CGTN мэдээ

Ван И хэвлэлийн бага хурал хийв

Нийтэлсэн

2025 оны 3-р сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хурал болжээ. ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад Харилцааны сайд Ван И “Хятадын гадаад бодлого, гадаад харилцаа”-ны талаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.

Найзуудын харилцаа үнэ мөнх байх ёстой

Олон улсын дэг журамтай холбоотойгоор Ван И хэлэхдээ, улс орнууд мөнхийн найзууд байх ёстой бөгөөд нийтлэг ашиг сонирхолтой байх ёстой гэж онцолжээ. Тэрээр том гүрнүүд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг хөөцөлдөж, бусд улс оронтой дээрэнгүй харьцаж болохгүй хэмээн тэмдэглэсэн байна.

Дэлхийн өмнөдийн орнууд дэлхийг тогтворжуулах зангилаа хүчин болж байна 

Ван И хэлэхдээ, дэлхийн өмнөдийн орнуудын эгнээ улам өргөжиж байгаа нь цаг үеийн онцлох үзэгдэл болж байна. Одоогоор дэлхийн өмнөдийн орнуудын эдийн засаг дэлхийн эдийн засагт 40 хувийг эзэлж байгаа бөгөөд дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хангах, дэлхийн засаглалыг сайжруулахад голлох үүрэг гүйцэтгэж байна. Зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтийн үед зүүн, баруун, умард, өмнөдийн харилцаанд түүхэн чанартай өөрчлөлт гарч байна. Иймд дэлхийг тогтвортой байлгахад дэлхийн өмнөдийн орнуудын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Ван И Хятад, Оросын харилцааны талаар тайлбар хийв

Ван И хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын найрамдалт харилцаа өөрчлөгдөхгүй юм. Хоёр тал сайн хөршийн найрамдалт харилцаагаа хадгалж, стратегийн иж бүрэн зохицуулалт хийж, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг эрэлхийлнэ. Энэ нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа юм. Хятад, Орос хоёр улс эвсэл бүлэг байгуулахыг эрмэлзэхгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй харилцааг хөгжүүлэх арга замыг олсон. Бид шинэ маягийн том гүрнүүдийн харилцааны тэргүүн эгнээнд явж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгосон. Хятад-Оросын тогтвортой харилцаа нь ямар ч үйл явдлаас болж өөрчлөгдөхгүй бөгөөд гуравдагч талын хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгодог хүчин зүйл болохоос геополитикийн тоглоомын хувьсагч биш юм гэжээ.

Ван И цааш нь хэлэхдээ, энэ жил дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хятад, Орос хоёр улс Азийн болон Европын дайны талбарт амь насаа зориулан тэмцэж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт байгуулахад асар их хохирол амсаж, үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Бид хамтдаа Дэлхийн II дайны ялалтыг тэмдэглэж, уг дайны түүхийг зөв оновчтой сурталчлан таниулж, ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ–аар цөм болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын дэг журмыг илүү шударга, зохистой болгоход хувь нэмрээ оруулах болно гэжээ.

Энэ намар Хятадын Тяньжинь хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно

Ван И хэлэхдээ, энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын “Хятадын жил” юм. ШХАБ нь Хятадад байгуулагдсан бөгөөд Шанхай хотын нэрээр нэрлэгдсэн нь онцгой ач холбогдолтой. ШХАБ-ын хурлыг “эх нутаг”-т нь зохион байгуулах гэж буйд маш их баяртай байна.

ШХАБ-ын 24 жилийн хөгжлийн үр дүнд 6 гишүүн оронтой байснаа 26 оронтой том гэр бүл болтлоо өргөжиж, дэлхийд хамгийн өргөн уудам газар нутаг, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болж хөгжжээ. Шанхайн үзэл санааг ямагт ахиулж, харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрмэлзэх анхны зорилгоо тууштай баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ замд орсон нь ШХАБ-ын хөгжил, өсөлтийн гол түлхүүр юм.

Энэ намар Хятад улс Тяньжинь хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид амжилттай туршлагаа дүгнэж, хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргаж, ШХАБ-ын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг ахиулах болно.

