Энтертайнмент
“The MongolZ” баг “ESL Pro League Season 21”-ийн плей-оффт шалгарлаа

Цахим спортын “CS2” төрлийн 2025 оны эхний томоохон тэмцээнүүдийн нэг “ESL Pro League Season – 21” Шведийн Стокхольм хотноо үргэлжилж байна.
Ynam 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монголын шигшээ баг “The MongolZ” оролцож байгаа бөгөөд тэд өчигдөр плей-оффын эрхийн төлөө төлөөх ээлжит тоглолтоо Францын “3DMAX” багийн эсрэг хийлээ. Хоёр баг өмнө нь дөрвөн удаа учраа өрсөлдөхөд сүүлийн хоёр тоглолтод “The MongolZ” ялж, хожлын харьцаа 2:2 болсон байв.
Хожлын харьцааг өөрчлөх шийдвэрлэх тоглолтод “The MongolZ” баг дахин илүүрхэж, 2:0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. “Senzu” буюу М.Азбаяр энэ тоглолтод хувийн үзүүлэлтээр багаа манлайлжээ.
“The MongolZ” ингэснээр анх удаагаа “ESL Pro League”-ийн плей-оффын шатанд шалгарч байна. 21 дэх улирлын “ESL Pro League”-ийн хоёрдугаар шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр болж, плей-оффд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорно.
Одоогоор Францын “Vitality” баг 14 тэмцээн дараалан плей-оффын шатанд шалгарсан үзүүлэлттэй бүх багуудыг тэргүүлж байгаа бол тэдний араас Оросын “Spirit” найм дараалан, Монголын “The MongolZ” дөрөв дараалан шалгарсан амжилттай явж байна.
Сануулахад, “The Mongolz” баг Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдсэнийг хоёрдугаар сарын 28-нд зарласан.
Ингэснээр Монгол Улсын Засгийн газар “THE MONGOLZ” багт болон электрон спортын цаашдын хөгжилд иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам мэдэгдээд байгаа.
Электрон спортын төрөл нь 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотод зохион байгуулагдсан “ХАНЖОУ 2022” зуны Азийн 19-р наадамд дөрвөн төрлөөр багтаж эхэлсэн бөгөөд 2026 онд Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд найман спортын төрлөөр хөтөлбөрт багтаад байгаа билээ.
The MongolZ баг сүүлийн жилүүдэд Азийн “COUNTER STRIKE 2” төрлийн бүхий л рекордуудыг эвдэж, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байгааг дахин тодотгоё.
The MongolZ-ынхон удахгүй Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд үргэлжлүүлэн оролцоно.
