Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Үүнийг хэрэгжүүлбэл зээлийн хүү гарцаагүй буурна!

Нийтэлсэн

Энэхүү нийтлэлийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бүх хүнд зориулав.

Б.Мэдрээ  Монголын Банкны Холбооны  Ерөнхийлөгч, ХудалдааХөгжлийн Банкны Ерөнхийлөгч

Зээлийн хүүг буулгахыг шаардсан “эх орончид” – ийн дүрийг ирэх саруудад Та олноор харна гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Сонгуулийн тов ойртохын хэрээр арилжааны банкууд руу давшлагчдын дуу хоолой дийлдэхээ больж, зээлийн хүүг хүчээр буулгахыг шаардсан сайн дурын уран сайханчдын хийрхэл хэрээс хэтрэх магадлалтай.

Зээлийн хүүг бууруулах нь шинэ цагийн ардчилсан монголчуудын мөнхийн хүлээлт байсаар ирлээ. Гэвч саарал ордны зөөлөн суудал горилогчид энэ амин чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдэх бус овжиноор ашиглан, улс төрийн оноо авах мөнхийн сэдэв болгож байгаа нь харамсалтай.

Ер нь улс төрчдийн хуурамч амлалт, мэргэжлийн бус сонирхогчдын хоосон цэцэрхлийг хойш нь тавиад яг бодит амьдрал дээр зээлийн хүүг бууруулах боломж бий юу? Монголын банк санхүүгийн салбарт 30 гаруй жил ажиллаж буй хүний хувиар үнэнийг хэлэхэд зээлийн хүүг бууруулах боломж бий. Гол нь үүнийг хүчээр шийдэх гэж муйхарлаж, түр зуурын шинжтэй аргаар тарамдах бус ул суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодлоготой, далайцтай, тууштай хэрэгжүүлэх нь чухал юм.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос зээлийн хүү хэт өндөр байсан (Зээлийн хүү 1993 онд жилийн 300 хувь байсан) бөгөөд Төв банк, төр засаг, арилжааны банкууд сүүлийн 30 орчим жил бууруулсаар өнөөгийн жилийн 17.0 хувийн түвшинд хүргээд буй юм.  Гэхдээ зээлийн хүү өнөө хэр хоёр оронтой тоогоор хэмжигдэж байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр түвшин юм.

Муу нэрлуу данстай” арилжааны банкууд

Монголд зээлийн хүү өндөр буйд банкуудыг буруутгах нь цөөнгүй.

Хүмүүс хүсэн хүлээж буй зүйлийг нь ярихад амархан итгэдэг.

Хүмүүсийн олонх нь асуудлын голыг олохыг чармайдаггүй.

Үүний нэг тод жишээ бол Арилжааны банкууд зээлийн хүүг хүчээр өндөр тогтоож, иргэдийг хүүлж, хэтэвчээ түнтийлгэж байна хэмээн зарим нэгэн чичилдэг.

Тэгвэл бодит байдал дээр арилжааны банкууд тийм их ашиг олж байна уу?

2018 оны 12 – р сарын 31 – ний байдлаар арилжааны 14 – н банк нийт 96.8 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бол харин “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд 807.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулсан.  Мөн 2017 онд арилжааны банкууд нийт 241 тэрбум төгрөгийн ашиг олсон бол ганцхан “Эрдэнэс Тавантолгой” үүнээс хэд дахин их ашигтай ажилласан байна.

Банкууд нийгмийн зарим хэсгийн ойлгодог шиг их хэмжээний ашиг олдоггүй нь ойлгомжтой боллоо. Гэтэл өнөөгийн нийгэмд арилжааны банкуудыг өндөр ашиг олдог, шулаач, мөлжигч, луйварчин, мөнгө хүүлэгч хэмээн буруутган, чичилсээр. Тэгвэл яагаад зээлийн хүү өндөр байна вэ?

Зээлийн хүүг банк тогтоодоггүй!

Арилжааны банкны зээлийн хүү үндсэндээ дөрвөн хүчин зүйлээс хамаардаг. 1 – рт, хүүгийн зардлаа тооцдог. Үүнд, хадгаламж эзэмшигчдэд тооцож буй хүүгийн зардлаас гадна харилцагчид тооцож буй хүүгийн зардал багтана. Мөн арилжааны банкууд дулаан, цахилгааны мөнгө, тоног төхөөрөмж, түрээс, цалин зэрэг үйл ажиллагааны зардлаа нэмнэ. Үүнээс гадна, эрсдэлийн нэмэгдэл гэж бий. Зээл авсан иргэн зээлээ бүрэн төлөхгүй байх явдал дэлхийн аль ч банкинд тохиолддог. Тиймээс арилжааны банк эрсдэлийн сан байгуулдаг. Эцэст нь, цэвэр ашгийг нэмснээр зээлийн хүү тогтдог учиртай.

1990 – ээд оны эхээр инфляц 300 гаруй хувь, зээлийн сарын хүү 25 гаруй хувьтай байсан. Үүнийг бууруулахаар банкууд л ажилласаар 1998 онд төгрөгийн зээлийн хүү жилийн 45.8, валютын зээлийн хүү жилийн 34.2 хувьтай болгож байсныг тайлан баримтаас харж болно. Энэ үед хууль гараагүй, төр ч дэмжээгүй, банкуудыг ч шахаагүй. Харин банкууд өөрсдөө л зээлийн хүүг бууруулсаар өдгөө 2019 оны 2 – р улирлын байдлаар төгрөгийн зээлийн хүү жилийн 17.0, валютынх 10.3 хувьтай байгааг Төв банкны тайлангаас харж болно.

