Улс төр

Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” санг байгуулав

Нийтэлсэн

Төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой өчигдөр /2025.02.02/ тохиож байна. Энэ өдөр Монгол Ардын Намын дэргэд “Анхны долоо” хэмээх санг байгууллаа.

Энэхүү арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болсон бөгөөд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар болон Намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, мөн Засгийн газар, УИХ-ын гишүүн байсан хүндтэй эрхмүүд оролцов.

Түүнчлэн Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга нар, зөвлөхүүд, бусад удирдах албаны хүмүүс, их Жанжны гэр бүлийнхэн, Монгол Ардын Намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Сангийн нээлтэд оролцсон Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Бид түүхэндээ үргэлж хүндэтгэлтэй хандах болно” хэмээн онцлов. Тэрбээр цааш нь “Цогтой эх оронч, Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний ойн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол Ардын Нам анхны долоогийнхоо түүхтэй хамт байна. Түүхэндээ хүндэтгэлтэй хандсан улс бүхэн илүү удаан хугацаанд оршин тогтнодог. Тийм учраас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан тогтолцоо үеийн үед оршин тогтнох үзэл санааг Монгол Ардын Нам маш томоор харж байна” гэлээ.

Түүхэнд 1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын намтар, замнал, улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан үйл хэргийн тухай тэмдэглэсэн байдаг билээ.

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар  анхны долоогийн түүхэн гавьяаг хүндэтгэж, энэхүү санг байгуулж буйгаа“Анхны долоо” сангийн арга хэмжээг нээхдээ онцлов.

Тэрбээр “Их Жанжныхаа төрсөн өдрөөр байгуулсан сан нь тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучууд руу чиглэсэн зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулна. Эхний ээлжинд 100 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлаж байгаа юм. Тэднээс 20 хүүхдийг гадаадад, 80 хүүхдийг дотоодод сургахаар зорьж байна” хэмээв.

Мөн “Анхны долоо” сан нь үндсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Х.Алтай товч танилцууллаа.

Exit mobile version