Дэлхий
Ертөнцийн төгсгөл ирээгүй: Мюнхений бага хурлыг Балтын орнууд хэрхэн дүгнэж байна вэ
Оросын зүгээс ирэх болзошгүй дайны аюулын өмнө эмзэг гэдгээ эртнээс зарлан тунхаглаж байгаа Балтын орнууд АНУ-ын шинэ засаг захиргааны зүгээс Европыг хамгаалахаас татгалзана гэсэн битүү сануулгаас илт айдас түгшүүрт автах ёстой байлтай. Гэвч ийм зүйл тохиосонгүй.
Америкийн албан тушаалтнуудын мэдэгдэл Украинд аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн хүлээлттэй байсан хэн бүхнийг цочирдолд оруулж байв. Гэхдээ Украин нь Цагаан ордны шийдвэрээс аюулгүй байдал нь тодорхой хэмжээнд шалтгаалж буй Зүүн Европын цорын ганц улс биш.
Путин бэлдэж байна
Балтын орнууд Оросын цэргийн түрэмгийллийн дараагийн бай болж болзошгүй гэсэн санааг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нэг бус удаа давтаж байлаа. Ийм түгшүүр Латвийн сөрөг тагнуулын албанаас (ЛСТА) Мюнхений аюулгүй байдлын бага хурлын дараа гаргасан тайлангаас илт харагдана.
ЛСТА-ны үнэлгээгээр, В.Путины дэглэм НАТО-той шууд дайнд орохыг хүсэхгүй байгаа ч цэргийн мөргөлдөөн гарахад бэлтгэж байгаа гэх. Энэ нь Оросын зүгээс явуулж буй Зэвсэгт хүчнийхээ хүчин чадлыг сэргээж буй болон армийн бүтцийн өөрчлөлтөөр батлагдаж байна. Тус алба Орос улс Балтын орон болон Финландтай залгаа хил дээр байршуулсан бие бүрэлдэхүүний тоо хэд дахин нэмэгдсэн гэж таамаглаж байна.
Сүүлийн 20 жилийн туршид Балтын орнуудын удирдагчид НАТО-г аюулгүй байдлынхаа гол баталгаа, АНУ-ыг стратегийн гол түншээ гэж үзэж ирсэн. “АНУ-тай стратегийн түншлэлийг хөгжүүлэх нь бидний энэ тэргүүний зорилт. АНУ цэргээ Европт байршуулж байгаа болон трансатлантын бат бөх харилцаа холбоо нь бидний аюулгүй байдалд амин чухал ач холбогдолтой” гэж Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседа энэ сарын 14-нд Х сүлжээнд бичиж байв. Мөн өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Вэнс Европыг өөрийгөө хамгаалах чадваргүй хэмээн гоочилсон бол Европын хэд хэдэн өндөр албан тушаалтан, улстөрч, сэтгүүлч албан болон албан бусаар трансатлантын нэгдлийн төгсгөлийн талаар ярьж эхэлсэн билээ.
Тухгүй болов
Цэргийн мөргөлдөөн ойртож байна гэсэн айдас Балтын орнуудын ард иргэдийн дунд хүчтэй байдаг. Латвид гэхэд Фридрих Эбертийн сангаас явуулж, Мюнхений бага хурал дээр танилцуулсан “Security Radar” судалгааны дүнгээс үзвэл тус улсын ард иргэдийн 57 хувь нь өрнөд, Оросын хооронд цэргийн мөргөлдөөн гарах нь бодит хувилбар гэж үзжээ. Тэдний 51 хувь Оросыг хамгийн том аюул хэмээн нэрлэсэн бол 69 хувь нь Украины дайнаас улбаатай цөмийн дайн болохоос айдаг байна. Түүнчлэн, латвичуудын 74 хувь Оросын зүгээс цэргийн түрэмгийлэл эхэлсэн тохиолдолд Латви өөрийгөө батлан хамгаалж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа бол 53 хувь нь АНУ үгүйгээр Европ өөрийгөө батлан хамгаалж чадахгүй гэж үзжээ.
“Латви болон Балтын бусад улс орнууд НАТО-д элссэнээс хойш анх удаа таагүй, тухгүй мэдрэмж төрж байна. 1997 оны үйл явдалд эргэн очих вий гэхээс бие зарс хийж байна. Латвийн ихэнх иргэдэд тийм таагүй мэдрэмж төрж байгаа гэж бодож байна” хэмээн Латвийн улс төр судлаач Юрис Розенвалдс Мюнхений бага хурлын үр дүнгийн талаар ийн ВВС агентлагт ярьжээ. Америкийн шинэ засаг захиргааны битүү сануулгууд Балтын бүс нутгийн улс орнуудыг, тэр дундаа улстөрчдийг сэтгэл зүйн цочирдолд оруулсанд гайхаад байх зүйлгүй.
“АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн мэдэгдлүүд унтаа Европын хувьд шаардлагатай эм нь байсан. Зөвхөн эл эм нь өвчтөнийг алчихгүй байх гэж залбирч байна” гэж Литвын гадаад хэргийн сайд асан Грабриэлюс Ландсбергис Х сүлжээнд бичжээ. Тэрбээр “АНУ нь Европ дахь аюулгүй байдлын гол баталгаа өгөгч орон болоход бэлэн бус байна. Цэргээ хэсэгчлэн гаргаж, бусад тивд байрлуулах талаар яриа явж байна” гэжээ.