2008 оноос валютын хадгаламжийн статистикийг тооцож эхлэхэд төгрөгийн хадгаламжийн хүү жилийн 13.6, валютын хадгаламжийнх 7.4 хувьтай байсан. 2019 оны 3 – р сарын 31 – ний байдлаар төгрөгийн хадгаламжийн хүү 13.5, валютынх 4.2 хувьд хүрээд байна. Эдгээрээс харилцах хадгаламж эзэмшигчдэдээ төлдөг хүү нь банкуудын нийт зардлын 60 орчим хувийг бүрдүүлдэг хамгийн том зардал юм.

Зээл олгогч нараас Арилжааны Банкны зээлийн хүү хамгийн өндөр нь үү?

Санхүүгийн систем хөрөнгийн зах зээл, даатгал, банк гэсэн гурван тулгууртай ч сүүлийн 30 орчим жил ачааны хүндийг зөвхөн Монголын арилжааны банкууд үүрч ирлээ. Монгол Улсад таван субьект зээл олгох эрхтэй. Иргэний хуулиар Иргэд1 хоорондоо зээл олгох эрхтэй бол байгууллагын түвшинд Арилжааны банк2, Хадгаламж зээлийн хоршоо3, Банк бус санхүүгийн байгууллага4, Ломбард5 зээлийн үйлчилгээ үзүүлж болно.

Арилжааны банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.0 (17.0 – 30.0%) хувьтай байгааг нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 2 – р улирлын тайлангаар Хадгаламж зээлийн хоршооны жигнэсэн дундаж зээлийн хүү жилийн 34.8 (30,0 – 40%), Банк бус санхүүгийн байгууллагынх 37.2 (24.0 –  40.0%), Ломбардынх 42.0 (36.0 – 60.0) хувьтай байна. Албан мэдээлэлд үндэслэн тооцоход санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дөрвөн байгууллагын зээлийн хүүгийн жигнэсэн дундаж 32.7 хувьтай тэнцэж байна. Зээл олгодог таван субъектээс хамгийн бага 17.% хувийг “муу нэртэйлуу данстай” банкууд санал болгож байна.

Монголын банкууд дэлхийн түвшнээс илүү өндөр ашиг олдог уу?

Дэлхийн банкны 2017 оны тайлангаар Монгол Улс (20.01 хувь) дэлхийн 200 – гаад орноос зээлийн хүүгийн түвшнээрээ их буюу аравт, татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжид төлж буй хүүгийн түвшнээрээ дэлхийд долоодугаарт жагсчээ.

Зээлийн хүүгийн түвшинг банкуудын ашигтай холбодог. Монголын банкууд үнэхээр их хэмжээний ашиг олоод байна уу гэдгийг бусад орны банкуудтай харьцуулахад ашигт ажиллагаа нь хэр байгааг тооцоо судалгаа, баримттай тооцъё.

Дэлхий даяар банкуудын ашигт ажиллагааг ROE (Return on eguity) буюу өөрийн хөрөнгийн өгөөжROA (Return on assets) буюу активын өгөөжөөр хэмждэг.

Эхлээд дэлхийн эхний топ 6 – н банкны ашигт ажиллагааг харцгаая. Өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хятадын Construction Bank Сorporation банк 14.76 хувиар тэргүүлж байна. Өөрөөр хэлбэл, өөрийн хөрөнгийн өгөөжөөр толгой цохиж буй том банкны өгөөжийн түвшин 15 хувьд ч хүрэхгүй байгаа бол хамгийн бага нь Японы Mitsubushi банк 8.43 хувьтай байна.

Гэтэл уул уурхайн компаниудын өөрийн хөрөнгийн өгөөжийн түвшин 35 хувиас буурдаггүй, дунджаар 60 – 70 хувийн өгөөжтэй байдаг. Тэгвэл активын өгөөжийн үзүүлэлтээр АНУ – ын JP Morgan Chase банк 1.15 хувиар топ банкуудыг тэргүүлж буй бол Японы Mitsubushi банкных 0.43 хувьтай буй багад тооцогдож байна.

Дэлхийн тэргүүлэх банкууд ийм дүр зурагтай байгаа бол Монгол Улстай хөгжлийн түвшин ойролцоо гэгдэж буй улсуудын банкны үзүүлэлтийг харцгаая. Активын өгөөжөөр хамгийн өндөр нь 2.80 хувьтай Беларусын Alfa банк байгаа бол Коста Рикагийн Banco de Costa Rica банк хамгийн бага буюу 0.34 хувьтай байна.

Монголын томоохон компаниудаас “Тавантолгой” компанийн активын өгөөж хамгийн өндөр буюу 33.38, өөрийн хөрөнгийн өгөөж нь 58.9 хувьтай байна. Гэтэл иргэдийг шулж, их ашиг олдог хэмээн чичлүүлдэг Монголын банкны системийн өгөөж хэд дахин доогуур.  Тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкны активын өгөөж 0.27 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж нь 2.11 хувьтай. Тэгэхээр Монголын банкууд их ашиг олж бусдыг шулдаг гэх хардлага худлаа болж таарч байна.

