Нийгэм

“Сино хайдро”-г сэжиглэсэн сэжим…

Нийтэлсэн

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй “Сино хайдро корпорэйшн” ХХК-ийн ажилтнууд 10-аад хоногийн өмнөөс ажиллаж, амьдрах орчин муу, цалинг 30%-иар нэмэгдүүл гэдэг  шаардлага тавьж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн.

Энэхүү эсэргүүцэл, үл ойлголцын цаана Монгол ажилтнууд, Хятад компани, цаашлаад гаднын хөрөнгө оруулалт, эсэргүүцэгчид, хоёр улсын хоорондын харилцаа гээд олон асуудал бий.

Тиймээс бид бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгааг олон нийтэд хүргэхээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг зорьсон.

Бидний очих газар бол Гурвантэс суманд байдаг Овоот толгой дахь нүүрсний уурхай. Энэ нь “Саус гоби сэндс” ХХК”-ийн талбай бөгөөд “Сино хайдро корпорэйшн” туслан гүйцэтгэгчээр нь ажиллаад 1.7 жил болж байгаа юм билээ.

Өдгөө 600 гаруй Монгол ажилтан, уурхайчин, Хятад улсын 200 орчим иргэн ажиллаж буй, салбартаа бол шинээр оршин тогтнож байгаа уурхайн төсөл гэж хэлж болно.

Гэхдээ “Сино хайдро корпорэйшн” компанийн хувьд 2013 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн Овоот толгой төслийн хувьд шинэ гэсэн үг.

Гэсэн хэдий ч 2023 оноос Овоот толгой төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлснээс хойш 121 тэрбум 469 сая 925 мянга 253 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Энэ хэрээр манай улсад төлөх ёстой татвар, шимтгэлүүдийг хуулийн дагуу төлсөөр иржээ. Мөн тус компанийн хувьд Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл, “Тавантолгой-Манлай, Ханги” чиглэлийн хүнд даацын авто зам, Говь-Алтай аймаг дахь “Тайширын усан цахилгаан” станц гээд олон төсөлд бие даан болон туслан гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай.

Харин энэ удаа “Овоот толгойн” нүүрсний уурхайн төслийг хэрэгжүүлэх явцад ийн асуудал үүсчээ.

Төлөвлөгөөт ажлыг мэдсээр байж…

Уурхайчин, ажилтнуудын эсэргүүцлээ илэрхийлэх болсон шалтгаануудаас дурдвал, ажиллаж, амьдрах орчин маш муу, хоолны газар болон бие засах газар хүний хэрэгцээ, шаардлага хангахгүй байна, цалин бага, хятад ажилтнуудаас бага цалин авдаг, хятад ажилтнууд монголчуудыг дээрэлхэдэг, одоогийн цалинг 30%-иар нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавьсан байдаг.

Бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа нь тун чухал. Тэр утгаараа уурхайн талбай болон тэдний орчин нөхцөл ямар байгааг мэдэхээр сэтгүүлчид хөлгийн жолоо залсан хэрэг.

Уурхайчид хуулийн дагуу ээлжээр 14 хоног ажиллаж, амардаг. “Сино хайдро корпорэйшн” компанийн уурхайн кемп 6000 мкв-т талбайтай юм билээ. Тэнд ажилтнууд болон зочдын амрах байр, оффисс, хоолны газар, эмнэлэг, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх спорт заал, уурын зуух гэхчлэн обьектууд бий.

Ажилтнуудын амрах байрны тухайд бусад жишиг уурхайн адил Монгол Улсын стандартад нийцүүлэн барьж, тохижуулсан бөгөөд хүний хэрэгцээнд нийцүүлэн хэрэглээний болон уух халуун, хүйтэн усаар хангаж, угаалгын газар, хоолны газрыг гэрээт катерингийн компаниар гүйцэтгүүлж байгаа аж.

Эсэргүүцлээ илэрхийлсэн уурхайчдын хэлээд байгаа хоолны болон бие засах газар нь “аймшгийн” гэдэг нь уулын хэсэгт байрладаг байсан юм билээ.

Өөрөөр хэлбэл, уулын хэсэг кемпээс 300 орчим метрийн зайд байрладаг. Ээлжийн ажилдаа гарсан уурхайчид түр амсхийж хооллох хэсэг. Харин тус компани биднийг очиход тухайн хэсгээ буулгахаар зэхэж байсан. Учир нь, тэдний шинээр барьсан хоолны  болон бие засах газар, автомашин, механизмын засварын хэсэг бэлэн болж, ашиглалтад оруулж эхлээд байсан юм.

Гэхдээ ажилтнуудын зүгээс гэнэт ингэж шинийг бариагүй гэдгийг онцолж байна билээ.

“Сино хайдро корпорэйшн” компани тус төслийг эхлүүлсэн цагаас төлөвлөгөөний дагуу ажилтнуудын тохь, тухтай орчныг сайжруулахын тулд бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлсээр иржээ. Энэ дагуу дээрх шинэ хоолны газар, биз засах газар, душ, засварын хэсгийг барьж дуусгасан байна.

