Нийгэм

Ц.Дуламсүрэн: Эрлийз адуугаар “гаршсан” бүлэглэл монгол өв соёлыг устгаж байна

Нийтэлсэн

Монгол Улсын начин, Тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй Үндэсний их баяр наадам, хурдан морины уралдаан, монгол өв соёлын сэдвээр ярилцлаа.


-Та саяхан хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа гэсэн байр суурь илэрхийлсэн. Ингэж үзэж буй үндэслэлээ тайлбарлана уу?

-Өнөөдөр Монголд адуутай холбогдсон арав хориод холбоо бий. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж, олон түмний нүдэнд ил байгаа нь Монголын морин спорт, уяачдын холбоо буюу Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо гэсэн хоёр том холбоо байна. Өмнө нь би Монголын морин спорт, уяачдын холбооны гишүүн байж, удирдах зөвлөлд нь ажиллаж байсан. Сүүлийн үед улсын наадамд монгол морь уралдах боломжгүй, аймаг, сумын наадамд жирийн малчин уяач монгол морио уяад уралдах ямар ч боломжгүй боллоо. Яагаад ийм болов гэхээр хамгийн ойрын жишээ нь ард иргэд “Морин уралдаанаа үзчихлээ” гэж бодоод байгаа юм. Гэтэл 2022, 2023, 2024 оны улсын их баяр наадамд нэг ч монгол морь айрагдсангүй.

Үндэсний баяр наадмын тухай хуульд зургаан насны монгол үүлдрийн адуу уралдана гээд заачихсан байдаг. Гэвч хууль хэрэгждэггүй. Монголын үндэсний морин спорт, уяачдын холбоо “Монгол наадам бол өв соёл юм. Хүн төрөлхтөний түүхэнд оруулсан биет бус өв соёл гэж үзэж одоогоос 15 жилийн өмнө ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг.Тухайн үед БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан Н.Уртнасан гуай ажлын хэсэг ахалж очиж моншол наадмыг биет бус өв соёлоор бүртгүүлсэн. Энд хоёрхон зүйлийг шалгуур үзүүлэлт болгосон. Нэгдүгээрт, монгол наадам ашгийн бус, билэгдлийн чанартай. Энэ билэгдэлд тулгуурлан Монголын 21 аймаг, 330 суманд нэг өдөр наадам эхэлдэг. Наадмаараа бөхөө үзэж, морио уралдуулж, нум сумаа харваж, нийт гурван сая гаруй монголчууд 99 хувь нь зэрэг нааддаг юм байна. Үүнийг аймаг, сумын ЗДТГ, ИТХ нь зохион байгуулж, нэг хэсэг нь бөх барилдаж, нум сум харваж, морио  уяж, өөрийн болон ах дүү, төрөл садан, найз нөхдийнхөө хүүхдээр унуулан уралдуулж, нөгөө хэсэг нь очиж үзэж нийтээрээ баярладаг. Гол нь энэ баяр ашгийн бус билэгдлийн чанартай. Ийм үнэт зүйл, өв соёл. Үнэт зүйл, өв соёлоо хамгаална гэж Үндсэн хуульдаа заасан. Хоёрдугаарт, хүн төрөлхтний хүний эрхийн асуудал монгол наадамд бий. НҮБ-ын хүний эрхийн асуудлыг зөрчиж болохгүй.

-Ийм хоёр том шалгуураар монгол наадмыг ЮНЕСКО  бүртгэжээ. Гэтэл яагаад  нэр бүхий уяачид эрлийз адууг шүтдэг болчихов?

-Ер нь бол монголчууд түүхэндээ бөхдөө мөн  харваачдаа цол өгдөг. Уяачдаа бол моринд нь цол өгдөг байсан. Ингээд уяачдынхаа үнэлэмжийг өндөр болгоё гээд тухайн үед Монголын морин спорт, уяачдын холбоо байгуулагдаж, БХТН /Батлан хамгаалахад туслах нийгэмлэг/ дээр ярьж байгаад уяачдад цол өгч эхэлсэн байдаг. Өнөөдөр шууд цолны төлөө уралдаан явагдаад байна. Нөгөө талаас өвлийн хүйтэн улиралд, хаврын хахир цагт морь уралдуулах нь  ашгийн төлөө болчихоод байна. Асуудал эндээс эхтэй.