Хэр хэмжээний мөнгө эргэлдүүлж нэг төгрөгийн ашиг олсноор нь банкны салбарыг мөн дүгнэдэг. Монголын банкууд 2018 онд 33.1 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлээд 96 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. 2017 онд ч арилжааны 14 – н банк 28.7 их наяд төгрөг эргэлдүүлээд 241.9 тэрбум төгрөгийн (ам. долларт шилжүүлбэл, 109 – н сая ам.доллар) ашигтай ажилласан байна.

2006 – 2017 онд Монгол Улсын банкны системийн өөрийн хөрөнгийн өгөөж 7.9 хувьтай байхад манай улстай орлогын түвшин ижил гэгддэг орнуудынх 14.6 хувьтай байв. Монголын банкуудын өгөөжийн түвшин олон улстай харьцуулахад бараг хоёр дахин бага байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, банкны эзэн өөрийн хөрөнгөөрөө банк ажиллуулаад 7.9 хувийн өгөөж хүртэхийн оронд мөнгөө хадгаламж болгосон бол дунджаар 13.5 хувийн өгөөж хүртэнэ гэсэн үг. Санхүүгийн бодит тооцоолол, аудитаар баталгаажсан тайлан үнэнийг ийн өгүүлж байна.

Үнэнг гутлаа өмсөх зуур худал уул давдаг

Зээл хүн төрөлхтнийг хөгжил дэвшилд хөтөлсөн нь маргашгүй үнэн. АНУ – ын автомашины агуу зохион бүтээгч Генри Форд зохион бүтээсэн автомашинаа цөөхөн хэдэн баян хөрөнгөтөнд борлуулж байсныг нь JP Morgan тэргүүтэй банк санхүүжүүлсний үр дүнд автомашиныг хүн бүрийн унаа болгосон. Цаад агуулгаараа банк дэмжиж, үүнийг банкирууд хийсэн.

Өнөөдөр сэтгэгч, зохион бүтээгчдийн санааг нэвтрүүлсэн гар утас, хөргөгч, компьютер, зурагт  зэрэг бүтээгдэхүүн нийтийн хэрэглээ болсон. Энэ бүхнийг хэн санхүүжүүлсэн вэ? Банк болон банкирууд биш гэж үү. Банкирууд залхуу, худалч бус хөдөлмөрч, үнэнч, авьяаслаг хүмүүсийг дэмжиж, орлого, эрсдэлийг нь тооцсоны үндсэн дээр санхүүжилт олгодог. Ингэснээр хөгжил, дэвшил, ахиц бий болдог. Үүнийг эдийн засгийн өсөлт гэж бид нэрлээд байгаа юм. Хүн төрөлхтөнд, дэлхий нийтэд өгч буй банкны өгөөж маш өндөр.

Тухайлбал, Худалдаа, хөгжлийн банкны зээлээр “Говь” компани, “Монос” групп, “Могол” ноос, “Оргио” тахиа, “Шар доктор”, “Янмал” оймсны үйлдвэр, олон арван орон сууц, оффисын байр гээд дурдаад байвал олон дотоодын баялаг бүтээгчийг санхүүжүүлсэн. Эдгээр бизнес эрхлэгч баялаг бүтээж, олон мянган ажлын байр бий болгож, төсөвт татвараа төлж байна.

Одоо зээлийн хүүг бууруулахад юуг хийх ёстой тухай өөрийн санал бодлоо хуваалцъя.

Төгрөгийн дархлааг хамгаалах нь

Зээлийн хүүг бууруулахын тулд нэн тэргүүнд монгол төгрөгийн үнэ цэнийг ярихаас өөр аргагүй болно. Тэгвэл монгол төгрөгийн өнгийг юу тодорхойлдог вэ?

Валютын орох, гарах урсгалын тэнцвэр алдагдсанаас ам.долларын ханш чангарч, түүнтэй харьцах төгрөгийн үнэ цэнэ буурч байна.

Иймд, Монгол улсад валютын ханшийн тогтвортой байдал болон валютын орох, гарах урсгалын тэнцвэртэй тогтолцоог бий болгоход анхаарах шаардлагатай.

Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүү, инфляциас ч илүү ам.долларын эсрэг төгрөгийн дархлаатай холбоотой. Монгол Улс 1993 оноос төгрөг, ам.долларын хослолыг тооцож эхэлсэн. Тухайн үед нэг ам.доллар 396.51 төгрөгтэй тэнцэж байжээ. Харин 1994 онд нэг ам.доллар 414.09 төгрөг, 1999 онд 1072.37 төгрөг болтлоо өссөн. 2015 онд “ногоон” – ы ханшийн эсрэг төгрөг 1995.51, 2016 онд 2489.53 нэгжид хүрсэн бол 2019 оны 12 – р сарын 31 – ний байдлаар нэг ам.доллар 2734.33 төгрөгтэй тэнцэж байна. Гэтэл социализмын үед буюу 1989 онд нэг ам.доллар тогтмол ханштай буюу ердөө 2 төгрөг 99 мөнгө байлаа. Монгол Улс тухайн үед өнөөгийнх шиг их хэмжээний бараа, үйлчилгээ импортолдоггүй, социалист орнуудтай шилжих рублиэр худалдаа хийж,  балансаа гаргадаг байлаа. Үүнээс үзэхэд, сүүлийн 30 орчим жилийн турш Монгол Улс тасралтгүй төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг алджээ.

Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал ганхахад хүргэж буй гадаад валютын нөөцийг дотооддоо боломжит хэмжээнд хуримтлуулах нь чухал. Төв банк болон холбогдох байгууллагын тайлан мэдээллээс харахад Монгол Улс 2016 онд 1.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй атлаа гурван тэрбум ам.долларын импорт хийсэн байна.

2017 онд 3.1 тэрбум ам.долларын валютын нөөцтэй манай улс дөрвөн тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хилийн чанадаас худалдан авсан байдаг. Өөрөөр хэлбэл, алдагдал байнга хүлээж, дараа жилийнхээ нөөцийг түрүүлээд “идэж” ирсэн гэсэн үг.

Монгол Улс валютын орох, гарах урсгалд тасралтгүй алдагдал хүлээсээр ирсэн нь ам.доллар ховордож, төгрөг үнэгүйдэх шалтгаан болж буй. Бид жилд 3.0 – 4.0 тэрбум гаруй ам.доллар буюу Монголбанкны дансан дахь валютын албан нөөцийг бүгдийг нь импортын бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж байна. Бид валютын орох, гарах урсгалыг хянаж зохицуулсан цагт зээлийн хүүг жинхэнэ утгаар нь бууруулж чадна.

Монгол Улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал

Монгол Улс бүтээгч, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэгч орон болохгүйгээр үүнийг шийдэх боломжгүй. Үүний тулд хүнд аж үйлдвэр буюу суурь аж үйлдвэрийг хөгжүүлэх нь хамгаас чухал. Хилийн чанад руу урсаж буй ам.долларыг дотооддоо үлдээхэд …

1 – рт, Цахилгаан станц барьж, цахилгаанаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хэрэгтэй. Одоогоор Монгол Улс өмнөд болон хойд хөршөөсөө эрчим хүч худалдан авч, их хэмжээний валютын урсгалыг гадаадад алдаж байна. Ялангуяа, уул уурхайн “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниуд БНХАУ – аас импортолсон цахилгаан эрчим хүчээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нүүрсээр баян, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Ингэснээр цахилгаан худалдан авахад зарцуулдаг ам.долларыг дотооддоо валютын нөөц болгон үлдээнэ.

2 – рт, Газрын тосны нөөцтэй цөөн орны нэг болох манай улс Нефтиэ өөрсдөө бушуухан нэрдэг болмоор байна. Монгол Улс одоогоор шатах тослох бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг, шатахуунаас хараат, нэг ёсондоо колони улс болсон нь үнэн. Бид түлш, шатахуунд  жилд 1.5 тэрбум гаруй ам.доллар алддаг. Иймд, энэ ажлыг цаг алдалгүй түргэвчлэх учиртай.

3 – рт, Шил, шилэн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Шилний үйлдвэргүй учраас зөвхөн архи, пивоны шил импортлоход жилд 200 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Шилний хэрэгцээ үүгээр дуусахгүй бөгөөд хотын төвд сүндэрлэж буй шилэн барилгуудын гадна, дотно фасадаас эхлээд цонхны шил, жимсний чанамал, өргөст хэмхийн шил, шилэн эдлэл гээд энэ төрлийн бүтээгдэхүүнд хэдий хэмжээний валют гадаад руу урсаж буй бол? Гэтэл шилэнд сая саяар нь “ногоон” алддаг Монгол Улс шилний үндсэн түүхий эд болох цахиурын нөөцтэй орон.

4 – рт, өдгөө түүхийгээр нь шахуу гадаадад гаргаж буй Зэсээ боловсруулах нь зээлийн хүүг бууруулах бодит алхам. Зэс зэвэрдэггүй, эвдэрч гэмтдэггүй эд учраас Энэтхэгийн Шинэ Дэлигийн баячуудын хороололд цэвэр, бохир усны хоолойг хүртэл зэсээр хийж амьдрал ахуйдаа хэрэглэсээр …

Өдгөө урд хөрш рүү түүхийгээр нь импортолж буй зэсийн баяжмалыг нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгон экспортын орлогыг өсгөснөөр валютын гаднаас орох нөөцийг бас нэмэгдүүлнэ.

5 – рт, дээд зэргийн Ган хайлах үйлдвэр бидэнд хэрэгтэй. Монгол шиг жижиг зах зээлд хүнд аж үйлдвэр зохимжгүй гэж зарим эдийн засагч үздэг нь хоцрогдсон ойлголт. Ган хайлах бага чадлын үйлдвэр байгуулаад ашигтай ажиллуулж болно. АНУ – д “Нукор” нэртэй дээд зэргийн гангийн жижиг үйлдвэрийн сүлжээ ийм загвараар ажиллаж байна.

Гэтэл төмрийн хүдрийн арвин нөөцтэй монголчууд өнөө хэр дээд зэргийн чанартай ган хайлж чадахгүй, арматур төдийхөн л хийгээд сууж байгаа нь харамсалтай.

Монголын валютын нөөцийг хилийн чанад руу урсгадаг импортын бүтээгдэхүүнийг орлох энэ таван үйлдвэрийг эх орондоо байгуулсан цагт төгрөгийн ханшийг хамгаалж, бас чангаруулж чадна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Аж үйлдвэрийн яам тусад нь байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна “хос төмөр зам” барих хэрэгтэй. Сүхбаатар хотоос Замын – Үүд хүртэл хос төмөр зам барихаас гадна уул уурхайн түүхий эд зөөх “экспортын төмөр зам” тавих шаардлагатай. Автомашинаар нүүрс, төмрийн хүдэр зөөхөд өртөг зардал өндөртэй. Энэ төмөр замыг нарийн, бүдүүн цариг гэж цэц булаалдахын оронд “Экспортын төмөр зам” гэж эергээр нэрлэж болно.