Ван И Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг дахин нотлов

Ван И хэлэхдээ, НҮБ-д Тайвань бүс нутгийн цорын ганц албан ёсны нэр нь “Хятадын Тайвань муж” бөгөөд Тайвань хэзээ ч бие даасан улс байгаагүй, цаашид ч байх боломжгүй гэжээ.

Мөн тэрээр “Тайванийн тусгаар тогтнол”-ыг дэмжих нь улс орны хагаралд хүргэхээс гадна Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал бөгөөд энэ нь Тайванийн хоолойн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэдгийг сануулав.

“Бүрэн эрхт байдал нь НҮБ-ын дүрмийн үндэс суурь бөгөөд ямар ч улс орон, ямар ч хүн давхар стандарт баримтлах ёсгүй. Хэрэв улс орнууд бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг баримталдаг бол Хятад улсыг бүрэн нэгтгэхийг дэмжих ёстой” хэмээн Ван И онцлон тэмдэглэв.

Ван И Украйны хямралын талаар ярив

Ван И хэлэхдээ, Украины хямрал эхэлсэн эхний өдрөөс Хятад улс хэлэлцээ хийхийг зорьж, улс төр, энхийн арга замаар хямралыг шийдвэрлэхийг дэмжиж, эрэлхийлсээр ирсэн. Хятад улс энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг сайшааж, дэмжиж ирсэн бөгөөд энэхүү хямралын үндсэн шалтгаан будлиантай бөгөөд нэг л өдөр нэг шалтгаанаас болсон биш гэдгийг олж мэдэж, мөргөлдөөнийг зогсоох нь ч нэг л өдрийн явдал биш, мөргөлдөөнд ялагч гэж байдаггүй, энх тайванд хохирогч гэж байхгүй, хэлэлцээ хийх нь мөргөлдөөнийг зогсоох арга зам, энх тайвны гараа байх ёстой. Энэ асуудалд талууд санал зөрөлдөөнтэй байсан ч талуудад хүлээн зөвшөөрөгдсөн шударга, өнө батын, хязгаарлах хүчтэй энхийн хэлэлцээрт хүрэхийг бүгд найдаж байна. Энэ бол бидний хамтын зорилго юм. Хятад улс холбогдох талуудын хүсэл эрмэлзэлд нийцүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хямралыг эцэслэн зохицуулж, урьдын энх тайвныг тогтоохын тулд бүтээлч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд бэлэн байна.

Украины хямрал гурван жил үргэлжилж байна. Эргэн харахад энэ эмгэнэлт байдлаас зайлсхийх боломжтой байсан. Талууд хямралаас сургамж авах ёстой, аюулгүй байдал нь харилцан, эрх тэгш байдаг. Нэг улсын аюулгүй байдлыг бусад улс орнуудын аюулгүй бус байдалд тулгуурлаж болохгүй, нэгдсэн, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж сая Евразид, бүр цаашлаад дэлхий дахинд өнө мөнхийн энх тайван, тогтвортой байдлыг тогтоож чадна гэж Ван И онцолсон байна.

Хятад улс Японд заналхийлэл учруулж бус, боломжийг авчирсаар ирсэн

Ван И хэлэхдээ, “Нэг Хятад” зарчим нь Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурь юм. Тайвань Хятад улсын мэдэлд эргэн нийлснээс хойш 80 жил өнгөрсөн ч Японд түүхээсээ сургамж аваагүй хүмүүс байсаар байна. Хятад, Японы харилцаа олон зуун жилийн түүхэн уламжлалтай бөгөөд Хятад улс энх тайвныг эрхэмлэгч хүчин билээ. Японы тал үүнийг ойлгож, Хятад улс заналхийлэл бус, харин боломжийг бий болгогч гэдгийг ухамсарлах ёстой гэжээ.

Гадаадын иргэдийн Хятадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөв

Ван И хэлэхдээ, Хятадын дипломат бодлого цаашид ч орчин үеийн хөгжлөө дэмжих стратегийн чиглэл баримталж, гадаад орнуудтай таатай харилцаа бүрдүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар Хятад улс 38 орны иргэдийг визгүй зорчих нөхцөлөөр хангаж, 54 улсын иргэдэд дамжин өнгөрөх визийн чөлөөлөлтийг 240 цаг хүртэл сунгалаа. Бид дэлхийн улс орнуудын иргэдийг Хятадад айлчлахыг урьж байна гэжээ.

Exit mobile version