-Одоо ч гэсэн уяачдын  нэг хэсэг нь төв талбайд жагсаал хийж, хаврын уралдаан байх ёстой гэж мэдэгдээд байна. Цаашид яах бол?

-Үндэсний морин уралдаан,уяачдын холбооны  зүгээс үүнийг Монгол Улсын удмын сангийн тухай хууль, Амьд амьтны эрхийг хамгаалах тухай хууль гэх мэт амьтантай холбоотой дөрвөн хууль зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Монгол адууныхаа сэлдийг тайрч хаяж байна шүү дээ, тэр хүмүүс. Унаган адууныхаа хамаг сайхан сүр сүлдийг хаяж, удамшсан хурдан гүүндээ гаднаас англи, араб азарга авчирч гишгүүлж байгаагаас монгол адууны генд өөрчлөлт орж байна. Энэ нь өөрөө маш аюултай юм. Энэ асуудлыг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны хоёрдугаар хурлаар хэлэлцсэн. Монголд наадам бол бидэнтэй бүгдтэй нь холбоотой. Бүгд очиж үздэг, тэндээс сэтгэлийн их таашаал авдаг. Харин мэргэжлийн хүмүүс биш болохоор монгол морь уралдаж байна уу, эрлийз морь уралдаад байна уу гэдгийг ялгахгүй байна. Тэгэхээд бид тэр талбар дээр байгаагийн хувьд энэ нь үндэсний их баяр наадам, тэр нь эрлийз морьдын шоу, Үндсэн хууль зөрчих гэж байна гэдгийг ялгаж салгах ёстой гэж байгаа юм.Саяхан болсон Үндэсний морин уралдаан,уяачдын холбооны  хуралд мянгат малчид, улсын аварга малчид ирж оролцсон. БНМАУ-ын АИХ-ын даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав гуай бол манай холбооны анхны тэргүүний хувьд оролцож, үгээ хэллээ. Ч.Хурц гуай мөн оролцож, байр сууриа илэрхийллээ.Олон эрдэмтэн докторууд оролцлоо.Эрдэмтэн, судлаачид хэлэхдээ хаврын уралдаан байж болохгүйг хэлж байна.Нүүдэлчин монголчуудын  олон эрх эрх зөрчигдөж байгааг ярьж байгаа.

-Тухайлбал?

-Монголын нүүдэлчин малчид хөдөө талдаа мал сүргээ өсгөж, монгол мориороо уралдаж наадаж ирсэн. Гэтэл эрлийз адуу бол гүүгээ барьж саах, айраг исгэх боломжгүй гэх мэт олон эрх зөрчигдөж байна. Нүүдэлчин иргэншлийн зэрэгцээ манай суурьшмал иргэншил бий болсоор ирсэн. Хотоо тойрон дагуул хот, үйлдвэр, аж ахуйнууд байгуулагдаж байна.Дэлхийд морин уралдааны дүрэмтэй. Тэр дүрмээр гэхэд манай урд хөршид уралдаан болж л байдаг. Уралдаан зохион байгуулах нь тэр улсын эрх шүү дээ.Жилийн дөрвөн улиралд уралдаж л байдаг. Өнөөдөр бид уралдааны хуультай болох ёстой.Монголын үндэсний баяр наадмын тухай хуулиар өвөл, хавар, намар уралдаан зохиох боломжгүй.Бусад улс оронд бол уралдаан болдог. Тэнд жилийн дөрвөн улиралд морь уралдаж л байдаг. Одоогийн нөхцөлд манайд морин тойруулга байхгүй. Гэхдээ уралдааны тухай  хуультай болчихвол боломжтой.

-Саяхан Засгийн газраас хаврын уралдаан хийж болно. 18 наснаас дээш өөрийнгөө хариуцах бүрэн боломжтой хүн унах ёстой гэдгийг шийдсэн.Түүнийгээ баримталбал болох биш үү?