Эдгээр арга зам, алхам бол макро түвшний буюу төрийн оролцоо шаардсан ажил. Төр бодлогоо гарган, хувийн хэвшилтэй хамтран ажиллавал зээлийн хүүг гарцаагүй нэг оронтой тоонд оруулж чадна.

Банкны систем гар доороо зохицуулж болох алхамууд 

Дээрхээс гадна банкны систем гар доороо зохицуулж, зээлийн хүүг бууруулахад түлхэц өгөх хэд хэдэн арга зам бий.

1 – рт, Монголд 730 – аад хууль хэрэгжиж буйн 55 – н хуулинд нь банкны салбартай холбоотой зүйл заалт агуулдаг. Эдгээр хуулийн цөөнгүй нь банкны өртөг зардлыг нэмэгдүүлсэн зүйл заалт чамгүй багтаасан байдаг. Нэг ёсондоо, популист улс төрч – гишүүд банкуудыг өндөр ашигтай гэж хялайн – нүд үзүүрлэж, хуулиар дөнгөлж, чангатгаж, өртөг зардлыг нэмэгдүүлдэг.

2 – рт, эдгээр хуулийг дагасан 70 орчим дүрэм, журам, зааврууд мөн банкуудыг чангалсан, өртөг зардлыг нэмэгдүүлдэг.  Үүнийг заавал засаж өөрчлөх шаардлага бий.

Жишээ нь, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бол банк нь салбар, тооцооны төв шинээр байгуулахад хураамж төлөх ёсгүй байдаг. Учир нь банкны нэгж нь тухайн байгууллагын нэг хэсэг учраас нэгдсэн байдлаар тайлан баланс нь тооцогдож татвараа төлдөг.

Гэтэл Монголбанк “Нэгжийн тухай журам” баталж, түүнд нь хэрэв банк шинэ салбар байгуулбал гурван сая төгрөгийн хураамжийг Монголбанкинд төлөхөөр заасан байдаг. Энэ мэт шимтгэл, хураамж банкны өртөг зардлыг өсгөдөг.

3 – рт, Карт уншигч машинуудыг цэгцлэх. Монголд нэг дэлгүүрт ороод бараа худалдан авахад банк тус бүр карт унших машинтай. Харин бусад оронд карт унших ганцхан машинтай, бүх банкны картыг уншиж, орсон мөнгө банкуудад нь программын кодоор ангилагддаг. Гэтэл банкууд тэр ПОС машиныг нь худалдан авна, суурилуулна, боловсон хүчнээ сургана, засна, цаасаар нь хангана. Энэ бүхэн давхардсан зардал болдог. Уул нь, ПОС машин чинь дэлгүүрийн кассын машин. Тэгэхээр дэлгүүрийн өмч байх ёстой. Банкны өмч яавч биш. АТМ ч  ялгаагүй. Нэг дэлгүүрт 4 – 5 – н банкны АТМ байна. Үүнийг бас төгрөгөөр цэнэглэнэ. Харуул хамгаалалтаас эхлээд мөнгө цэнэглэх хүн, засварчин – инженер цалинжуулна. Үүнийг дагасан хамгаалалт, унаа шатахууны зардал бас гарна.

Бусад улсын Төв банкны тухай хуулийн эрх үүрэгт арилжааны банкууд дэд бүтцээ өргөжүүлэхэд нь Төв банк нь үүнийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхээр заасан байдаг. Банкууд дундаа процессэнгийн төв байгуулж, нэг ПОС машинтай байж яагаад болохгүй гэж. Арилжааны банкууд хоорондоо хэл амаа ололцохгүй байж болох ч хуулиар зохицуулж болно. Хэрэв Монголбанкны тухай хуульд нэг заалт оруулаад, банкуудын дэд бүтцийг цэгцлэх ажлыг Төв банк санаачлан зохион байгуулна гэж заасан байхад арилжааны банкууд “мэдлээ, гүйцэтгэе л” гэж хэлнэ.

Ухаан зарвал хийх арга заавал олдоно

Дээр дурдсан арга замуудыг үе шаттай хэрэгжүүлж, тууштай, тогтвортой үргэлжлүүлэхэд төр засаг, Төв банкны оролцоо чухлаас чухал.

Угтаа зээлийн хүү бага байх нь банкинд ч ашигтай. Учир нь банкны эрсдэл буурч, муу болон чанаргүй зээл багасна.

Хадгаламж эзэмшигчдийнхаа л мөнгийг зээлдүүлдэг банкны салбарын зээлийн эргэн төлөлт сайн байснаар хадгаламж эзэмшигчдэд мөнгөө илүү найдвартай өгч чадна. Мөн бизнес тэлж банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн тоо, хөрөнгө нэмэгдэнэ.

Хүү өндөр байх нь хамгийн түрүүнд иргэд, зээлдэгчдэд дарамт болдог. Тэгэхээр аль аль талынх нь ашиг сонирхол зээлийн хүүг бууруулах цэг дээр нийлж байна.

