Улс төр
Т.Доржханд: Монгол Улс эрчим хүчний хувьд бүрэн биеэ даасан улс болно

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандтай ярилцлаа.
-БНХАУ-ын Харбин хотод хийсэн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд түүхэн гэрээг үзэглэлээ. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын болон бусад гэрээ хэлэлцээрийн эдийн засгийн үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна?
-Харбинд гарын үсэг зурсан гэрээ бол зөвхөн хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээ биш. Үүнээс гадна олон том асуудлын суурийг тавьсан. Энэ хүрээнд эрчим хүчний шилжилт, худалдаа, хамтын ажиллагаа, экспортыг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Монголчууд хэлэлцдэг шүү дээ, “Хөгжье гэвэл холбоосоо хий, замаа тавь” гэж. Өнөөдөр бид төмөр замын холболтын асуудлыг ярьж байна. Цаашид зорилт бол эрчим хүчний экспорт юм. Энэ дотор цэвэр эрчим хүчний экспортын асуудал чухлаар тавигдаж байна. Харбинд болсон уулзалтаар БНХАУ-ын ерөнхий сайдтай нээлттэй ярилцаж, хамтран ажиллахаар нээлттэй санал солилцсон. Хоёр тал 2022 оноос хойш, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд энэ асуудлыг хөндөж, байнга ярилцаж ирсэн. Одоо ажил хэрэг болгох цаг болсон. Тиймээс энэ чиглэлээр судалгаа хийж хамтарч ажиллахад бид бэлэн. Цаашаа эрчим хүч худалдах, худалдаж авах ажил бодитой хэрэгжинэ гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Үүгээр юу хэлж байна гэхээр, Монгол Улс уул уурхайгаас хамаарч орлого олдог улс биш, цаашид ийм хэмжээний орлогыг эрчим хүчний салбар, ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбараас олох боломж албан ёсоор бүрдэж байна.
-Манай улс дотооддоо эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүй дутагдалтай явж ирсэн. Гэтэл өнөөдөр эрчим хүчээ гадагш экспортлох тухай ярьж байна. Ийм боломж байгаа гэж үү?
-Хүмүүс асуудаг л даа, Монгол Улс эрчим хүчний дутагдалтай. Ийм үед экспортын асуудал ярьж байгаа нь хэр бодитой вэ гэж. Гэхдээ үргэлж ийм байхгүй. Мөн дан ганц уул уурхайгаас олсон орлогодоо түшиглэдэг, бүтээгдэхүүний үнэ унахад эдийн засаг нь дагаад савладаг байдалтайгаар явахгүй. Цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ гадагш нь экспортлоод эхэлбэл энэ байдал өөрчлөгдөнө. Уул уурхайгаас олж байгаа орлоготойгоо тэнцүү хэмжээний орлогыг эх орондоо авчирна. Энэ ажил бодитойгоор хэрэгжинэ гэдгийг юуны өмнө хэлье.
-БНХАУ манай улсаас эрчим хүч худалдаж авахаар болж байгаа юм байна. Хөрөнгө оруулалт нь хаанаас хэрхэн орж ирэх вэ?
-Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ өнөөдрийн байдлаар 1.7 гВт байгаа. Эрчим хүчний яамтай хийсэн тооцоогоор дахиад 1.5 гВт-ийн хэрэгцээ байгаа. Гэтэл их хэмжээний хөрөнгө оруулалт нь манай зах зээлийг бага гэж үздэг. Яагаад гэвэл, их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийснээр илүү хямд өртөгтэй цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж, борлуулах ийм зах зээл хэрэгтэй байна гэсэн шаардлагыг хөрөнгө оруулагчид тавьдаг. Энэ чиглэлээр та бүхэн санаж байгаа бол Арабын Нэгдсэн улсад Ерөнхий сайдыг айлчлах үеэр бид эрчим хүчний олон улсын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчидтай уулзсан. Тэд “Та бүхэн хөрш БНХАУ-тай яриа хэлэлцээр хийгээд явбал бид их хэмжээний, ингэхдээ тус бүрдээ 10 гВт буюу энгийнээр хэлбэл арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Мөн саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Вьетнам улсын Ерөнхийлөгч айлчилсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчид ирж, эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Хятадын компаниуд ч энэ талаар нааштай саналууд хэлж, цаашид ногоон устөрөгчийн чиглэлд хамтарч ажиллая. Монголд үйлдвэрлэлээ байгуулъя гэсэн санал тавьж, гарын үсэг зурсан. Энэ гэрээний давуу тал, ач холбогдол их юм.
-Тухайлбал?
