Улаанбаатар

Нийслэлийн шуурхай штабын удирдлагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллалаа

Нийтэлсэн

Нийслэлийн Шуурхай штабын дарга, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа.

Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээнүүдийг шийдвэрлэлээ.

Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоонуудын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.

Үүнд:

  1. Өлзийт товчооны байрыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
  2. Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагаас анхаарч, зохих арга хэмжээг авах.
  3. Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
  4. Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
  5. Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах арга хэмжээг авахаар боллоо.
Exit mobile version