Төв банкны зорилгыг өөрчлөх шаардлагатай

Төв банк нь санхүү, мөнгөний тогтолцоог хөгжүүлэхэд чиглүүлэгч болсноос гадна эдийн засгийн бодлогод гол үүрэг гүйцэтгэдэг.

Төв банкны гол зорилго нь юу вэ?

Эн түрүүн Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зорилгыг нь чиглүүлэх. Энэ нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, хүчтэй савалгаа, хямрал, хүндрэлээс сэргийлж, инфляцийг нам доогуур түвшинд тогтвортой барих ёстой гэсэн үг. Энэ бол Төв банкны эдийн засгийн үүрэг.

Төв банкны өөр нэг үүрэг зорилго бол санхүүгийн тогтвортой байдлыг хангах.

Төв банкууд санхүүгийн системийн ажиллагааг хэвийн байлгах, ялангуяа, санхүүгийн тогтворгүй байдал, хямралаас урьдчилан сэргийлэх, болзошгүй сөрөг нөлөөг бууруулахыг зорин ажилладаг.

Эдгээр зорилгыг биелүүлэхэд Төв банкуудад ямар арга хэрэгсэл байдаг вэ?

Хоёр төрлийн хэрэгсэл бий. Эдийн засгийн тогтвортой байдал талаас нь авч үзвэл  гол хэрэгсэл нь мөнгөний бодлого. Жишээлбэл, Төв Банкууд богино хугацаатай хүүгээ өсгөж, бууруулдаг.

Нээлттэй зах зээлээс үнэт цаас худалдаж авах, эсвэл борлуулах замаар үүнийг хэрэгжүүлнэ.

Ихэвчлэн эдийн засгийн өсөлт хэт удааширсан, эсвэл инфляци хэт нам доогуур түвшинд хүрсэн тохиолдолд Төв Банкууд бодлогын хүүгээ бууруулах, өсгөх замаар эдийн засгийг идэвхжүүлэх, халалтаас сэргийлэх арга хэмжээ авдаг.

Хүү бага байснаар эрэлт, худалдан авалт нэмэгдэж, эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалт өснө. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлдэг.

Хэрэв эдийн засаг хэт хурдтай өсч, инфляци асуудал болсон үед Төв банкны авдаг ердийн арга хэмжээ нь бодлогын хүүгээ өсгөх.

Банкуудад богино хугацаанд мөнгө зээлэхдээ авдаг овернайт хүү (нэг хоногийн хугацаатай банк хоорондын зээлийн хүү) буюу жишээлбэл,

Төв банк бодлогын хүүг өсгөснөөр банкны системд хүү нэмэгдэнэ. Энэ нь орон сууц, автомашин худалдан авалт, хөрөнгө оруулахад шаардлагатай зээлийн хүүг өсгөх замаар хэт халсан эдийн засагт ирэх дарамтыг хөнгөлдөг.

Санхүүгийн тогтворгүй байдал, санхүүгийн хямралын үед ашигладаг Төв банкны гол хэрэгсэл бол Төв банкнаас олгодог санхүүжилт юм.

Санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд Төв банкуудын хийж чадах нэг зүйл бол санхүүгийн байгууллагуудад олгодог богино хугацаатай зээл байдаг. Өөрөөр хэлбэл, тогтворгүй байдал болон хямралын үед санхүүгийн байгууллагуудад богино хугацаатай зээл олгосноор тэдгээр байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, улмаар зах зээлд үүссэн тогтворгүй байдлыг намжаахад тус болдог. Төв банкийг ийм үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаар нь “авралын буюу эцсийн ганц зээлдүүлэгч” гэх нь ч бий.

Ихэнх Төв банкны хувьд гурав дахь хэрэгсэл нь санхүүгийн зохицуулалт болон хяналт юм. Төв Банкууд хүндрэлд орсон банкуудад авралын ганц зээлдүүлэгч болох үүргээ 2008 оны хямрал болтол сайн ойлгоогүй байсан.

Уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгсэлийг Төв банкны тухай хуулинд тусгаж өгвөл цаг үетэйгээ хөл нийлүүлнэ гэсэн үг

Дэлхийн санхүү, эдийн засгийн 2008 – 2010 оны хямралаар Төв Банкууд санхүүгийн зах зээл дэх тогтворгүй байдлыг удирдахын тулд хөрвөх чадвараар банкуудыг хангаж, чухал хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд АНУ – ын Төв банк, Европын Төв банк, Английн Төв банкууд санхүүгийн байгууллагуудад богино хугацаатай, хөрвөх чадвар өндөртэй, санхүүгийн хэрэгсэл нийлүүлж, санхүүжилтийн дутагдлыг хааж байсан.

Хөрөнгө, мөнгөний дутагдалтай байгаа санхүүгийн байгууллагуудад санхүүжилт олгох замаар зах зээлийг тайвшруулах, бүх төрлийн санхүүгийн байгууллагын хөрвөх чадварыг сайжруулах, зээл олгох олон өөр төрлийн тусгай хөтөлбөрүүдийг санаачилж, хэрэгжүүлсэн. Жишээлбэл, TARP (Troubled Asset Relief Program) буюу хүндрэлд орсон активуудыг худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлсэн. АНУ – ын Засгийн газар түр хугацаагаар зарим банкны активыг худалдан авч, эзэмшигчийн байр сууринд очсон.

