Улс төр

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийтэлсэн

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан нам Их хурлаа хийж, таныг намын генсекээр батламжиллаа. Улс төрийн намын генсек бол тухайн намын бодлогыг зангидаж, “гал”-ыг авч байдаг албан тушаал. Нөгөө талаар АН дотооддоо нэлээд зөрчилдөөнтэй байдаг нам. Та ямар бодлого баримталж ажиллах вэ. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Жил бүрийн дөрөвдүгээр сарын 07-н бол Ардчилсан намын төрсөн өдөр. 1990 оны энэ өдөр Монгол Улсад олон намын систем бий болж, манай нам Монгол Улсын хоёр дахь улс төрийн гол хүчин болж, үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Энэ жилийн ойгоороо бид ҮБХ-гоо хуралдуулж, Их хурлаа хийж, хэд хэдэн асуудал шийдсэн. Ардчилсан үзэл баримтлалтай бидэнтэй санаа бодол нэгтэй ШИНЭ намынхан АН-д нэгдэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ асуудлыг бид Их хурлаараа хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнээс гадна манай намын дүрэмд Намын ерөнхий нарийн бичгийн даргыг Намын дарга санал болгож, Улс төрийн зөвлөлөөр томилуулж, ҮБХ батална гэж бий. Мөн өдөр энэхүү дүрмийнхээ дагуу Ерөнхий нарийн бичгийн даргыг томилсон. Зарим цөөн хэсгийн андуу ташаа ойлгож, ойлгуулж байгаа шиг олон дахин томилогдоод байгаа юм биш.

-Ингэхэд та хэдэн онд Ардчилсан намын гишүүн болж байсан бэ?

-Би 2000 онд АН-ын гишүүн болж байлаа. Намынхаа 35 жилийн ойн өдрөөр албан ёсоор генсек болсноо их бэлгэшээн хүлээж авсан. Манай нам том зорилтуудын төлөө яваа. Ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн нам гэдэг зөвхөн сонгуулийн цикл харж үйл ажиллагаа явуулахаас илүү Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг юм. Ардчилал өөрөө маш эмзэг шүү дээ. Ардчилал суларч, хүчгүйдвэл авторитар тоталитар дэглэм рүү маш хурдтайгаар гулсан орох эрсдэлтэй байдаг. Тиймээс ардчиллын мянга мянган гишүүд дэмжигчид ардчиллаа хамгаалах үүрэгтэй. Тэр тусмаа сонгуулийн бус цагт бидэнтэй ижил үзэл баримтлалтай намууд нэгдэх хүсэлтээ тавьж байгаа нь сайн хэрэг. Энэ нь ардчиллаа хамгаалах үүрэгтэй бидэнд хүч, дэм болж буй үйл явц юм. Цаашид намын генсекийн хувьд хийх ажил маш их байна. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэн. Энэхүү хуулийн дагуу намын дүрмээ шинэчилнэ. Бүтэц зохион байгуулалтаа хуульд нийцүүлнэ. Эмэгтэйчүүдийнхээ квотыг 40 хувьд хүргэнэ. Ер нь 2025 он Монголын улс төрийн амьдрал, тэр дундаа улс төрийн намуудын хувьд маш чухал жил болох төлөвтэй байна. Тиймээс дээр хэлсэнчлэн энэ бүх шинэчлэлийг гардан хийгээрэй гэж намын гишүүд маань надад хариуцлага, үүрэг, итгэл хүлээлгэлээ гэж бодож байна.

-Танай намын эв нэгдлийн болоод эв түнжингүй асуудал байнга яригддаг шүү дээ. Гэтэл эрх баригч нам намынхаа бодлогыг эсэргүүцсэн бол итгэл хүлээлгэхгүй гэх дүрэм журам яриад эхэлсэн. Танай нам ямар бодлоготой ажиллах вэ?

