Улс төр
Д.Цогтбаатар: Шүүхийн шатанд дахин гомдол гаргана

“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Жаргалан нарын байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй
-Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдсан. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн. Түүнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг Улсын дээд шүүх тайлбарлана. Дуртай нэгэн хуульч, сэтгүүлч ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн I тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан
-Инфляци энэ оны хоёрдугаар сард 9.6 хувь болсон. Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл дээр тодорхой саналыг бэлэн болгосон байна. АН-ын бүлгээс Татварын багц хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэр гаргалаа.
Татварын дарамтыг багасгах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр санал санаачилга гаргах дээр санал нэгдлээ. Үүнээс гадна Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлгийн гишүүдийн байр суурь хөдлөхгүй байх ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн байр сууриа илэрхийлэх нь чухал юм.
