Энтертайнмент
“Торгоны зам-2025” авто ралли Монголд гурав дахиа зохиогдоно
Ралли буюу холын зайн бартаат замын уралдаан тамирчин хүнээс тэсвэр хатуужил, зориг тэвчээр шаардаж, багагүй адал явдал туулан байж бариандаа хүрдэг спорт юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ажил мэргэжил, хобби сонирхолтой. Тэр салбартаа илүү аз жаргал, баяр баясгалантайгаар өсөж хөгждөг. Түүний нэг нь хурд, хүч, авхаалж самбаа сорьсон адал явдалтай спортын энэ төрөл юм. Алдарт “Торгоны зам-2025” авто ралли уралдаан ирэх долоодугаар сарын 12-22-нд буюу 10 хоногийн турш Эрхүү-Улаанбаатар-Уулын Алтай чиглэлээр зохион байгуулагдана.
Олон улсын “Торгоны зам” төслийн ерөнхий удирдагч Владимир Чагин “Уламжлал ёсоор “Торгоны зам-2025” авто ралли долоодугаар сард зохион байгуулагдана.
Тэмцээнд оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өөрийн улсынхаа жолооны үнэмлэхтэй, “Торгоны зам-2025” авто ралли уралдаанд оролцох төрлийнхөө эрхийг авсан байна. Мотоцикль, дөрвөн дугуйт, хоёр төрлийн жийп, том оврын машин зэрэг төрлүүдээр тэмцээн зохион байгуулагдана. Жилээс жилд эмэгтэй тамирчид уралдааны бүх төрөлд оролцож байгаад бид маш их баяртай байгаа. Тамирчдын насанд хязгаар тогтоохгүй. Шинээр жолооч болсон тамирчин олон бий. Мөн аль хэдийн туршлага суусан тамирчид ч оролцож байгаа. Орчин үеийн төмөр хүлэгүүд 5-10 хоногт хол, ойрын замыг туулан хурд, хүчээ сорино” гэж танилцуулав.
Зохион байгуулагчид тэмцээн болохын өмнө явах чиглэлийнхээ дагуу газар дээр нь очиж танилцан, нарийвчилсан мэдээллийг цуглуулж, тэмцээн зохион байгуулахад бэлдэж, зарим газарт багахан хэмжээний бартаа саадыг байршуулах аж. “Торгоны зам-2025” авто ралли уралдаан долоодугаар сарын 12-нд албан ёсоор гараанаас гарч, замдаа хээрийн лагерьт буудлан 15-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын маршрут эхэлнэ. Тус өдөр бүх тамирчин хоёр улсын хилээр нэвтрэх юм. Ингээд манай улсад Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрөх юм. Өнгөрсөн онд тэмцээний хамгийн хэцүү үе шат Алтай хотод болж байжээ.
Алтай хотын чиглэлд ойролцоогоор 100 км орчим газарт элсэн цөл туулдаг. Харин далайн түвшнээс 2000 метрийн өндөр дэх уулархаг бүс нутаг болох Ховдын чиглэл тус аяллын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь байх юм. Хээрийн лагерь Кош Агачид байрлах долоодугаар сарын 22 бол ерөнхийдөө тэмцээний сүүлийн үе шат байх нь. Тамирчид Уулын Алтайд далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр уулархаг бүсэд барианд орох юм. Энд тус тэмцээний хаалтын үйл ажиллагаа болох юм. Нийтдээ 5500 км зам туулж хүрнэ. Түүний 2500 км нь асфальтан зам дээр өнгөрнө. Тэмцээний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх тавдугаар сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулах хэвлэлийн хурлаар олон нийтэд дахин мэдээлэхээр төлөвлөжээ.
Монголын автомашин, мотоциклын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “Манай улсад авто ралли уралдааныг 1990 оноос зохион байгуулж, 1995 оноос улсын аваргаа шалгаруулж, туршлага хуримтлуулж яваа. Манай улсын баг тамирчид одоо олон улсын болон дэлхийн авто ралли уралдаанд оролцож туршлага хуримтлуулсаар байгаа юм. Энэ удаагийн “Торгоны зам-2025” авто раллид Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох сонирхолтой байгаа” гэж ярилаа.
“Торгоны зам” авто ралли Орос, Казахстан, Узбекстан гурван улсын ерөнхийлөгч нарын дэмжлэгээр анх 2009 онд зохион байгуулагдаж байжээ. Барианд орох мөчид ерөнхийлөгч нар шагнал гардуулж байв. Орос, Казахстан, Туркместан, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тус тэмцээн болж байсан юм. “Торгоны зам” авто раллийн тэмцээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины анхаарал дор явагддаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын автомашин, мотоциклын холбооны дэмжлэгээр энэхүү тэмцээн жил болгон зохион байгуулагдаж байна. Өмнө нь хоёр ч удаа 2019, 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ тэмцээн болж өндөрлөж байлаа.
Монголд анх удаа 2019 онд тус тэмцээн зохион байгуулагдаж, оролцсон тамирчид маш өндөр сэтгэгдэлтэй байсан тул тэдний хүсэлтээр 2024 онд Монгол Улсад дахин энэ тэмцээнийг зохион байгуулж, шинэ маршрутаар явсанд тамирчид машид баяртай байсан юм.
“Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Тамирчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байв. Монголоор дайран өнгөрсөн анхны маршрут нь Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр байлаа. Гашуунсухайт боомтоор 2019 оны зун, долоодугаар сарын 13-ны өдөр нэвтрэн БНХАУ-ыг зорьж байсан түүхтэй. Тэмцээнд оролцсон тамирчид “Монголын замыг тийм ч их бартаа саадтай гэж төсөөлж байсангүй. Гэхдээ энэхүү адал явдалтай аялал маш их таалагдлаа. Тэсвэр тэвчээр, эр зоригийг шалгасан уралдаан болсон” хэмээн ярьж байсан юм.
Тэдний хүсэлтээр дэлхийд чансаагаараа “Дакар ралли”-ийн дараа эрэмбэлэгддэг “Торгоны зам-2024” авто раллиг Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнуулан хоёр дахь удаагаа зохион байгуулсан билээ. ОХУ-ын Томск хотоос гараа эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Монгол Улсад нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод ирсэн энэхүү тэмцээнд 30 улсын 278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцож 5500 орчим км замыг туулжээ.