Дэлхий
I-II сард 608 мянган баррель газрын тос $46 саяар экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар буурав

Оны эхний хоёр сарын байдлаар 608.2 мянган баррель түүхий нефть болон газрын тосыг 46 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар буурсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин дээрх хугацаанд 499 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнийг 392.2 сая ам.доллароор импортолжээ. Үнийн дүн нь өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн байна.
Монгол Улс жилд дунджаар 4-5 сая баррель газрын тос олборлон экспортолдог. Харин 2024 онд нийт 2.8 сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын шатахууны хэрэглээний 55 хувийг хангана гэж тооцоолж байгаа юм. Ингэснээр жил бүр нэг тэрбум ам.долларын гадагшлах урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэж үзэж байна. Төслийн гүйцэтгэл 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Төсөлд нэмэлтээр шаардлагатай 700 сая ам.долларын санхүүжилтийг Энэтхэгийн Экспорт-Импорт банкнаас авахаар шийдвэрлээд байгаа бөгөөд төслийн нийт өртөг 1.7 тэрбум ам.доллар болж байгаа юм.
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд жилд 1.5 сая тонн түүхий эд шаардлагатай. Тиймээс хайгуулын ажлыг эрчимжүүлж, дотоодын нөөцөө нэмэгдүүлэх нь чухал байгаа”-г Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал тодотгож байв.
Мөн тэрбээр “Хайгуул хийхэд нутгийн иргэдийн эсэргүүцэл, нутгийн захиргааны байгууллагын хүнд суртал ихээхэн сорилт дагуулж байна. Цаашид орон нутгийн саналыг хөнгөвчилсөн байдлаар шийдэхгүй бол хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангагдахгүй байгаа”-г онцоллоо.
