Улс төр
Баяр далимдуулж бэлэг тараахгүй байхыг уриалав
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2025/02/sainzorig-2-810x500-1.jpg?v=1739507067)
Цагаан сар дөхөхөөр УИХ, Засгийн газрын гишүүд тойргийнхоо ахмад настнуудад тавгийн идээний ул боов, цаг тооны бичиг, торго дурдан,чихэр жимс, халуун сав, аяга тарааж ая тал засдаг.
Мөн Улсын аварга малчин, тариаланч нарын шагналыг гардуулах үеэрээ ч гарын бэлэг нэрийн дор мөнгө төгрөг өгдөг. Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг баяр ёслол тааруулж бэлэг сэлт тараахгүй байхыг УИХ-ын гишүүд болон шат, шатнаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч нарт уриаллаа. Энэ талаараа тэрбээр “126 гишүүнтэй шинэ парламент 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийн УИХ-ын 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байдаг.
Тус хөтөлбөрийн Авлигагүй засаглал бүлгийн 4.2.1.7-д “Улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулж, сонгогчдын саналыг худалдан авах аливаа ажиллагааг зогсооно” гэсэн зорилгыг УИХ-ын гишүүд дэвшүүлсэн. Иймд сонгуулийн болон сонгуулийн бус цаг хугацаанд энэ зорилтыг хангахын төлөө гишүүд үлгэрлэж харуулах ёстой, бас үүрэгтэй. УИХ-ын тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй. Элдэв баяр ёслол тааруулж иргэдэд Эрээнд үйлдвэрлэсэн бэлэг сэлт, халуун сав, аяга, торго дурдан, өөрийн зурагтай цаг тооны бичиг, чихэр, хүнс гэх мэтийг тараахаа бүр мөсөн зогсоохыг УИХ-н гишүүддээ уриалмаар байна. Шат шатанд сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдөдөө бас уриалмаар байна” гэж мэдэгдсэн юм. Ер нь бол өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуультай жилээс бусад үед гишүүд тойрогтоо битүү бэлэг тарааж иржээ.
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2020/01/logo-white-PNG.png)