CGTN мэдээ
Түүхэн ололт амжилтаар бялхсан гайхамшигт Харбины Азийн өвлийн наадам
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2025/02/1739541868093_107.png?v=1739624756)
Уг наадамд Азийн 34 улс, бүс нутгийн 1200 гаруй тамирчин авхаалж самбаа, хүч чадал, ур чадвараа сорьсноос зохион байгуулагч БНХАУ-ын тамирчид 32 алтан медаль хүртэн наадамд тэргүүлсний сацуу 2011 онд Астана-Алматыд болсон Азийн өвлийн VII наадмаас Казахстан улс хамгийн олон алтан медаль хүртсэн түүхэн амжилттай зуузай холбосон юм. Харин Өмнөд Солонгос 15 алт, Япон есөн алтан медаль хүртсэнээр Харбины Азийн өвлийн наадамд хоёр болон гуравдугаар байрт орлоо.
Харбины энэ наадам нь оролцсон төлөөлөгчид болон өрсөлдсөн тамирчдынхаа тоогоор хамгийн том Азийн өвлийн наадам болж түүхэнд бичигдэн үлдлээ.
Баасан гарагийн орой Харбины Олон улсын үзэсгэлэн, хурал болон спортын төвд болсон “Хавар Харбиныг дулаацуулж, Хайраар Азийг хөглөнө” уриан дор болсон ес дэх удаагийн Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Күүкийн арлуудын Ерөнхий сайд Марк Браун тэргүүтэй гадаадын хүндэт зочдын хамт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян оролцсон бол Азийн Олимпын Зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Тимоти Фок Цун-тин наадмыг хаасныг албан ёсоор зарлан тунхагласан юм.
Тимоти Фок Цун-тин Азийн өвлийн наадмыг гайхамшигтай сайхан зохион байгуулсан Харбин хотод талархал илэрхийлээд “Харбин бол үзэмж төгс үзэсгэлэнт байгаль төдийгүй нутгийн иргэдийн халуун дулаан уур амьсгал болон найрсаг байдлаараа онцгойрсон, Хятад улсын төдийгүй дэлхийн сэтгэл татам хэсгүүдийн нэг гарцаагүй мөн” гэсэн юм.
Харбины Азийн өвлийн наадам олон улсын албаны хүмүүс болон оролцогчдын магтаал сайшаалыг ихэд хүртсэн наадам болж өнгөрөв.
Тухайлбал, Азийн Олимпын Зөвлөлийн ерөнхий захирал Хусейн Аль Мусалламын хэлснээр, Харбины Азийн өвлийн наадам нь Азийн олон төрөлт спортын арга хэмжээнүүдэд “жишиг” тогтоож өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Манай тамирчид энд жаргаж өрсөлдлөө, тэд Харбин хотод дахин ирэхийг хүсэж байна. Харбин хот 18 сарын дотор барилга байгууламжуудыг маш амжилттай бэлтгэж, хүн бүрд ая тухыг мэдрүүлэхийн тулд нарийн ширийн зүйлст ч анхааран ийм том арга хэмжээг гайхамшигтай сайхан зохион байгуулсныг дэлхий дахин гэрчиллээ” гэсэн юм. Мөн тэрбээр Харбины эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээг сайшаагаад “Би 1982 оноос хойш Азийн бүх наадам, Азид болсон бүх ДАШТ-д оролцсон. Үүн шиг дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн үйлчилгээтэй арга хэмжээг урьд өмнө нь харж байсангүй” гэсэн юм.
Мөн энэ наадам нь Камбож болон Саудын Араб улсын хувьд анхных нь Азийн өвлийн наадам байсан бол дулаан орон болох Филиппин кёрлингээр наадмын сүүлийн өдөр алтан медаль хүртсэнээр тус улс Азийн өвлийн наадмаас түүхэн дэх анхны алтан медалиа хүртсэн билээ. Түүнчлэн Таиланд болон Хятадын Тайбэй түүхэн амжилт үзүүлэн Азийн өвлийн наадмаас анхны медалиудаа хүртлээ.
Цас, мөсний хот Харбин ийнхүү Азийн өвлийн наадмыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж, олон түүхэн ололт амжилтын эзэн болж түүхэнд үлдэж байна. Тус хот нь одоогоос 29 жилийн өмнө Азийн өвлийн III наадмыг зохион байгуулж байсан юм. Харин энэ удаагийн наадам нь Хятад улсын хувьд зохион байгуулсан гурав дахь Азийн өвлийн наадам нь байлаа. Тус улс 2007 онд Чанчунь хотноо Азийн өвлийн VI наадмыг зохион байгуулж байсан билээ.
Дараагийн Азийн өвлийн наадмыг Саудын Араб 2029 онд зохион байгуулах бөгөөд энэ нь Баруун Ази дахь анхны Азийн өвлийн наадам болох юм.
Г.Солонго
![](https://mongoltur.mn/wp-content/uploads/2020/01/logo-white-PNG.png)