-Аливаа улс орон, улс төрийн хүчний хамгийн гол асуудал бол мэдээж эв нэгдэл. Ардчилсан нам бол үнэт зүйл дээрээ нэгдсэн маш олон хүмүүсийн бүрдэл шүү дээ. Нөгөөтээгүүр манай намын үзэл баримтлалын амин сүнсний нэгээхэн хэсэг нь үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө юм. Тиймээс зарим улс төрийн хүчин шиг “Чи үзэл бодлоо илэрхийлэхдээ ингэж л хэлнэ. Ингэж хэлэхгүй” гэж бид тулгаж, шаардах нь өрөөсгөл болчихож байгаа юм. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлж байна гээд өөрийн нам, намын лидерүүдээ бусадтай нийлж нийгэмд хэн ч биш мэтээр харагдуулах гэсэн үйлдэл, үйл ажиллагаануудыг бас анхаарах л ёстой. Үүнийг олон нийтэд яаж илүү сайн ойлгуулах вэ гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй.

Түүнчлэн намын гишүүд намын дүрэм журам, хөтөлбөрийг дагадаг байх ёстой. Улс төрийн намын тухай хуулиар намууд хөтөлбөрөө батлуулах ёстой. Үүнийг Дээд шүүхэд бүртгэнэ. Тэгвэл АН хувийн өмчийн асуудалд ямар байр суурьтай байх юм. Төрийн өмчийн нөхцөл байдлыг яаж авч явах юм гээд цаг үетэйгээ нийцсэн ерөнхий том шийдвэрүүдээ бид мөрийн хөтөлбөрөөрөө хийнэ гэсэн үг. Харин тэр баталсан хөтөлбөрөө намын жирийн гишүүнээс эхлээд УИХ-ын гишүүд нь бүгд дагадаг байх ёстой. Ингэж байж бид үзэл санаа, үзэл баримтлал дээрээ нэгдэж, гол хүч болж чадна. Энэхүү ажлыг бид энэ жил зохион байгуулна. Ер нь АН-ын өнгөрсөн хоёр удаагийн ялагдал бол нэгдмэл байж чадаагүйд байгаа юм. Мөн манай нам боловсон хүчингүй болж байгаа ийм цаг үе ирсэн байна. Тэгэхээр бид  Хамтарсан Засгийн газрын үед боловсон хүчнүүдээ чадавхжуулах ажлыг зайлшгүй хийх ёстой. 1980, 1990-ээд оны залуучуудад төрд ажиллах чадамж, туршлагагүй бий. Өнгөрсөн найман жил эрх баригчид АН-ын гэсэн бүх хүмүүсийг халсан. Тэнд ажиллах орон зайг нь хаасан. Тиймээс бид одоо нээж, АН төр барих боловсон хүчний чадамжаа сайжруулах бодлогыг барина. Эв нэгдэл бол одоо бидний хамгийн том сорилт болж байна. Мэдээж ардчилсан үзэл баримтлалтай намууд жижгэрч олон нам бий болж байдаг. Бид бүгдийг нь нэгтгэж эв нэгдэлтэй байх зорилгын дор нэгдэж ажиллана. Генсекийн хувьд энэ ажлыг хийнэ. Мөн бид асуудлыг зөвхөн сөрөг хүчний байр сууринаас шүүмжлэхээс гадна бодлого боловсруулдаг, олон нийтэд таниулдаг байх хэрэгтэй. Тэрхүү бодлогоо Монгол Улсын бодлого болгож хэрэгжүүлдэг ийм л нам байхын төлөө зүтгэнэ.

-Ардчилал бүтэн болох ёстой гэсэн байр суурийг намын дарга Л.Гантөмөр илэрхийлж байсан. Гэвч намын зарим гишүүн ШИНЭ намыг нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа хэлсэн. Цаашид нэгдэх процесс яаж үргэлжлэх вэ?

-Одоогийн байдлаар ШИНЭ нам болон Монголын либерал намынхан АН-д нэгдэх хүсэлтээ өгсөн. ҮБХ-ны хурал болон Их хурлаар намын гишүүдийн олонх нь нэгдэх саналыг хүлээж авсан. Тэр дагуу бид одоогоор Дээд шүүхэд бүртгүүлэх эрх зүйн бичиг баримтуудыг бүрдүүлж байна. Дээд шүүх хүлээж аваад эцэслэчихвэл асуудал шийдэгдэнэ. Ардчилсан намтай үзэл санаа нэгдэхгүй намуудыг мэдээж хүлээж авахгүй л дээ.

Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Либерал намуудыг бид үзэл санааны хувьд таарч байвал нэгтгэнэ. Дэлхийн улс орнуудад баруун, баруун төвийн, зүүн, зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд байдаг. МАН бол зүүний чиглэлийн социал демократ үзэл баримтлалтай. Энэ хоёрын ялгаа мэдээж маш тодорхой байдаг. Ардчилсан нам хувийн өмчийг дээдэлдэг. Төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын оролцоог багасгах бодлого барьдаг. Бүх асуудалд хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулж шийддэг нийгмийн тогтолцоог бий болгодог. Хоёрдугаарт, мэдээж хүний эрх, эрх чөлөөний асуудалд голлож үзэл баримтлалаа хатуу байлгах бодлого баримтална. Түүнчлэн манай намын анх байгуулагдсан зорилго бол олон намын системийг бий болгох байсан. Нэг намын удирдлагатай байсан системийг нурааж, эрх барьж буй дөрвөн жилдээ мөрийнхөө хөтөлбөрийнхөө дагуу ажиллаж биелүүлж чадахгүй бол буудаг ийм системийг бид бий болгосон. Харамсалтай нь өнөөдөр яг системээр явж байгаа нь эргэлзээтэй. Сонгогчдын саналыг худалдаж авдаг, нийгмийг халамжаар бөөцийлөх зэргээр олон муу аргыг эрх баригчид хэрэглэж байна. Ер нь халамжийн том бодлого явуулах нь нэг талдаа социалист хуучин хэв маяг руу оруулж байна. Монголчууд үүнээс салах ёстой. Бид хөдөлмөрлөдөг, бүтээдэг ард түмнийг бий болгох ёстой. Хувийн өмчийг дээдэлдэг, төр хувийн бизнестээ өрсөлдөхгүй байх, харин ч давуу байдал бий болгож байж Монголд чөлөөт зах зээлийн эдийн засгийн нөхцөл бүрдэнэ. Хувийн өмч, бизнесүүдийг нухчин дардаг асуудлуудын эсрэг манай нам тэмцэнэ. Түүнчлэн үг хэлэх, хэвлэн нийтлэх энэ эрх чөлөөг баталгаажуулахыг манай нам дэмжиж, хамгаалж ирсэн. АН-ын эрх барьж байсан цаг хугацаанд хүний эрх болон сэтгүүлчдийн эрхийг бид хангаж ажилласан. Гэтэл өнгөрсөн найман жилийн хугацаанд авлигын индекс эрс буурчихсан. Хэвлэлийн эрх чөлөө бүүр 30 байраар ухарчихсан байна шүү дээ.

-Ардчилсан намын даргыг солих өөрчлөх ёстой гэдэг асуудал байнга л гарч байдаг. Тэгвэл удирдлагын хувьд тогтвортой байх чиглэлд яаж ажиллах вэ?

-Сая болж өнгөрсөн Их хурлыг та бүхэн анзаарсан байх. Манай намын гишүүд бүгд үгээ хэлж байгаа биз дээ. Тийм л эрх чөлөөг хамгаалах гэж манай нам байгаа юм. Шүүмжлэл мэдээж байдаг. Гэхдээ шийдвэр гаргахдаа үзэл баримтлалаа дагаад олонхоороо шийдвэрээ гаргадаг. Ардчиллын Үндсэн хууль гэдэг олонх нь шийдвэр гаргасан бол цөөнх буюу шүүмжлэлтэй байгаа хэсэг нь дагаад л явдаг зарчим шүү дээ. Энэхүү зарчмынхаа дагуу шүүмжилж байгаа хүмүүс шүүмжлэлээ хэлж зааланд байгаа олонхыг өөрсдийнхөө талд болгох гэж оролдож байна шүү дээ. Тэр оролдлого нь шийдвэрт нөлөөлөхгүй байгаа учраас олонхын шийдвэрээр цаашаа явж байна. Энэ бол ардчилал. Хуучин бол даргыгаа шүүмжилсэн хүмүүсийг цөлдөг, шоронд хорьдог. Бүүр 1930-аад онд бол шууд барьж аваад буудчихдаг байсан шүү дээ. Хэрвээ эрх барьж байгаа намтай адилхан даргыгаа шүүмжилдэггүй болчихвол тэднээс ялгагдахааргүй нам болчих гээд байна шүү дээ. Бидний хувьд аль болох бүх асуудлыг нээлттэй байлгахыг л хүсдэг.