Харин газар нутгийн онцлог, хил, гаалийн зарим асуудлаас болж сар орчмын хугацаа алдсан гэдгээ уурхайн удирдлагууд хэлж байсан. Түүнчлэн бидэнтэй уулзсан зарим ажилтан цахим сүлжээнд цацагдаад байсан “аймшгийн” гэх газрыг угаасаа түр хэрэглэнэ гэдгийг бид мэдэж байсан, мөн өнгөрсөн 2024 оны долоодугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг харж байсан гэдгээ тайлбарлаж байсан юм.

Мэдээж уурхайчдын хувьд гэр орноосоо хол байдаг учраас өвдөх, сэтгэл тавгүйрэх үе бишгүй. Тиймээс ч шаардлагад тус уурхайг эмчгүй гэсэн биз. Гэхдээ “Овоот толгойн” кемпэд эмч нь ажлаа хийж байна лээ. Нэг эмч нь богино хугацаанд чөлөө авч эзгүй байсныг удирдлагууд нь ч хүлээн зөвшөөрч байна билээ.

Харин нэг зүйл байсан нь уурхайн эмч анхан шатны тусламж үзүүлж, дараагийн шатлалын эмнэлэг рүү хүргэдэг гэдгийг зарим уурхайчин ойлгохгүй тохиолдол гардаг гэдгийг кемп менежер Б.Пагма болон эмч нь тайлбарласан.

Уурхайчид хүнд, хүчир ажил хийхийн хэрээр шим тэжээллэг хоол идэх ёстой. Компанийн зүгээс хоол үйлдвэрлэл болон угаалга, цэвэрлэгээний ажлыг бусад уурхайн жишгээр катерингийн компаниар гүйцэтгүүлдэг. Тухайн өдрийн хоолны меню болон илчлэг, калори зэргийг бүгдийг ил бичиж, ажилтнуудын өмнө өлгөжээ.

 

Мөн уурхайчдын амрах цагт саад болохгүйгээр цэвэрлэгээгээ хийж, ая тухтай байдлыг нь ханган ажилладаг. Энэ бүхнийг гэрээний үүргээр тодорхой заачихсан байдаг аж.

Ер нь бол уурхайчдын хамгийн их эсэргүүцэл дээрх нөхцөл байдлууд бус цалин, хөлс гэдэг нь хэнд ч тодорхой байсан.

Тиймээс бид тус компанийн дотоод асуудал руу боломжийн хэрээр “өнгийсөн”.

Хятад ажилчид яагаад илүү цалин авдаг вэ…

Дээр тус төсөлд 200 орчим хятад ажилтан байгааг бид дурдсан. Тэгвэл тэдгээр ажилтнууд гэрээгээр Монгол Улсад зургаан сар ажиллахаар ирдэг. Ингэхдээ 20 хоног амардаг аж.

Харин Монгол уурхайчин, ажилтнууд 14 хоног ажиллаад, 14 хоног амарна. Ингээд харахаар монголчуудын 14 хоногт авч буй цалин хятад ажилтнуудын цалингаас харин өндөр гэдгийг санхүүгийнх нь зүгээс тайлбарласан. Хятад ажилтнууд бүтэн сар амралтгүй ажилладаг учраас гар дээр авч байгаа нь арай их мэт харагддаг аж.

Түүнчлэн “Сино хайдро корпорэйшн” уурхайчиддаа ажилласан жилийн нэмэгдэл, ирцийн урамшуулал, унааны мөнгө гэхчлэн бусдаас илүү давуу нэмэлт цалин бодож өгдөг гэдгийг ч хэлж байна билээ. Тодруулбал, та тухай байгууллагад нэг жил ажилласан бол 100 мянган төгрөг цалин дээрээ авна. Мөн орон нутгаас ажилладаг бол ажлаас буухад тань нийслэлд хүргэж өгсөн ч дахиад цааш өөрийн аймаг руугаа явах унааны зардлыг олгоно. Хэрвээ та ажилдаа хоцрохгүй, таслахгүй байвал мэдээж ирцийн урамшуулал авна гэхчлэн олгосоор ирсэн байна.

Энэ удаа уурхайчид цалинг 30% нэмэх шаардлага тавьсан. Компанийн зүгээс тодорхой хувиар нэмэх ч яг 30% боломжгүй гэдэг тайлбар өгөөд байгаа аж. Учир нь “Сино хайдро корпорэйшн” бол БНХАУ-ын төрийн өмчит “Повер Чайна” компанийн охин компани.

Тэр ч утгаараа толгой компани жилийн өмнөөс бүх төлөвлөгөөгөө гаргаж, батлан, нэмэгдүүлэх хувиа тохирсон байдаг. Түүнээс хэн нэгэн эсэргүүцэгч гарч ирээд “чанга” дуугарахад шууд цалин нэмэх тухай ойлголт байдаггүй.

Бүр тодруулбал, тэд олон улсад үйл ажиллагаа явуулдаг шигээ бүх зүйлийг хууль, дүрэм, журмын дагуу хэрэгжүүлсээр иржээ. Тиймээс компанийн удирдлагууд болон уурхайчид хэлцлийн ширээнд сууж, асуудлыг эцэслэхээр төлөвлөөд байгаа.

Харин зарим тохиолдолд хэн, хэн нь гэдийдэг. Яагаадыг дараагийн дугаарт үргжлүүлэн хүргэнэ….

 

Exit mobile version