“АНУ нь НАТО-ийн нэг хэсэг хэдий ч тус улсын эрх баригчид Умард Атлантын гэрээний тавдугаар заалтыг болзолгүйгээр биелүүлэхгүй гэдгээ битүү ойлгуулж байна. Өөрөөр хэлбэл Европ батлан хамгаалахдаа дунджаар ДНБ-ийн 2-3 хувийг зарцуулж эхэлсэн ч гэсэн АНУ аюулгүй байдлын баталгаа олгохгүй гэсэн үг” гэж Латвийн батлан хамгаалахын сайд асан Артис Пабрикс мөн байр сууриа илэрхийлжээ.
НАТО үхээгүй
Гэсэн хэдий ч Балтын улс орнуудын удирдагчид гайхалтай тайван, тэр бүү хэл тодорхой хэмжээнд өөдрөг байдлаа хадгалсаар байна. “Мюнхений бага хурал дууссан. Ертөнцийн төгсгөл ирээгүй, НАТО үхээгүй байна. АНУ-ын шинэ засаг захиргаа өөрсдийн байр сууриа илэрхийлсэн, Европын төлөөлөгчид үзэл бодлоо хуваалцсан” гэж Латвийн Ерөнхийлөгч Эдгар Ринкевич мэдэгджээ. Тэрбээр НАТО-ийн дараагийн дээд хэмжээний уулзалтаар батлан хамгаалах салбарын зардлаа ДНБ-ий 3-3.5 хувьд, зүүн жигүүрийн улс орнуудад ДНБ-ий 4-5 хувьд хүргэж нэмэгдүүлэх шийдвэр гаргах ёстой гэв.
Батлан хамгаалахын салбарын зардлын нэмэгдүүлэх нь одоогоор АНУ-аас Европын холбоотнууддаа тавьж байгаа цорын ганц тодорхой шаардлага болоод байна. Балтын орнуудын удирдагчдыг энэхүү шаардлага нь одоогоор айлгахаас илүүтэйгээр найдвар төрүүлж байна. Учир нь тэд ЕХ-ны бусад улс орнууд болон сонгогчдодоо үүнд итгүүлэхийг хичээж байгаа.
Трансатлантын харилцаа холбоогоо хадгалж үлдэхийн тулд Европт өөрийгөө АНУ-д санал болгох зүйлтэй хүчтэй түнш гэдгээ харуулах ёстой гэж Эдгар Ринкевич онцолжээ. Харин үүнээс нэг хоногийн дараа тэрбээр “Хэзээ ч сандрахаа бүү зогсоо” гэжээ. Хожим түүний зөвлөх “Ринкевич энэхүү мэдэгдлээрээ хэвлэлээр цацагдаж буй мэдээллийг шинжлэн дүгнэхийг урилсан” хэмээн тайлбарлажээ. Харин комментуудаас үзвэл Латвийн олон нийт энэхүү санааг ойлгосонгүй.
Литвын Ерөнхийлөгч Гитанас Науседа “Европ нь зардлаа нэмэгдүүлж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд цэргийн үйлдвэрлэлээ түргэтгэх ёстой” хэмээн бичсэн байна.
Хурдан бөгөөд үр дүнтэй
Литвын батлан хамгаалахын сайд Довиле Кашалене Мюнхенээс эргэн ирэхдээ зүүн жигүүрт АНУ-ын цэргийн контингентийг нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдэв. АНУ-ын тал биднээс санхүүгийн болон улс төр, хамтын ажиллагааны тал дээр хурдан, үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардаж байна гэв.
Гэвч үүнээс нэг логикийн асуудал урган гарч ирж байна. Мюнхений бага хурлын дараа яагаад зарим улстөрчид АНУ-ын цэргийг Европ дотор шилжүүлнэ гэж байгаа бол бусад нь Европоос гаргана гэж ярьж байна вэ? Балтын орнуудын удирдагчдын тайван байдал яагаад өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс болон олон нийтийн үзэл бодолтой зөрчилдөж байна вэ?
Латвийн сөрөг тагнуулын албаны тайлангаас үзвэл Балтын орнууд одоо биш ч Оросын талаас халдана гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь Оросын цэргийн нөөц одоогоор Украинд төвлөрсөн байгаа тул 2025 онд Орос, НАТО-ийн хооронд цэргийн шууд мөргөлдөөн гарах магадлал бага. Мөн тайланд Латви, АНУ хоёр нууц мэдээлэл солилцох тухай тохиролцоонд хүрсэн тухай дурдсан байдаг. 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд байгуулсан гэрээнд нууц мэдээлэл солилцох заалт орсон нь тус хоёр улсын улс төр, цэрэг, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой, ялангуяа цэргийн салбарын иж бүрэн хамтын ажиллагаа, цэрэг, техникийн тусламж үзүүлэхэд нэн чухал.
Улстөрчдийн реакци олон нийтийн уур амьсгалд чиглэгдсэн байдаг. Тиймээс одоогийн улстөрчид олон нийтийн өмнө өөрт нь байгаа мэдээллээс арай өөрөөр дуугарч байх магадлал өндөр.