Дэлхий
Орос, Украины талууд Хар тэнгист гал зогсоохоор тохиролцов

Орос, Украины талууд өнгөрсөн өдрүүдэд Саудын Арабад АНУ-тай тус тусдаа хэлэлцээр хийсний дүнд Хар тэнгист гал зогсоох нөхцөлийг зөвшөөрсөн байна.
АНУ-ын Засгийн газар “тогтвортой, урт хугацааны энх тайванд хүрэхийн төлөө бүх тал хамтран ажиллах болно” гэж мэдэгдээд уг гэрээ нь худалдааны чухал замыг дахин нээх боломжийг олгоно гэж онцолжээ.
Мөн талууд бие биеийхээ эрчим хүчний дэд бүтцэд халдахгүй байх үүрэг хүлээсэн гэдгийг Цагаан ордноос мэдэгдэв.
Харин Оросын талаас Хар тэнгист гал зогсоох хэлэлцээр нь тус улсын хүнс, бордооны худалдаанд ногдуулсан зарим хориг арга хэмжээг цуцалсны дараа л хүчин төгөлдөр болно гэсэн байна. Оросын талаас
- Холбогдох банкнуудыг SwiftPay төлбөрийн системд дахин холбох,
- Хүнсний худалдаанд оролцож буй Оросын далбаатай хөлөг онгоцнуудад тогтоосон хязгаарлалтыг цуцлах,
- Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж болон хүнсний үйлдвэрлэлд шаардлагатай бусад бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээх зэрэг шаардлага тавьжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Хар тэнгист гал зогсоох хэлэлцээрийг зөв алхам гэж тодорхойлсон.
“Энэ хэлэлцээр үр дүнгээ өгөх эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ зөв уулзалтууд хийж, зөв шийдвэрүүд гарч, зөв алхмууд хийгдлээ” гэж тэрбээр Киевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Одоогоор Цагаан ордноос уг хэлэлцээр хэзээнээс хүчин төгөлдөр болохыг тодорхой мэдээлээгүй байна.
Эх сурвалж: ВВС