-Тэр дагуу Ойрын зайн уралдааны холбоо журмаа бариад шийдэхэд хүүхдийн эрх зөрчигдөхгүй. Гол нь бидний баримтлах зүйл бол хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаална гэж НҮБ-ын дэргэдэх Олон улсын конвенцид нэгдэн орсон орон гэдгээ санах ёстой. ЮНЕСКО-д бүртгэхдээ ч хүний эрхийн эсрэг үйлдэл хийж болохгүй гэсэн шалгуур тавьсан. Дээр хэлсэн хоёр шалгуур зөрчигдөх ёсгүй. Тэгэхээр хавар морь оруулж ирье гээд байгаа хүмүүсийн хувьд тусдаа уралдаантай, тэрийг нь хуульчлаад өгвөл боломжтой. Ингээд уралдаан нь уралдааныхаа, өв соёл нь өв соёлынхоо чиглэлээр явах ёстой гэдгийг тодорхойлоод Удмын сангийнхаа хуулийг хэрэгжүүлье. Үндэсний их баяр наадмын тухай хуулиа хэрэгжүүлж өгөөч гэдгийг л хэлээд байгаа юм, бид.

-Эрлийз адуу уядаг хүмүүс өв соёлыг устгаж, бусниулж байгаагийн тод жишээ гээд та юуг онцлох бол?

-Аймаг, сумынхаа болон улсын наадамд монгол морь айрагдахгүй байгаагийн том жишээ нь хурдны өлгий нутаг хуучнаар Сэцэн хаан, одоогийн Хэнтий, Сүхбаатарт 200-300 азарга уралдаж байсан бол одоо есөн азарга л уралдаж байна, тэр нь бүгд эрлийз. Монгол морьтой хүн тийшээ очихоо байчихаад байна. Энэ тухай олон хүн ярьж байгаа. Монголын морин спорт, уяачдын холбооны VIII  хурал дээр ч хэлж байсан. Манай Үндэсний морин уралдаан,уяачдын холбооны хуралд оролцогчид ч ярьж байна. Монголын малчин уяачид уяагаа эвхэж тавилаа, сумынхаа наадамд уралдаж чадахгүй боллоо. Сүүлийн үед улсын наадамд сэрвээний өндөр хэмжээд хасагдчихдаг, тэгэнгүүт аймгийн наадамд очоод  хэн нэг хүний нэр дээр, янз бүрийн аргаар комисст нөлөөлж уралдуулаад айраг, түрүүг нь аваад явчихдаг болсон. Хэнтий аймагт ийм тохиолдол явдал гарч байсан. Ийм хууль бус бусармаг үйлдлийг таслан зогсоохгүй бол монгол адуугүй боллоо, малчин уяачгүй боллоо. Монгол адууны генийн фонд алдагдах аюулд хүрч очлоо. Иймд саяхан болсон манай холбооны II хурал эрдэмтэн докторуудын маш том зөвлөгөөн болсон. Монгол орны нийгэм эдийн засагт нөлөөлөхөөр, хойшид өв соёлоо яаж хамгаалах вэ, малынхаа ген фондыг яаж хамгаалах талаар төр, засагт дуу хоолойгоо хүргэлээ.

-Таныг ингэж хэлэхээр “Дуламсүрэн гуай буруу ярьж байна” гэж шүүмжилж байгаа залууст хандаж та юу хэлэх вэ?

-Би тэгж ярьж байгаа залууст буруу өгөхгүй. Тэдний өв соёлын талаарх мэдлэг нимгэн байна. Юмыг ойлгож авах хэмжээ нь тэр багцаанд байна. Яваандаа юм уншиж судлаад ирэхээрээ ойлгох байх гэж найдаж байгаа.

-Тэгэхээр нийгмийг соён гэгээрүүлэх, залууст өв соёлоо таниулан сурталчлахад танай Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос цаашид ямар нэгэн ажил зохион байгуулах уу?