-Хятадын зах зээл бол өсөж, хөгжиж байгаа том зах зээл. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэгцээ ч байнга өсөн нэмэгдэж ирсэн. БНХАУ-ын зүүн хэсэг, Солонгос, Япон улсын эрчим хүчний хэрэглээ ч байнга өсөж байдаг.Эдгээр улс руу эрчим хүч экспортлох суурь нь Харбины хэлэлцээрээр тавигдлаа. Үүний үр дүнд том хэмжээний бүтээн байгуулалт, их хэмжээний хөрөнгө оруулалтыг гадна талаас Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлд оруулж, түүнийгээ БНХАУ руу экспортлох боломж нээгдэж байгаагаараа онцлог юм.
-Цаг хугацааны хувьд энэ ажил хэр удах бол?
-Энэ урт хугацааны асуудал биш. Бид ойрын 2-3 жилд эрчим хүчээр бүрэн биеэ даасан улс болно гэдгээ зарлаад явж байгаа. Эрчим хүчний шилжилтийн хүрээнд энэ ажлыг хийнэ. Бид “Эрчим хүч экспортлогч улс байна” гэж сүүлийн 10 жил ярьсан.Энэ агуулгын хүрээнд яриа хэлцэл өрнүүлж, гэрээ зурж байгаа нь бодит үр дүн. Цаашид Монгол Улс эрчим хүч экспортлох бүрэн боломжтой.Түүнийг худалдаж авах худалдан авагч байна, мөн хөрөнгө оруулагч нь ч байна. Гол нь бид эрчим хүчний цэвэр эх үүсвэрийг үйлдвэрлэж, бүс нутагтаа борлуулах, орлого олох бүрэн боломжтой боллоо.
-Төмөр замын хил холболтыг 1955 оноос ярьж, 70 жилийн дараа хэрэгжиж байна. Энэ дунд болсон гацаа, элдэв улстөржилт, бусад асуудлын талаар та юу хэлэх вэ?
-Бид 70 жилийн дараа хил холболтоо хийж байна гэдэг маш харамсалтай. Энэ хооронд худалдан авалт, бараа үйлчилгээ, тээвэр ямар байх вэ. Түүний үр дүнд эдийн засаг байнга өсөж байх ёстой. Гэтэл хоёр дахь хил холболтоо бид 16 жилийн өмнө хийх боломжтой байтал хэрэгжүүлж чадалгүй энэ хүрсэн. 16 жилийн өмнө хийж чадсан бол үр дүнд нь бараа бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа тэлэх боломжтой байлаа. Юун дээр гацаад байсан бэ гэвэл маш их улстөржилт байсан. Талцал хуваагдал ч их байлаа. Популизм их байсан. Сөрөг үр дагаврыг нь бид КОВИД-ийн үеэр амссан. Төмөр замаа барьчихсан байсан бол нүүрсээ ямар ч асуудалгүй гаргах байсан. Машинаар зөөхөд цаг хугацаа юу болох билээ. Тэгэхээр эндээс ямар их боломж алдсан бэ гэдэг нь тодорхой. Үүнийг шийдэх зорилгоор л Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн газар хэн нь дарга байх, хэн дарга биш байх хамаагүй. Гол нь монголчууд нэгдэж, тэр дотроо өөрсдийн том эрх ашиг дээр нэгдэж чадсан, түүнийгээ ажил хэрэг болгох л чухал. Үр дүн гарч байна гэж бодож байна.
-Энэ үгээр та томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжтой цаг үе ирсэн гэдгийг тодотгож байна уу?
-Тийм. Одоогоос яг гурван сарын өмнө Шанхайд болсон уулзалтаар бид БНХАУ-тай харилцан тохиролцож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг шийдэж, ажил эхлүүлж байсан шүү дээ.Энэ бол 30 гаруй жил гацаанд байсан төсөл. Тэгвэл гурван сарын дараа Хамтарсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ Харбинд очиж, хил холболтын төмөр замын асуудлаа шийдэж, гэрээнд гарын үсэг зурлаа. Гэхдээ энэ нь дан ганц Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбох асуудал биш юм. Үүний зэрэгцээ маш чухал хэд хэдэн асуудлыг давхар шийдсэн. Тухайлбал, түрүүнд хэлсэн эрчим хүчний экспортын асуудал байна. Энэ тухай сүүлийн 10 жил яригдсаар ирсэн. Тэгсэн атал шийдэгддэггүй. Яагаад шийдэгддэггүй вэ гэхээр Монгол Улсад хөрөнгө оруулах газар байдаггүй. Улс төрийн орчин нь бужигнаантай. Бодлого нь тогтвортой биш. Гэтэл Монгол өөрөө асар их эрчим хүчний нөөцтэй орон байгаад байдаг. Монголоос эрчим хүч авья гэж урд хөршөөс гадна БНСУ, Япон улс гээд Зүүн Азийн улсууд сонирхлоо илэрхийлдэг. Тэр ажил нь урагшилдаггүй. Гол шалтгаан нь улстөржилт, популизм, талцал хуаагдал. Үүнд бид дүгнэлтээ хийх ёстой.
