийг тавьж байв. Түүнээс нэг жилийн дараа “SpaceX” компани НАСА агентлагийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад хүргэж өгч байлаа. Гэхдээ Безост бахархах зүйл бий. Сансарт хэзээ ч нисэж байгаагүй Маскийг бодвол Безос анхны “New Shepard” нислэгтээ оролцож байжээ.

2021 онд Безос “Amazon” компанийн ерөнхий захирлын албан тушаалаа орхиж, “Blue Origin” компаниа хөгжүүлэхэд өөрийгөө зориулах болсон. Хэдийгээр анхныхаа пуужинг сансарт хөөргөхийн тулд 25 жилийг зарцуулсан ч “Blue Origin” ирээдүйд олон тооны нислэг зэрэг үйлдэх дэд бүтцийг хэдийн байгуулаад байна. Харин “SpaceX” компани дэлхийн тойрог замд анх гарснаасаа хойш дэд бүтцээ алхам алхмаар байгуулж эхэлжээ.

Безосын компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсний дүнд 2025 онд 100 гаруй Be-4 хөдөлгүүр болон жилд 12 сансрын нислэгт ашиглагдах олон тооны зөөгч пуужин үйлдвэрлэх боломжтой болоод байна.

Сансар судлалын салбар “Blue Origin” компани сансарт ачаа хүргэх салбарт “SpaceX” компанийн тогтоосон монополыг эвдэнэ хэмээн найдан, харж байна. “Blue Origin” компанийн ажилтны ярьснаар, “New Glenn” зөөгч пуужин “Falcon 9” пуужинтай харьцуулахад хоёр дахин илүү ачаа тээвэрлэх хүчин чадалтайгаас гадна өртөг нь мөн харьцангуй бага аж.

Харин “SpaceX” компани том оврын “Starship” хөлгийн туршилт дээр ажиллаж байна. 122 м өндөр сансрын хөлөг тус компани “Starlink” хиймэл дагуулын сүлжээг өргөтгөх боломж олгох ёстой. Пуужин хөөргөхөөс илүү ашиг авчрах энэ төсөл амжилттай болохыг хөрөнгө оруулагчид тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой. Хиймэл дагуулын интернэт хөгжүүлэх нь сансрын нислэгээс илүү ашиг авчрахыг Маск шууд л ойлгожээ.

Morgan Stanley шинжээчдийн үнэлгээгээр, өнгөрсөн онд “SpaceX” компани нийт 14.2 тэрбум ам.долларын орлоготой ажилласнаас 65 хувийг нь “Starlink” сүлжээнээсээ олжээ. Шинжээчдийн таамгаар, “Starlink” сүлжээний ашиг 2030 онд 48 тэрбум ам.долларт хүрч, 83 хувийн цэвэр ашиг нь 16 тэрбум ам.долларт хүрнэ.

Гэтэл “Blue Origin” компанийн бизнесийн ирээдүй өнөө хэр нууцлаг хэвээр. Тус компани “Starlink” сүлжээтэй өрсөлдөх хиймэл дагуулын интернэт сүлжээг байгуулж байгаа компаниудын хиймэл дагуулыг хөөргөх олон тооны гэрээ байгуулжээ. Тэдний тоонд “Kuiper” сүлжээг байгуулж байгаа “Amazon” компани орж байна. Үүний сацуу, АНУ-ын засгийн газар цэргийн зориулалттай хиймэл дагуулах хөөргөхөд “Blue Origin” компанид найдвар тавьж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус компани НАСА агентлагаас мөн санхүүжилт аваад байна.

Безосын эцсийн зорилго нь “Blue Origin” компанийнхаа нөөц боломжийг ашиглан сансрын эдийн засгийг бий болгох явдал. Энэ хүрээнд үйлдвэрлэлийг задгай сансарт шилжүүлж, дэлхийн экологийг сэргээх боломжийг бүрдүүлэх юм.

Exit mobile version