2010 оны 12 – р сар гэхэд АНУ – ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Банк (ХНБ) – наас хямралын үед нийт 21 – н мянган зээл олгосон. Энэ 21 – н мянган зээлээс ганц нь ч төлбөрөө хоцроогоогүй буюу дефолт зарлаагүй. Зээл нэг бүр эргэн төлөгдсөн. Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго ашиг олохоосоо гэхээсээ илүү санхүүгийн системийг тогтворжуулахад оршиж байсан ч эцсийн эцэст татвар төлөгчид хожсон.

Дэлхийн олон орны Төв Банкуудын 2008 – 2010 оны хямралын үед ашигласан үндсэн хэрэгслийг “их хэмжээний актив худалдан авалт” гэдэг.

Энэ нь олон нийтэд “Бонд худалдан авах хөтөлбөр” буюу QE (quantitative easing) гэдгээр танигдсан. Үүнийг эдийн засгийг дэмжихэд чиглэгдсэн Тоон үзүүлэлтээр хөнгөвлөх буюу мөнгөний зөөлөн бодлого гэж ч хэлж болно.

Энэ хөтөлбөр ямар зарчмаар хэрэгжсэн бэ гэвэл? Урт хугацааны хүүд нөлөөлөхийн тулд Төв Банкууд үнэт цаас болон Засгийн газрын дэмжлэгтэй байгууллагуудын моргейжийн зээлтэй холбоотой үнэт цаасыг их хэмжээгээр худалдан авсан. Урт хугацааны хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд түлхэц өгсөн.

Мөн Урт хугацааны дахин санхүүжүүлэх хөтөлбөр, Хүчинтэй хугацааг сунгах хөтөлбөр, Хугацаатай дуудлага худалдааны хөтөлбөр, Арилжааны Векселийн санхүүжилтийн хэрэгсэлийн хөтөлбөр, Тэг хувийн хүүгийн бодлого зэрэг хөтөлбөрүүдийг зэрэгцэн хэрэгжүүлсэн.

Санхүүгийн хямрал хүн төрөлхтнийг үргэлж дагалдана, хэзээ ч алга болохгүй.

Эдийн засгийн болон Санхүүгийн хямрал, сэргэлтийг гэтлэн давахын тулд манай Төв банк буюу Монголбанкинд уламжлалт бус мөнгөний бодлогыг хуулинд нь заавал тусгаж өгөх шаардлагатай.

Үнийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилгыг Төв банкны тухай хуульд тусгаж өгөх нь “байг” оносон зорилго болно, одоогийн төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн зорилгыг хэнбуйгай ч хэрэгжүүлж чадахгүй.

Ажилгүйдлийг бууруулах нь Төв банкны үндсэн зорилгын нэг яах аргагүй мөн. Үүнийг ч бас Төв банкны зорилгод тусгаж өгөх.

Олон улсын валютын сан (ОУВС) – тай яаж харилцах вэ?

ОУВС нь эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход дэлхий дахины хэмжээнд хамтын үйл ажиллагаа шаардлагатай гэсэн итгэл үнэмшлээр байгуулагдсан. Олон Улсын Валютын Сан (ОУВС) – д Ядуурлыг хэрхэх тухай ямар бодлого явуулах ёстой вэ гэдэг талаарх бодлого байдаггүй.

ОУВСангийн зорилт нь дэлхий дахины эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал бөгөөд хөгжиж байгаа орнуудын ядуурлыг бууруулах асуудал биш юм. Харин энэ байгууллага богино хугацаатай санхүүгийн тусламж үзүүлж байгаа орнуудынхаа хөгжлийн дотоод асуудалд оролцсоор л.

Аливаа нэгэн улс хямралд орчихсон байхад ОУВС – гийн хэрэгжүүлсэн программ, олгосон хөрөнгө мөнгө байдлыг тогтворжуулж чадахгүй байснаар барахгүй олонх тохиолдолд нөхцөл байдлыг, тэр тусмаа ядуу хүмүүсийн байдлыг үнэндээ улам дордуулж байсаар ирсэн.

ОУВС – гийн бодлого олон оронд өлсгөлөн, бослого үймээн гарахад хүргэсэн.

ОУВС огт тохирохгүй нөхцөл байдалд ч өөрийнхөө бодлогоо хүчээр тулган явуулдаг бөгөөд бусдын үгийг сонсдоггүй байгууллага гэдгийг Нобелийн эдийн засгийн шагналт, эдийн засгийн ухааны доктор, профессор, АНУ – ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны эдийн засгийн зөвлөх Ж. Стиглиц хэлсэн.

Тиймээс өөрийн орны хөгжлийн онцлог, байр суурийг баттай хамгаалж харилцах нь зүйд нийцнэ.

Зээлийн хүүг бууруулахад инфляцийг яах вэ?

Хариулт нь гэвэл инфляцийг аль болохоор тогтвортой нам түвшинд байлгах.

Инфляци урт хугацаанд нам дор байснаар, эдийн засаг илүү тогтворжиж, энэ нь эдийн засгийн эрүүл өсөлт, бүтээмж болон эдийн засгийн идэвхийг дэмждэг. Тиймээс инфляци доогуур түвшинд хадгалагдах нь эерэг зүйл.

Мөнгөний бодлогын нэрт эдийн засагч Милтон Фридман: “Хаана мөнгө байна, тэнд инфляци байдаг” гэж хэлсэн. Инфляци бол анхаарах чухал асуудал, энэ нь үнийн тогтвортой байдалд үргэлж анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн үг юм. Гэхдээ ажилгүйдэл ба эдийн засгийн өсөлт адилхан чухал гэдгийг макро эдийн засгийн хүрээнд байнга хэрэгжүүлж байх зүйл мөн.

