Эдийн засаг

“Цагаан алт” хөдөлгөөн МАА-н салбарт дэмжлэг үзүүлнэ

Нийтэлсэн

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалт нь Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой юм.

Энэ үеэр үндэсний хөдөлгөөний санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Аливаа улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний ахуй амьдралд малын ашиг шим, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Ялангуяа, олон мянган жилийн туршид монголчууд бид буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг боловсруулж, ард иргэдийнхээ аж амьдралыг тэтгэж ирсэн баялаг түүхтэй ард түмэн.

Сүүлийн 30 гаруй жил мал аж ахуйн үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа ч ноос, ноолуур, арьс, шир зэрэг “Цагаан алт”-аа бүрэн дүүрэн боловсруулж чадахгүй байна.

Ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт гэхэд л 2024 оны байдлаар  нийт экспортын гурав хүрэхгүй хувийг бүрдүүлж байна.

Бид жилдээ ноос, ноолууран хувцас, арьс, шир, гутал, савхин эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүнийг 190 орчим сая ам.доллараар гадаадаас худалдан авч байгаа.

Энэ бол чаддаг байсан зүйлээ чадахгүй болсны тод илрэл юм. Үүнд л бид анхаарлаа хандуулж, алдаагаа засах учиртай. Чаддаг байсан зүйлээ сэргээн хөгжүүлэхийн төлөө та бид хамтран ажиллах ёстой.

Түүнчлэн цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, дайн тулаан, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт зэрэг олон асуудал улс орон бүрийг дотоодын үйлдвэрлэлдээ онцгой анхаарахыг сануулсаар байна.

Тиймээс хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн санаачлан, орон даяар өрнүүлж байгаа билээ.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 2.5 жил өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд 220 тэрбум төгрөгийн импортын тоног төхөөрөмжид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, 1.3 орчим их наяд төгрөгийн бага хүүтэй, урт хугацаатай зээлийг хүнсний салбарын иргэд, хоршоо, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд олгожээ. Энэ бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийгдээгүй төсөв, санхүүгийн бодит дэмжлэг юм.

Үр дүнд нь 39 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, 350 гаруй шинэ нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинээр 1.500 орчим ажлын байр бий болжээ.

Эдгээр эерэг, нааштай үр дүн нь төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн бодлого, зорилт нэг байж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадвал тодорхой үр дүнд хүрч болдогийн бодит жишээ гэж үзэж байна.

Харин одоо монголчууд бид 60 гаруй сая буянт мал сүргийнхээ ашиг шим, түүхий эдийг бүрэн боловсруулж, ашигладаг болох ёстой.

Ганцхан жишээ дурдахад бид жилдээ 30 мянган тн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг нь нэмүү өртөг шингээлгүй, зөвхөн угаагаад гадагшаа гаргаж байна.

Хэрэв дотооддоо бүрэн боловсруулж чадвал энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэж, ард иргэд, малчдын орлого, амьжиргаа сайжрах боломжтойг олон судалгаа харуулдаг.

Тиймээс малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэл, үйлдвэрлэл, экспортыг эрс нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, УИХ-аас 63 дугаар тогтоол баталж, бодитоор хэрэгжүүлж эхэлж байна.

Үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг дөрвөн жилийн хугацаанд хоёр  дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-гурав  дахин нэмэгдүүлж, нийтдээ 8.000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгч та бүхний хичээл зүтгэл, хүчин чармайлт онцгой чухал үүрэгтэй болохыг дахин онцлон тэмдэглэж байна. Харин төр, засаг нь ард иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжиж, бодлого нь тодорхой, дэмжлэг нь оновчтой, санхүүжилт нь хүртээмжтэй байж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулж, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой. Өрх бүлээрээ үйлдвэрлэгч, улс орноороо экспортлогч болохын төлөө төр, засаг, түмэн олноороо нэгдэн нийлж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе” гэв.

М.Зул

Exit mobile version