Нийгэм
2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулна

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалт, барилгын асуудлаар санал солилцов. Уулзалтын хүрээнд, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн танилцуулга, “Hunnu smart city” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлтийн талаар мэдээлэл хийлээ
Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 44 хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээ хүртээмжгүй бүсэд амьдарч байна. Улаанбаатар хотын зүгээс 2040 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлуулах гээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа. Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсанаар нийт хүн амын 84 хувийг орон сууцанд, үлдсэн 16 хувийг амины орон сууцанд гэдэг байдлаар төлөвлөн ажиллаж байна. Иргэдийг тохь тухтай орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн дэмжлэг, бодлого зохицуулалтаар үргэлжлүүлнэ. 2028 он гэхэд 76 мянган айлыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа.
Вьетнамын ROX группийн хувьд үл хөдлөх хөрөнгө, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, иргэдэд мэдээлэл технологийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг томоохон групп юм. Англи, Франц гээд дэлхийн олон оронд зочид буудал, банк санхүү, үл хөдлөхийн хөрөнгө оруулалтыг хийсэн төдийгүй 400 гаруй төслийг хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд, Кыргызстанд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
