Улс төр
Интерполоор эрэн сурвалжлаад олддоггүй Ч.Сайханбилэг АНУ-аас ирнэ

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлд өгсөн ярилцлага олон сэдвийг хөндсөн. Тэр дотор экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухай “Ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү” гэсэн үг анхаарал татаж буй. Учир нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноор АНУ-д олон шинэчлэлийг эхлүүлж буй. Дүрвэгч, цагаачдаа цөөлөх бодлогын хүрээнд манай улсаас “Шувуу” ажиллагааны хүрээнд тавьсан, интерполоор эрэн сурвалжилж буй этгээдүүдийг хүлээлгэн өгөх саналд нааштай хандаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр Ч.Сайханбилэг нарыг эх орондоо ирээд учраа олчих гэж гуйх биш, АНУ хөөгөөд явуулах нөхцөл байдал бүрджээ гэж ойлгож болох нь ээ.
Ч.Сайханбилэгийн тухай хамгийн сүүлд АНУ-ын Колорадогийн “Үнэтэй хороолол”-д сая доллараар авсан тансаг хаустаа амьдарч байгаа гэх мэдээлэл гарсан. Мөн Бостонд байгаа гэж зарим хэвлэлд мэдээлсэн.
Тэрбээр 2019 оны наймдугаар сарын 28-нд Монголын хилээр гарсан байдаг. Түүнийг хууль зөрчиж Оюутолгойг татвараас чөлөөлсөн, Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалттай холбогдуулж АТГ-аас шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сард баривчилж, Хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулж байв.
Ийнхүү шалгагдаж байхдаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Солонгост очиж эмчлүүлэх шаардлага гарсан тул хилийн хоригийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх нь ёсоор болгосноор хилээр гарч өнөөг хүртэл АНУ-д орогнож байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
