Дэлхий
ОХУ, АНУ-ын хэлэлцээ Эр Рияд хотноо болов
ОХУ, АНУ-ын өндөр түвшний хэлэлцээ Украинд дайн эхэлснээс хойш анх удаа Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо боллоо. Хэлэлцээний гол үр дүн нь Орос улс сүүлийн хэдэн жилд анх удаа олон улсын түвшинд томоохон хэлэлцээний оролцогч болов.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський эл хэлэлцээний талаар “Украины талаар Украингүйгээр” хэмээж Украинд тулган шаардах асуудлыг хэлэлцэн гэж мэдэгджээ.
ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлсэн бол АНУ-ын талыг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүлэв. Хэлэлцээний үеэр талууд Орос, Украины дайныг төгсгөх чиглэлд ажиллах өөрсдийн ажлын хэсгээ байгуулах тохиролцоонд хүрчээ. Мөн дипломат хамтын ажиллагаагаа бүрэн хэмжээнд сэргээх талаар тохиролцоонд хүрсэн байна.
Оросын хувьд тус хэлэлцээг дипломатын томоохон амжилт хэмээн дүгнэж байгаа бол АНУ-ын хувьд энэ нь Доналд Трампын сонгуулийн амлалтыг биелүүлэхэд чиглэсэн алхам хэмээн үзэж байна. Харин Украин болон энэ бүх жилүүдэд Украинд ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж байсан Европын улс орнууд хэлэлцээний гадна үлдэв.
Володимир Зеленський “Ямар нэгэн хэлэлцээ болж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Тэрхүү хэлэлцээ нь ОХУ, АНУ-ын төлөөлөгчдийн хооронд болж байгаа юм шиг байна. Украины талаар дахиад л Украины талаар гэхдээ Украины оролцоогүйгээр. Хамгийн хүнд цаг үед бид тулган шаардлагыг хүлээн аваагүй байхад Украин одоо хүлээн авна гэж яагаад бодсон нь сонирхолтой” гэж Зеленськийн хэлснийг “Интерфакс Украина” сонин эш татжээ.
Франц, Герман, Польш, Итали зэрэг Европын Холбооны хэд хэдэн орны тэргүүн нар хэлэлцээний өмнөх өдөр уулзсан ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна. Хэлэлцээний үр дүнгийн талаар Марк Рубио “Украинтай, Европын түнш болон бусад улс орнуудтай хамтарч ажиллаж, зөвлөлдөнө” гэж мэдэгдэв. Германы канцлер Олаф Шольц “Украины ирээдүй Украингүйгээр шийдэгдэх ёсгүй” гэж мэдэгдсэн.
Харин Орост хэлэлцээг томоохон ялалт хэмээн хүлээн авч байна. “Сүүлийн гурван жил тулааны талбар эдийн засаг, санхүү, спорт, соёл гээд бүхий л салбарт өрнөсөн. Байдены засаг захиргаа Орост стратегийн ялагдал хүлээлгэх зорилгоо эхнээсээ нуугаагүй. Гэсэн ч Орос тулааны бүх талбарт ялалт байгууллаа. Түүхэнд хэзээ ч байгуулж байгаагүй ялалт. Тиймээс хэлэлцээний ширээний ард эргэн ирэв” гэж РИА Новости онцолсон байна.