Дэлхий
Канадын Либериал нам Жастин Трюдогийн залгамжлагчаар Марк Карниг сонгов

Марк Карни хэдэн сар үргэлжилсэн, өндөр өрсөлдөөнтэй сонгуулийн үйл явцын эцэст Канадын Либериал намын шинэ тэргүүнээр сонгогдлоо.
Тэрбээр одоо намын удирдагчаар ажиллаж, ирэх холбооны сонгуульд либериалуудыг тэргүүлэн оролцох үүргийг хүлээж байна. Холбооны сонгууль аравдугаар сараас өмнө болох ёстой ч үүнээс эрт зарлагдах магадлалтай. Карнигийн хувьд гол өрсөлдөгч нь одоогоор санал асуулгад тэргүүлж буй Консерватив нам байх төлөвтэй. Карни Либериал намын тэргүүнээр шууд ажиллаж эхлэх ч Жастин Трюдо тодорхойгүй хугацааны туршид Канадын ерөнхий сайдын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллана. Карнигийн анхааралдаа авах хамгийн том асуудлуудын нэг нь АНУ-тай муудаж буй харилцаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын нутгаас хууль бус цагаачид АНУ руу шилжин орж буйд Канадын Засгийн газрыг буруутгаж, улмаар Канадыг АНУ-ын 51 дэх муж болгох талаар сүрдүүлж, мөн тус улсын импортод өндөр татвар ногдуулахаа мэдэгдэж, түүнчлэн Цагаан ордон АНУ-ын хилээр нэвтрэх фентанил(хар тамхи)-ийн урсгалыг таслан зогсоох шаардлагатай гэж үзжээ. Сонгуулийн үр дүн гарсны дараа Карни анхны мэдэгдэлдээ АНУ-тай үүссэн хурцадмал байдлыг онцолж, “найдвартай худалдааны түншүүдтэй шинэ харилцаа бий болгоно” гэдгээ мэдэгдэв. Тэрбээр мөн АНУ-тай харилцан ногдуулсан тарифыг цуцлахгүй гэдгээ онцолж, “Америкчууд бидэнд хүндэтгэл үзүүлтэл бид арга хэмжээ авах болно. Шинэ аюул занал шинэ санаа, шинэ төлөвлөгөө шаарддаг” гэж тэрээр Либерал намын хурал дээр хэлсэн юм.
Карни Трампын засаг захиргааны тарифын бодлогыг эрс шүүмжилж, “АНУ-ын ерөнхийлөгч Канадын гэр бүл, ажилчид, бизнесийг довтолж байна. Бид үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй, бас зөвшөөрөхгүй” гэжээ. “Худалдаа ч бай, хоккей ч бай, Канад ялна” хэмээн тэр нэмж хэлсэн байна. АНУ-тай үүссэн дипломат маргаан Канадын нийгэмд өргөн хүрээнд нөлөөлж, Канад дахь Үндэсний хоккейн лиг (NHL) болон Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ийн тоглолтын үеэр АНУ-ын төрийн дуулал эгшиглэх үед үзэгчид шүүмжлэлтэй хүлээж авч, эсэргүүцэл илэрхийлэх болсон байна. Карни одоо Консерватив намын тэргүүн Пьер Пуальевртэй нүүр тулан өрсөлдөх болно. Пуальеврыг өмнө нь Трампын арга барилтай төстэй улстөрч гэж харьцуулагдаж байсан ч тэрбээр сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгчөөс зайгаа барьж, “би MAGA биш” хэмээн мэдэгдсэн. Либериал намын санал хураалтын өмнөх өдөр Пуальевр Карниг хатуу шүүмжилж, “Трюдотой хамтарч ажиллахдаа Карни Канадын эдийн засгийг сулруулж, өөрийн ашиг сонирхлын төлөө АНУ-ыг хүчирхэгжүүлсэн” гэж мэдэгджээ. Карни сонгуулийн үр дүн гарсны дараа Пуальеврийн шүүмжлэлд хариу өгч, “Дональд Трамп биднийг хувааж, эзлэх гэсэн төлөвлөгөөтэй. Харин