Дэлхий
Трамп: Украин нэг л өдөр Орос болж магадгүй
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2025/02/trump.png?v=1739329813)
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг нэг л өдөр Орос болж магадгүй гэж хэлжээ. Энэ үг нь барууны дэмжлэгтэйгээр Оросын эзлэн түрэмгийллээс гурван жилийн турш өөрийгөө хамгаалсан улсын ирээдүй, тусгаар тогтнолд эргэлзээ төрүүлэв.
Тэрбээр “Fox News”-т Даваа гаригт ярилцлага өгөхдөө “Украинчууд хэлэлцээр хийж ч магад, хийхгүй ч магад. Тэд нэг л өдөр Орос болж магад, болохгүй ч байж магад” гэжээ.
Мөн Украинд үзүүлсэн АНУ-ын тусламжийн үр өгөөжийг хармаар байгаагаа онцолсон байна. Тусламжийн хариуд Украины газрын ховор ашигт малтмалыг авах санаатай байгаагаа тэр үүгээр илэрхийлсэн аж. Нарийн хэлбэл, Трамп 500 тэрбум ам.доллартай дүйцэх ховор нөөцийг Украинаас хүсч байна. “Би тэдэнд хэлсэн, бид ямар нэг юм авах ёстой гэж. Бид үргэлжлүүлэн мөнгө өгөөд байж чадахгүй” гэж Трамп хэлжээ.
Трампийн хэлсэн үгний талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад “Украины багагүй хэсэг нь Орос болохыг хүсч байгаа. Аль хэдийнэ Орос болчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Хүмүүс олон аюулыг үл харгалзан дараалалд зогсож байж Орост нэгдэх тухай бүх нийтийн санал асуулгад саналаа өгсөн. Энэ нь ерөнхийлөгч Трампийн үгтэй нийцэж байна” гэжээ.
Одоогийн байдлаар Украины газар нутгийн тавны нэг орчим хувь нь Оросын хяналтад байгаа гэж үздэг. Эзлэгдсэн дөрвөн бүс нутаг болох Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудыг Оросын нутаг дэвсгэрт хууль ёсны дагуу харьяалуулахын тулд ОХУ 2023 онд хуурамч санал асуулга хүртэл явуулсан.
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2020/01/logo-white-PNG.png)