CGTN мэдээ

Хятадын гадаад худалдааны уян хатан байдал хаанаас ирэв?

Нийтэлсэн

Хэдхэн хоногийн дараа, дэлхийн хамгийн том ачаалах хүчин чадалтай “Шэньжэнь” нэрэмжит автомашины роро хөлөг онгоц анхны аяллаа Хятадын Жянсу мужаас хийх гэж байна. Усан онгоцыг ажиллуулж буй Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD 14-ний өдөр мэдээлснээр, энэ оны эхний улиралд тус компани усан онгоцыг ашиглан, 25 мянга гаруй шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг гадаад руу тээвэрлэж, гадаад дахь нийт борлуулалт 206,100-аас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 110 хувиар өссөн байна.

Хятадын гадаадад экспортолж буй эрчим хүчний шинэ бүтээгдэхүүн нь дэлхийд “шинэ”, “ногоон” санааг авчираад зогсохгүй гадаад худалдааны чухал хөдөлгөгч хүч болж байна. Хятадын албаны талын мөн өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ 10.3 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар нэмэгдэж, үүнд экспорт 6.9 хувиар өсч, ерөнхийдөө тогтвортой эхлэлийг тавьсан байна. АНУ нэмэлт татвар ногдуулж дэлхийн худалдааны дэг журмыг алдагдуулж буй нөхцөлд, “Хятадын худалдааны тоо баримт хүлээлтээс давж”, “тэсвэртэй уян хатан байдлаа хадгалсаар байна гэдэг нь хялбар биш явдал” гэж Блүүмберг зэрэг гадаадын хэвлэлүүд онцлон тэмдэглэжээ.

Нэгдүгээр улиралд Хятадын барааны худалдааны импорт буурах хандлага гарсныг гадаадынхан анзаарсан юм. Энэ нь нэг талаар олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ буурсантай холбоотой. Нөгөө талаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний улиралд ажлын хоёр өдөр хасагдсан нь импортын өсөлтөд нөлөөлсөн юм. Гэсэн хэдий ч нэгдүгээр улиралд Хятадын аж үйлдвэрийн үйлдвэрлэл хурдацтай өсч, хэрэглээний зах зээл тогтвортой байж, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааны импорт ихээхэн нэмэгдсэн байна. Дэлхийн хоёр дахь том импортлогч орны хувьд Хятад улс импортыг нэмэгдүүлэх асар их орон зайтай байсаар бөгөөд Хятадын том зах зээл нь дэлхийн хувьд үргэлж том боломж гэдгийг харж болно.

Энэ оны эхний улиралд АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байж, импорт экспорт өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдаанд эзлэх хувь хэмжээ 16.6 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ, Хятадаас Европын холбоонд хийх импорт экспортын хэмжээ 1.4 хувиар нэмэгдэж, худалдааны гүйлгээ бараг минут тутамд 10 сая юанийг давсан байна. Түүнчлэн, Хятад улс “Бүс ба Зам” санаачилгад оролцогч орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны 51.1 хувийг бүрдүүлсэн байна. Хэдийгээр АНУ-ын засгийн газрын гаалийн татварын нөлөөнд өртсөн ч Хятад, Америкийн хоёр талын худалдаа эхний улиралд 4 хувийн өсөлттэй хэвээр байна. Энэ нь Хятад, Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тарифын саад бэрхшээлээр хаагдсан биш, харин дотоод хөдөлгөгч хүчтэй гэдгийг харуулж байна.

Хятадын гадаад худалдаанд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдах ёстой. Өнгөрсөн таван жилд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын нийт хэмжээ Хятадын гадаад худалдааны гуравны нэг орчим хувийг эзэлж байгааг тоо баримт харуулж байна. Энэ оны эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалттай 67,000 гаруй аж ахуйн нэгж импорт, экспортын гүйцэтгэлтэй байгаа нь сүүлийн гурван жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн импорт экспортын хэмжээ 2 их наяд 990 тэрбум юаньд хүрч, дөрвөн улирал дараалан өсөлттэй гарчээ. Америкийн жимс жимсгэнэ, хүнсний ногооны “Доле” компанийн Хятадын зах зээлийн захирал Ван На хэлэхдээ, эхний долоон экспогийн үеэр тус компани Малайзаас шинэхэн дуриан зэрэг 18 төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногооны шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж, үзэсгэлэнгийн бүтээгдэхүүнийг халуун борлуулалттай бүтээгдэхүүн болгон амжилттай өөрчилсөн. Түүнчлэн Хятад улс бизнесийн орчноо улам оновчтой болгосноор таван жилийн өмнөх гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг 3-5 хоног байсныг 1-2 хоног болгон богонисголоо. Энэ нь шинэ соргог бүтээгдэхүүний импортод маш их тус болж, Хятадад урт хугацааны турш ажиллах итгэлийг олгосон юм гэжээ.

Дөрөвдүгээр сараас хойш АНУ бүх худалдааны түншүүддээ “тэгш татвар ногдуулах” гэгчийг тогтоосон нь дэлхийн худалдаанд маш их сөрөг нөлөө үзүүлж байна. Гэвч хэцүү байх тусам бид урагшилна. Тарифын өмнө Хятад улс нэг талаар дотоод, гадаад худалдааны интеграцчлалыг түргэтгэхийг санал болгож, нөгөө талаар нээлттэй байдлаа гуйвшгүй өргөтгөнө. Энэ хэдэн хоногт Хятадын олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний 5 дахь экспо, Гунжөүгийн 137 дахь яармаг дараалан болж, үзэсгэлэнгийн цар хүрээ шинэ дээд амжилт тогтоосоор байна. Бразил-Хятадын инновацийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Клаудиа Ианнуччи хэлэхдээ, нээлттэй Хятад улс дэлхий дахинд илүү их боломж, эрч хүч, итгэлийг авчирч байна гэжээ.

Exit mobile version