Дэлхий
АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа тус улсын Төрийн департаментад зориулж олгодог төсвийг бараг хоёр дахин багасгахаар төлөвлөж байгаа тухай The Washington Post сонин өнгөрсөн долоо хоногт тараасан дотоод санамж бичгийг иш татан мэдээлсэн байна. \
Энэ төлөвлөгөөний дагуу НҮБ болон НАТО-д зориулж гаргадаг хөрөнгийг болон хүмүүнлэгийн тусламж, дэлхийн эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагуудад олгодог санхүүжилтийг ихээхэн бууруулах ажээ. Цагаан ордон Төрийн департамент болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) үйл ажиллагаанд зориулж 28,4 тэрбум ам.доллар олгох санал дэвшүүлж байгаа нь Конгрессын баталсан 2025 оны санхүүжилтийн хөрөнгөөс 27 тэрбум ам.доллароор буюу 48%-иар бага болсон байна.
Олон улсын байгууллагуудад зориулж гаргадаг хөрөнгийн хэмжээ бүр илүү их буюу бараг 90%-иар буурах ажээ. Энхийг сахиулах ажиллагаа, НҮБ, НАТО болон олон улсын өөр 20 байгууллагын санхүүжилтийг зогсоож, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага зэрэг зарим байгууллагын санхүүжилтийг хэвээр үлдээх юм байна. Түүнээс гадна, Израил, Египет зэрэг холбоотон орнуудын зэвсэгт хүчний хөгжилд зориулдаг уламжлалт тусламжийн 5,1 тэрбум ам.долларыг төсөвт хэвээр үлдээжээ.
Төсвийг ийнхүү хорогдуулахыг АНУ-ын Конгресс дэмжих эсэх нь тодорхойгүй байгаа аж. Washington Post сонинд мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио яамныхаа зардлыг бууруулах өөрийн гэсэн төлөвлөгөө боловсруулж байгаа ажээ. Уг төлөвлөгөөнд 80 мянган ажилтантай Гадаад харилцааны яамны хэдэн арван мянган хүнийг цомхотгох, хэд хэдэн консулын газар, салбар нэгж болон зарим хөтөлбөрийг хаах тухай тусгасан байна.
