Дэлхий
Украинд цэрэг байрлуулах тухай хэлэлцэнэ
Өнөөдөр /2025.03.11/ Европын Холбооны гишүүн орнуудын армийн ерөнхий командлагч нар Украинд гал зогсоосны дараа аюулгүй байдлыг хангах олон улсын цэрэг байрлуулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Associated Press агентлагийн мэдээллээр, Европын Холбооны гишүүн орнуудаас гадна уулзалтад Ази, Номхон далайн орнуудын төлөөлөл оролцох аж. Энэхүү уулзалт нь Украинд гал зогсоосон тохиолдолд аюулгүй байдлыг нь хангах нөөц боломж болон хүсэл зорилго бүхий улс орнуудын эвсэл байгуулах ажлын эхлэлийг тавина гэсэн хүлээлттэй байна.
Энэ сарын 5-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Парис хотноо болох ЕХ-ны армийн ерөнхий командлагч нарын уулзалтаар Украинд олон улсын энхийг сахиулагчдыг байрлуулах тухай асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэрбээр Оросын үгэнд итгэж болохгүй гээд Киевийн аюулгүй байдлын баталгааг хангах шаардлагатай гэж онцолсон юм.