-Тэр нь юу байх вэ?
-Монгол Улс хөгжье гэвэл олон тийш хараад бие биеэ шүүмжлээд явах биш, нэгдмэл том эрх ашиг дээрээ нэгдээд, ямар нэгэн сэтгэл хөдлөлгүйгээр, асуудалд прагматик байр сууриас, шинжлэх ухаанч тооцоололтойгоор хандаж, бодитой төслүүд дээр эдийн засгийн асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй. Энэ цаг хугацааг зөв ашиглах ёстой. Хаана ийм боломж байна гэхээр, бидний хамгийн ойрын хөрш, дэлхийн эдийн засгийн том зах зээл болчихоод байгаа өмнөд харш маань байна шүү дээ. Бид тийшээгээ бараа бүтээгдэхүүнээ гаргана уу гэхээс, хаа холын дараагийн зах зээл рүү явах боломжгүй. Энэтхэгийн зах зээл рүү гарахад хэцүү. Европын зах зээл рүү төмөр замаар очиход өндөр үнэтэй болчихдог. АНУ-ын зах зээл рүү хүрнэ гэхэд бүр хэцүү. Тэгэхээр яг дэргэд байгаа тэр том зах зээл рүү экспорт хийх нь чухал. Энэ хүрээнд эрчим хүчний экспортын асуудал өнөөдөр бодитой ажил хэрэг болж байна. Хоёр улсын түүхэнд, анх удаа Засгийн газар хооронд гэрээ, хэлцэл байгуулж байгаагаараа онцлог юм. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ гэрээ хэлцлийн хүрээнд экспортоо хийнэ. Ямар хэмжээний эрчим хүчийг экспортлох тухайд тооцоо судалгаа руугаа хамтран орно. Энэ бол бодит ажлын эхлэл гэж ойлгож болно.
-Эдийн засаг өснө гэдгийг эерэгээр харж байгаа юм байна, эрсдэлтэй гэж харж байгаа зүйлүүд байна уу?
-Нэгэнт хоёр улсын Засгийн газар тохирсон тохиолдолд эрсдэл бага. Гол нь Монгол Улс Засгийн газар нь тогтвортой байгаад, бодлого нь зөвхөн дөрвөн жил биш, цааш найман жил, 12 жилээр үргэлжлээд явах юм бол ямар нэгэн эрсдэл байхгүй. Хятадын эдийн засаг одоогийн байдлаар таван хувийн өсөлттэй явж байгаа. Байнгын өсөлттэй том эдийн засагт хэрэгцээ шаардлага цаашид ч байсаар байна. Тэр хэрэгцээ, шаардлага дээр нь маш олон тоглогчид орж ирдэг. Коксжих нүүрсэн дээр гэхэд л зөвхөн Монгол Улс бус ОХУ, Австрали, Индонез гээд өөр улс орнууд бүгд тоглолт хийдэг. Энэ дотроос хамгийн их ялах боломжтой нь Монгол Улс. Гэтэл яагаад бид зах зээлээ алдаад байсан бэ гэвэл, төмөр замын холбоос байхгүй. Төмөр замаа холбоё гэхээр улстөржөөд гацаачихдаг. Өөр хямд тээвэрлэлт байхгүй. Тиймээс үнэтэй байгаад байсан.Тэгвэл одоо төмөр замаа холбосноор маш богино хугацаанд урсгалаа нэмэгдүүлэх боломжтой. Бодит орлого орж ирэх боломжтой. Ийм байдлаар цааш явбал дунд хугацаандаа эдийн засаг 10 мянган ам.доллараас дээш өснө. Энэ бол бодитой. Ганцхан эрсдэл бий. Тэр бол улс төрийн эрсдэл, түрүүн хэлсэнчлэн улстөржилт, талцал хагарал, эв нэгдэлгүй байдал. Үүнийгээ монголчууд ойлгож, дотроо асуудлаа ярьж, хамтарч засаглаад, хамтраад тогтвортой байдал бий болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, бизнесийнхэндээ боломж олгоод явбал хамтдаа хөгжинө. Хаа хаанаа үүнийг ойлгох хэрэгтэй юм. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад зургаан сар боллоо. Энэ хугацаанд гурав дахь том төслөө хөдөлгөлөө. Дөрөв дэх том төслийн суурь тавигдлаа. Цаашаа тав, зургаа гээд явна. Бид 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан. Энэ төслүүд үе шаттайгаар хэрэгжих бүрэн боломжтой юм.
