-Цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл турших юм байна. Цаашид туршилтыг үргэлжлүүлэх үү, эсхүл нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах уу?
-Нийтийн тээврийн салбарт 2009 оноос хойш парк шинэчлэлт хийгдээгүй. Тиймээс 2020 онд парк шинэчлэлт хийхээс гадна олон хувилбарт нийтийн тээврийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тэдгээрийн нэгээхэн хэсэг нь одоо туршиж байгаа цахилгаан автобус юм. Бид арав гаруй улс орны автобусуудыг туршиж үзээд, олон улсын чанар стандартад нийцсэн, улмаар Монгол орны эрс тэс цаг агаарт тохирох “Yinlong Energy” компанийн цахилгаан автобусыг оруулж ирсэн.
Газар дээр нь очиж иргэд, зорчигч нартай уулзахад автобусны шил нь цантахгүй, буудлаа зарлахаас гадна давхар мэдээллийн самбараар мэдээлж байна, автобус дулаахан байна гэх эерэг зүйлс ярьж байсан. Үүнээс харахад иргэд цахилгаан автобусанд ам сайтай байх шиг байна. Туршилтын хугацаа дуусахаар цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
–Энэ жилийн хувьд харьцангуй дулаахан өвөл боллоо. Дараа жил цаг агаар эрс хүйтэрлээ гэж бодоход дээрх цахилгаан автобусууд эдэлгээ даах уу?
-“Туршилтын хугацаанд Монголын өвлийн улиралд ямар өөрчлөлт гарч байгааг нь үзэхээр гадаа хонуулсан. Туршилтын хугацаанд одоогоор ноцтой зөрчил гараагүй” гэж “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн газраас мэдээлсэн. Идэр есийн хүйтнийг даваад гарсан учраас цаашид нийтийн тээврийн салбарт ашиглах бүрэн боломжтой гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд цахилгаан автобус болон дизель түлшний автобусыг хослуулаад явж байна. Тухайлбал, тог цахилгаан тасрахад цахилгаан автобус хөдөлгөөнд оролцох боломжгүй. Харин энэ эрсдэлийг дизель түлшний автобус нөхөөд явж байна. Цаашид бид ч энэхүү жишгээр явна.
–Цаашид цахилгаан автобус нэмж авах нь ээ?
-Тийм ээ. Цахилгаан автобус нь эдийн засгаа бодсон ч тэр илүү хэмнэлттэй. 100 төгрөгөөр зардал гаргаад явж байгаа дизель автобус цахилгаанд шилжих юм бол 40 төгрөгийг зардал гаргаж 60 төгрөг хэмнэнэ. Тэгэхээр тэр хэмжээгээр төсөв мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Үүнээс гадна энэ онд хийгдэх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нэмж хүүхдийн 200 автобустай болох төлөвлөгөөтэй байна.
Ерөнхий боловсролын сургууль түр хаагдахаас өмнө нийт 29 сургуулийн 3000 орчим хүүхдийг хоёр ээлжээр 33 чиглэлд 40 автобусаар зөөж байсан. Хүүхдийн 40 автобус хөдөлгөөнд оролцоход л түгжрэл гурван хувиар буурсан үзүүлэлтэй гарсан. Тиймээс хүүхдийн автобусны тоог нэмсээр түгжрэл буурч, нөгөө талдаа хүүхдүүдийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм.
Энэ онд нийтийн тээвэрт хийгдэх парк шинэчлэлтийг бүхэлд нь аваад үзвэл цахилгаан соронзон галт тэрэг, агаарын замын зорчигч тээвэр /агаарын такси/, тусгай замын автобус, цахилгаан автобус, эко такси зэрэг нийтийн тээврийн төрлүүдийг шинээр нэвтрүүлнэ. Мөн автобус, таксины парк шинэчлэлийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шат дараалалтайгаар хийх, нийтийн тээврийн нэгдсэн удирдлагын системийг шинэчлэн нэвтрүүлэх тооцоо судалгаа хийж, цогц шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ шийдлүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг 2025 он гэхэд 50 хүртэл хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
–Монголд 1200 автобус үйлдвэрлэх чадалтай машин, автобус үйлдвэрлэдэг таван компани бий. Тэд хүчээ нэгтгээд жилд 650 автобус, хоёр жилийн хугацаанд 1200 автобус үйлдвэрлэж, парк шинэчлэлтийг 100 хувь дотооддоо хийх боломжтой гэж мэдээлж байсан удаатай. Нийслэлийн удирдлагууд дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжихгүй БНХАУ-аас л автобус аваад байна хэмээн яригдаад байгаа шүү дээ. Ер нь өөрсдийнхөө хийсэн автобусыг туршиж үзсэн үү?
-Мэдээж туршиж үзэлгүй яах вэ. Туршиж үзэхэд тус цахилгаан автобус нь бүрэн цэнэгтэй үедээ 70 километр явахаас гадна цэнэглэлт хоорондын хугацаа нь хэтэрхий удаан 4-5 цаг байсан. Харин БНХАУ-аас оруулж ирсэн дээрх арван автобус бүрэн цэнэгтэй үедээ 200 километр явдаг. Автобусыг зориулалтын цэгт 15-20 минутад бүрэн цэнэглэх боломжтой.
Мөн -50+ 50 градуст ажиллах чадвартай, баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн, 12 м урттай 15-20 минутад бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Түүнчлэн автобусны цонхууд хоёр давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Хэрэв чанарын шаардлага хангаж байвал аль болох дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэсэн бодолтой байна. Одоогоор монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусыг “Автобус-3” дээр туршиж байна.