Гэхдээ намын дүрэмдээ аливаа шүүмжлэлийг дотоод хурлууд дээрээ хийе. Шүүмжлэлийг шууд олон нийт рүү өгөөд байхаар намын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх асуудал гарч байна. Үүнийг бодолцох ёстой. Улс төрийн намын тухай хуультай холбогдуулж манай нам дотооддоо бүрэн шинэчлэгдье гэсэн зорилготой ажиллаж байна. Ажлын хэсэг гаргана. Энэ жил их хурлаа хамгийн багадаа хоёр удаа хийнэ. Түүхэндээ байхгүй олон удаа хуралдаж, хоорондоо зөвшилцөж санаа, бодлоо уралдуулна. Үүнээс бид намынхаа шинэчлэлийг эхлүүлнэ.

-АН хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа. Зарим хүн АН МАН-ын хатавчинд орчихлоо гэж шүүмжилдэг.  Энэ шүүмжлэлд та яаж ханддаг вэ?

-Ер нь ямар цаг үед эвсэх вэ гэдэг нь чухал. Энэ цаг хугацаа бол эвсэхээс өөр аргагүй ийм л хүнд давааг туулах ийм он жилүүд.  Геополитикийн маш хүнд нөхцөлтэй байна. Хойд хөрш маань дайны байдалтай, БНХАУ АНУ-ын эдийн засгийн хоригуудад ороод эхэллээ. Одоо бид нийлж нэгдэж том шийдвэрүүдийн ард гарахгүй бол шүүмжлээд үр дүн гарахгүй байна. Эдийн засгийн бодит шалгууруудыг даван туулах ёстой. Энэ бүхэн эргээд Монголын тусгаар тогтнолтой холбоотой шүү дээ. Өнөөдөр бие биеээ шүүмжилж суух биш, нэгдэж нийлж ард нь гарах ёстой юм. Тэр ч утгаараа эдийн засгаа аврахын тулд 14 мега төслийг хөдөлгөхөд АН-ынхан түүчээлээд оролцож байна.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Намуудын хувьд бэлдээд эхэлсэн байх. Генсекийн хувьд энэ асуудалд нэлээд хүч хаяж ажиллах байх. Тийм үү?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярихад арай эрт байна.  Бид эхлээд дүн шинжилгээ хийнэ. Мөрийн хөтөлбөрөө гаргана. Үүнээс өмнө эхлээд АН бүрэн шинэчлэгдэх ёстой. Тэрхүү шинэчлэл дээрээ үндэслэн Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох, Төрийн тэргүүнд өрсөлдөх хүнээ яаж зөв тодруулах вэ гэсэн бодлогоо ярина. Ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовсон олон асуудал бий.  Энэ асуудлаар наадмын дараа ажлын хэсэг байгуулаад ажиллах болов уу гэсэн асуудал яригдаж байна. АН-ын жирийн гишүүд дэмжигчдийнхээ хүлээлтэд нь хүрэх тийм хүнийг нэр дэвшүүлэх ёстой. Нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн сонгуультай хэтэрхий ойрхон хийх нь бас дотоодын зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс бид аль болох эрт эхэлнэ. Ерөнхийлөгчид нэр дэвших боломжит хүмүүсээ тодруулаад тэндээсээ тодорхой дүрмийн дагуу сонгодог ийм процесс руу орох шаардлагатай юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Exit mobile version