Улаанбаатар

2020 онд орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ давах төлөвтэй байна

Нийтэлсэн

2020 онд орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ их байх төлөвтэй байгааг  онцолж байна. Тухайлбал энэ онд хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төсөвт Засгийн газраас 60 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан юм.

Энэ нь 2019 онтой харьцуулахад 50 гаруй тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Энэхүү санхүүжилтийн тогтолцоогоор ипотекийн зээлийг үргэлжлүүлэхэд энэ онд 900 гаруй зээлдэгчийн асуудлыг шийдвэрлэх төлөвтэй байгааг “Барилга.МН” тооцоолжээ.

Үүнээс харахад 2020 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад маш цөөн өрх ипотекийн зээлд хамрагдахаар болж байна. 2019 оны 12 дугаар сард ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг 1365 зээлдэгчид олгосон талаар мэдээлж байсан юм. Харин жилээр нь авч үзвэл 2019 онд нийт 6476 өрх хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай болжээ.

“Тэнхлэг зууч”-ийн мэдээллээр 2019 оны 12 дугаар сарын байдлаар захиалга авч байгаа 36 мянга гаруй айлын шинэ орон сууц зах зээлд байна. Үүнээс харахад ипотекийн зээл санхүүжилтийн хомсдолд орсноор зах зээлд борлуулахад бэлэн байсан 30 мянга гаруй орон сууцны борлуулалт саарахаар байгаа аж. Мөн барилгын шинэ төслүүд зогсонги байдалд шилжих төлөвтэй байгааг “Засгийн газрын мэдээ” сонин мэдээлж байсан юм.

Түүнчлэн “Хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн барилгын салбараа дэмжих зайлшгүй шаардлагатай. Гэтэл нийгмийн эрэлт хэрэгцээ болсон найман хувийн хүүтэй орон сууцны зээл улам хумигдаж эхэллээ. Дундаж давхаргаа дэмжихэд уг бодлогын ач холбогдол маш чухал” гэж эдийн засагч Ч.Хашчулуун байр сууриа илэрхийлж байв.

Салбарын яамны мэдээлснээр ипотекийн зээл хамрагдах хүсэлтэй 70 мянга гаруй өрх байгаа аж. Хэдий тийм боловч 2016 оноос хойш ипотекийн санхүүжилт бага багаар хумигдсаар 2020 оны байдлаар цөөн тооны өрх ипотекийн зээлд хамрагдахаар байна.

Exit mobile version