Пуальеврийн бодлого улс орныг хагалан бутаргаж, эмзэг байдалд оруулна” хэмээн мэдэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт Консерватив намын санал асуулгад тэргүүлэх үзүүлэлт багасаж, Трюдо, Карни болон бусад Либериал намын удирдагчид АНУ-тай үүссэн худалдааны маргааны асуудлаар хатуу байр суурь илэрхийлэх болсон. Жастин Трюдо Либерал намыг 10 гаруй жилийн турш удирдсан бөгөөд 2015 онд засгийн эрхийг авч, “Канадын төлөөх нарлаг зам” хэмээх уриатайгаар ялалт байгуулж байсан. Тэрбээр 2021 оны сонгуулиар эрх мэдлээ хадгалсан ч парламентад олонхын суудлаа алдсан. Трюдогийн улс төрөөс гарах шийдвэр нь сүүлийн жилүүдэд улс төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлийн улмаас хийгдэж буй бөгөөд түүний орлогч Ерөнхий сайд, Сангийн сайд асан Кристия Фрилэндийн гэнэт огцорсон нь үүнд нөлөөлсөн. Либериал намын тэргүүний хувиар Трюдо сүүлчийн мэдэгдлээ хийж, Канад АНУ-аас ирж буй “үндэсний хэмжээний томоохон сорилттой” тулгарч байгааг онцлон хэлжээ. “Энэ бол улс орны хувь заяаг шийдэх мөч” гэж тэрбээр Оттавад болсон намын хурал дээр хэлэв. “Бид хөрш орноосоо ирж буй эдийн засгийн хямрал, сорилтуудтай нүүр тулж байна. Гэвч канадчууд хэн болохоо харуулж байна” гэж Трюдо хэлжээ.
Трампын бодлогод хариу арга хэмжээ авах төлөвлөгөө
Санхүүгийн салбараас гараагаа эхэлсэн Карни 2019 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт, арга хэмжээг хариуцсан тусгай элчээр томилогдож байсан. Тэрбээр цэвэр эрчим хүч, уур амьсгалын бодлого болон Канадын эдийн засгийн өсөлтийг гол зорилтоо болгон дэвшүүлжээ. Карни Альберта мужийн Эдмонтонд өссөн бөгөөд улс төрийн үйл ажиллагаандаа 2008 оны санхүүгийн хямралын үеэр улсын өрийн зохицуулалтад оруулсан хувь нэмэр, мөн Их Британийн эдийн засгийг Brexit-ийн үед удирдсан туршлагаа онцолсон. Тэрбээр Канадын эдийн засгийг байгалийн баялаг, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал ашиглан хөгжүүлэхээр зорьж, цэвэр эрчим хүчний салбарт тэргүүлэгч болгоно гэдгээ амласан. Түүнчлэн нүүрстөрөгчийн татварын ачааллыг иргэдээс компаниуд руу шилжүүлэх санал гаргаж, түлшний татварыг бууруулахын оронд хүлэмжийн хийг багасгах урамшуулал санал болгохоор төлөвлөж байна. Карни Трампын засаг захиргааны бодлогын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа. Өнгөрсөн сард АНУ Канадын импортод өндөр татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа тэрбээр АНУ-д адил хариу арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн. АНУ-аас Канад руу фентанил хууль бусаар нэвтрүүлж байгаа гэх Трампын мэдэгдлийн дараа Карни ярилцлага өгөхдөө “Бид бие даасан, тусгаар тогтносон улс. Бид өөрсдийгөө дэлхийн хамгийн агуу улс гэж үздэг. АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд биднийг удаа дараа доромжилсон. Гэхдээ бид эдгээр доромжлолыг тоохгүй” гэжээ.
Х.Энхболд