-Эрчим хүчний үндэсний хороо ямар төсөл, хөтөлбөр дээр ажиллаж байгаа вэ. Тухайлбал, цахилгааны үнэ нэмсэнээс хойш ямар судалгаа хийж байгаа вэ?
-Эрчим хүчний үндэсний хорооны хувьд хоёр тусдаа ажил явж байгаа. Нэг нь дотоодын системийг өөрчлөх, манайд хуучин технологи буюу алдагдалтай систем яваад байгаа шүү дээ. Манай улс эрчим хүчний хувьд 1.7 Гвт-ын хүчин чадалтай орон.
Иймд бүтцийн өөрчлөлт болон технологийн өөрчлөлт хийх ажлууд үе шаттай хийгдээд явж байна.Түүнээс гадна монголчуудад юу хэрэгтэй вэ гэхээр цахилгааны нэмэлт эх үүсвэр. Тэгэхгүй бол одоо тог, цахилгаангүй болох асуудлууд байгаад байгаа. Яагаад ийм байна гэхээр үнэ хямд, Засгийн газар 34 жил үнийг тогтвортой барьсан. Ийм учраас хөрөнгө оруулалт орж ирдэггүй. Хэн ч бизнес хийдэггүй. Гэтэл бусад салбарынхан бүгд зах зээлийн системд орчихсон. Монгол Улс Үндсэн хуульдаа зах зээлийн баримжаатай, ардчилсан улс байхаа тодорхойлж зарласан атал 34 жил зах зээлийн харилцаанд ороогүй хоцрогдсон, орхигдсон, хөгжлийг гацаасан салбар нь эрчим хүчний салбар юм. Нөгөөтэйгүүр, цахилгааны үнэ нэмснийг маш олон хүн шүүмжилж байгаа. Гэтэл цахилгааны үнэ ашиг хийх түвшинд өсөөгүй. Өөрийн үйлдвэрлэлийг нөхөх хэмжээнд л үнээ өсгөөд явж байгаа. Үнэ өсгөсөн шалтгаанаас болж, тухайлбал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид одоо хөрөнгө оруулалт хийе гэж байгаа нь сайн талтай. БНХАУ-ын Харбин хотноо анх удаа хоёр улсын Засгийн газрын түвшинд экспортынхоо агуулгыг тохиров гэхээр Монголын эдийн засаг хэтэрхий жижигхэн байна, ердөө 1.7-хон Гвт байна, бид 10, 20 Гвт-ын хөрөнгө оруулалт хиймээр байна. Танай зах зээл жижиг ч, хөрш зэргэлдээ Хятадын зах зээл том. Иймд хөрштэйгээ яриач гэсэн саналууд бидэнд ирсэн. Ингээд асуудлаа яриад ойлголцолд хүрээд явж байна. Үр дүнд нь том хэмжээний хөрөнгө оруулалт Монголд орж ирэх бүрэн боломжтой.Сонирхлуудаа илэрхийлсэн байгаа.
-Хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд, манай дотоодын эрчим хүчний хэрэгцээ ч гэсэн шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Богино хугацаанд шийдэгдэх боломжтой. Энгийнээр хэлэхэд, жижиг хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхээр үнэтэй болчихдог. Том хэмжээгээр бол үнэ нь хямд байгаа юм. Ойрын 3-4 жилийн хугацаанд бид тог цахилгаан тасрахгүй, найдвартай эх үүсвэртэй болно гэж ойлгож болно. Түүнээс цааш эрчим хүчээ экспортлоод орлого олдог улс болох боломжтой. Үүнийгээ баталгаажуулаад явж байна. Гэхдээ богино хугацаанд өргөс авсантай адил асуудал шийдэгдэхгүй. Эрчим хүчний бүтцийн өөрчлөлт гэхэд л хамгийн багадаа гурван жил болно. 30 жил хийж чадаагүй ажлыг өнөөдөр гурван сарын дотор хийгээчээ гэх ямар ч боломжгүй. Үүнийг хийхийн тулд маш олон судалгаанууд хийгддэг. Эхнээсээ хийгээд явж байна. Олон улсын зөв туршлагад үндэслэж, Монгол Улсад хүндрэл багатайгаар хэрэгжүүлэхээр хичээж байгаа. Гол нь монголчууд яардаг. Цахилгаан станц баригдахад хугацаа орно. Хөрөнгө оруулалт шаардагдана. Шадар сайдын хувьд маш олон улс оронтой энэ талаар уулзалт хийгээд явж байна. Хятадтай асуудлаа тохирсон тул үргэлжлүүлээд Арабын нэгдсэн улстай уулзалт хэлэлцээгээ хийнэ.