-Сар шинийн өмнөхөн би хэвлэлийн хурал хийж, үгээ олон нийтэд хүргэсэн. Одоо ингээд ярилцлага өгөөд сууж байгаа маань ч гэсэн залуусыг өв соёлоо мэдэж аваасай, судлаасай, мэдлэгтэйгээр хандаасай гэснийх юм шүү дээ. Түрүүн би хэлсэн манай Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо дэргэдээ эрдмийн зөвлөлтэй болсон. Ингэснээр  бусад ТББ-аас ялгарах байх.  Бид асуудалд судалгаатай, үндэслэлтэй хандаж байгаа. Дээр нь адууны үржүүлэг гээд ярихаар заавал  мэргэжлийн зоотехникч байх шаардлагатай болно. Одоогоор манай эрдмийн зөвлөлд 14-15 эрдэмтэн доктор нэгдээд байна. Соёлын яамнаас гаргаж буй өв соёлын бодлого, Соёлын тухай хуульд гар бие оролцсон доктор М.Долгорсүрэн багш, наадмын талаар цогц судалгаа хийж, Монгол наадам 1700 оноос эхлэн өнөөдрийн байдлаар бүрэлдэн тогтсон талаар хэсэгчилсэн судлагаа хийсэн  доктор Х.Мөнхбаяр, Монголын биет бус соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн  Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Н.Уртнасан тэргүүтэй эрдмийн зөвлөлөөрөө дамжуулан хамгийн гол хуулиудыг зөв тайлбарлаж, зөв ойлгуулах ажлыг хийж байна. Тэр дагуу төр, засагт хандана. Түүний дараа монгол адууныхаа генийг тогтоох ажлыг эхлүүлнэ. Удмын сангийн тухай хууль хэрэгжих ёстой. Дэлхийн хүн төрөлхтөн нэг хөх тэнгэр дор оршиж, даяарчлал, глобалчлал гээд явж байгаа. Тэгэвч орон орны өв соёл өөрийн гэсэн онцлогтой. ЮНЕСКО-гийн дэргэд уламжлалт наадгайн зөвлөл гэж бий. Манай Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо тэр зөвлөлийн гишүүн. Нөгөө холбоо маань /Монголын морин спорт, уяачдын холбоо/ Азийн морин спорт, уяачдын холбооны гишүүн. Өөр, өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу явахаар бидний хооронд ямар ч хэрүүл маргаан гарахгүй. Тэгэхээр соён гэгээрүүлэх чиглэлд хамтраад явбал илүү үр дүнтэй гэж хардаг. Бид өв соёлоо авч үлдэж, залуу үедээ өвлүүлэхийн тулд хууль, дүрмээ баримталж, зөв хэрэгжүүлэх л ёстой юм.

-Хүүхэд л бол хүүхэд, ерөөсөө хүүхдээр морь унуулахыг хориглоё гэж хүмүүс хэлдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа гэдгийг л би хэлээд байгаа. Түүнээс биш өнөөдөр 30-35км хурдтай монгол адууг хүүхэд зуны улиралд  унаад уралдах өөр. Монгол морь ч, монгол хүүхэд ч зохицсон дассан онцлогтой. Тэгвэл 50-60 км цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагчаар тариулж, эм тариагаар бордуулж, нэг ёсондоо “галзуурчихсан” давхиж байгаа эрлийз адууг насанд хүрээгүй хүүхдээр унуулаад, өвлийн хүйтэнд  хөлдүү газар, мөстөж хөлдсөн зам дээр уралдуулж байгаа нь буруу. Энэ бол ашгийн төлөө зорилготой.  Энд ямар ээж аав үр хүүхдээ дэнчин тавьж уралдуулах вэ. Тийм эрлийз морийг насанд хүрсэн хүн  унаж уралдах боломжгүй, нисэж үхнэ шүү дээ. Нэг уралдаанд л гэхэд 300-400 морь уралдахад, 3-4 уяач нь л өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалж хамгаалах  биш харин ч устгана. Гурван  сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдийг эрлийз морь унуулж уралдуулж байгааг зөв гэж үзэж болох уу, болохгүй шүү дээ.

Exit mobile version