АНУ – ын Төв банкны Ерөнхийлөгч асан Бернанке хэлэхдээ ерөнхийдөө инфляци хоёр хувьтай байх нь хамгийн тохиромжтой гэж үзсэн. Ихэнх Төв банкны инфляцийн зорилтот түвшнийг харвал хоёр, эсвэл 1 – 3 хувийн хооронд хэлбэлздэг.

Зээлийн хүүг бууруулахад Татварын бодлогод өөрчлөлт оруулах талаар

Монгол улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад ч тэр зээлийн хүүг бууруулахад ч тэр татварын эрх зүйн тааламжтай, тодорхой, бизнесийг дэмжсэн орчин бүрэлдүүлэх нь нэн чухал билээ.

Банк, санхүүгийн байгууллагаас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан өрийн бичиг – бондын хүүг татвараас чөлөөлөх, зээлийн барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, зээл төлүүлэх санхүүгийн үйл ажиллагаанд НӨАТ болон үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогын албан татвар ногдуулахгүй байх, мөн төлбөрийн картын төлбөр тооцоог өргөн дэлгэр нэвтрүүлэхэд нэгдсэн нэг ПОС – Терминалыг худалдаа, үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагыг үндэслэн татварын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм.

Арилжааны банк нь зээлийн барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авахад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 1,500,000 хүртэл төгрөг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахад 2 хувь татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгийн 0.6 – 1.0 хувиар тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх зэргээр зардал гарч байна.

Тэгэхээр Иргэн зээл авахаар хоёр өрөө орон сууцаа барьцаалсан тохиолдолд Банкны нягтлан бодох бүртгэлийн балансад уг хөрөнгө банкны өмчлөх бусад хөрөнгө болж, банкны балансын гадна бүртгэгддэг.

Иргэн зээлээ төлсөн тохиолдолд байраа буцаагаад авдаг. Гэтэл арилжааны банкууд барьцаанд авсан учраас үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг арилжааны банкууд төлдөг. Энэ нь нэмэлт зардал гардаг учраас банкууд үүнийг зээлийн хүүдээ шингээдэг гэх мэт олон жишээ дурдаж болно. Ийм байдлаас үүдэн банкууд барьцаа хөрөнгөө өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэхгүй байх, бусдын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах гэх мэт далд эдийн засаг бий болгох, нөгөөтэйгүүр энэ татварын зардлуудыг зээлдэгчид үүрүүлэх, ингэснээр зээлийн хүү өсөх гэх мэт сөрөг үр дагавруудыг үүсгэх магадлал өндөрсөх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зохих нэмэлтийг оруулах шаардлагатай байна.

2004 онд Гүрж улс татварын хуулиа үндсээр нь өөрчилж, татварын 22 төрөл байсаныг 6 хүртэл цөөрүүлж, хувь хэмжээг нь бууруулсан. Энэхүү татварын реформыг Гүрж улс хийснээр Гүржийн нэгдсэн төсвийн татварын орлого 2003 онд 469 сая ам. доллар байсан бол 2007 онд 2.2 тэрбум ам. долларт хүрч, татварын орлого нь 4.7 дахин буюу 470 хувиар өсчээ. Гүрж улсад 2007 онд бүртгэгдсэн татвар төлөгчдийн тоо 2004 оныхоос 86 % – иар өссөн байна. Ингэж Гүрж улс өөрийн жишээгээр, Татварын орлого нь түүний хувь хэмжээнээс хамаардаг буюу татварын хувь хэмжээг бууруулбал, далд бизнес ил гарч, төсвийн орлого нэмэгддэг гэдэг онолыг үндэслэгчдийн нэг Америкийн эдийн засагч Лаффер (эдийн засагчид “Лафферын – муруй” гэдэг) – ын онолын үйлчлэлийн зүй тогтлыг дэлхий дахинаа батлан харуулав.

2009 оны Forbes сэтгүүлийн Tax Misery Index (“Татварын мангаа”) чансаагаар Гүрж улс татварын дарамт багатай улсуудын дотор Катар, Арабын Нэгдсэн Эмират, Гонгконгийн дараа дөрөвдүгээр байрт оржээ. Гэтэл Монгол улсад 2018 оны байдлаар татварын 51 – н төрөл байгаа бөгөөд тэдгээрийн хувь хэмжээ нь 0 – 40% – ийн хооронд байна. 2015 оноос 2018 оны хооронд манай улсын татвар төлөгчдийн тоо өсөх биш эсрэгээрээ 0.17% – иар буурчээ. Хэдийгээр татварын орлого 2.73 их наяд төгрөгөөс 4.75 их наяд төгрөг болж 74% – иар өссөн ч энэ нь жилд ердөө 18.4% – иар татварын орлого өсч байна гэсэн үг юм. Дээрх тоон үзүүлэлтүүдээс үзэхэд Монгол улс татварын дарамт өндөртэй орны тоонд орж байгааг харуулж байна.

Эцэст нь, Монгол улс татвараа бүрэн хурааж авдаг тогтолцоотой болж, хангалттай хэмжээний мөнгөн хуримтлалттай болсноор төрөөс цалинждаг хүмүүсийн цалин орлого нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа