Дэлхий
Украинд тусламж үзүүлэхэд зориулж нэмэлт хөрөнгө гаргах тухай хуулийн төслийг дэмжих хүсэлгүй байна
Украины мөргөлдөөнийг ойрын хагас жилийн хугацаанд зохицуулж чадахгүй тохиолдолд тус улсад тусламж үзүүлэхэд зориулан нэмэлт хөрөнгө гаргах тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд дэмжих хүсэлгүй байгаа гэж АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Майк Жонсон мэдэгдсэн байна.
“Бид энэ мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй. Европ дахь түншүүд маань ч үүнийг ойлгож байгаа. Энэ бүхэн хэт удаан үргэлжилж байна” гэж тэр тэмдэглэжээ. АНУ-ын Конгрессын хоёр танхимд Бүгд найрамдахчууд хяналтаа тогтоогоод байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Украины мөргөлдөөнийг зохицуулах хүрээнд тус улсад үзүүлэх цэргийн тусламжаа хязгаарлаж магадгүй тухай Их Британийн The Economist сэтгүүлд мэдээлсэн байна. Америкийн засаг захиргаа Украины дахин зэвсэглэх эрхийг хязгаарласан, аюулгүй байдлын баталгаа султай гал зогсоох горим тогтоохыг оролдож магадгүй бөгөөд ийм хувилбараар мөргөлдөөнийг дуусгасан тохиолдолд Европын орнууд өөрийгөө батлан хамгаалахад илүү их хөрөнгө зарцуулах ёстой болох юм гэж тус сонины мэдээнд тэмдэглэжээ.
Ялж чадахгүй нь тодорхой энэ дайнд зориулж АНУ-ыг 350 тэрбум ам.доллар зарцуулахыг Владимир Зеленский ятгаж чадсан гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн юм. АНУ-аас Украинд гаргаж өгсөн 200 тэрбум ам.доллар хаачсаныг бид мэдэхгүй гэж Зеленский хоёрдугаар сарын эхээр мэдэгдэж байв. Түүний мэдээлснээр, Украин улс АНУ-аас 76 тэрбум гаруйхан ам.доллар авсан ажээ. АНУ-ын эрх баригчдын Украинд гаргаж өгсөн бүх мөнгө хаана байгааг олж тогтоох цаг нь болсон тухай Трамп мэдэгдэж байсан билээ.