CGTN мэдээ

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийтэлсэн

Дөчин жилийн өмнө түүний цорын ганц хүсэл нь амьдралыг нь сорж залгих мэт энэ зэлүүд цөлийг орхин явах байв. Харин өнөөдөр тэрээр өөрийн хоёр гараар хоёр мянга гаруй га газрыг ногоон торго мэт ургамлаар бүрхүүлж, цөл дунд амьдралын эх булаг ургуулжээ.

Түүний нэрийг Отгонхуар гэдэг, “БНХАУ-ын үндэстний эв нэгдлийг бэхжүүлэгч үлгэр жишээ хүн” хэмээх хүндэт шагналын эзэн.

Та бүхэнд хөвөө хязгааргүй элсэн цөлд ногоон төгөл бий болгосон ажилсаг монгол бүсгүйг танилцуулъя.

Шар элс хаалгыг дарсан нь — Хүүхэд насны дурсамж

Хятадын умард нутгийн Хатан голын өмнө эрэгт орших, 18,600 км² талбай бүхий Хөвчийн элсэн цөл нь Ордосын өндөрлөгийг хуваан оршдог бөгөөд Хятадын долоодугаар том цөлд тооцогддог.

1980-аад онд энэ бүс нутагт жилд дунджаар 150 мм хүрэхгүй хур тунадас орж, салхи шуурга тасралтгүй шуурч, тэнгэр газар нийлсэн мэт харанхуйлдаг байлаа.

Отгонхуар энэ үед мэндэлжээ. Тэрээр айлын бага охин байсан тул ийнхүү нэрлэгдсэн гэдэг.

Хүүхэд насных нь нэг дурсамж бол өглөө сэрээд хаалгаа нээх гэтэл шар элс бөглөрч, гэрээсээ гарахын тулд цонхоор гардаг байсан явдал юм.

“Бага байхад шөнөжин салхи шуурч, өглөө болоход элс үүдийг дарчихсан байдаг. Тиймээс хүмүүс хаалгаа дотогш нээгддэг болгон өөрчилсөн. Элс гэрийг бүхлээр нь булчихвал нүүхээс өөр аргагүй болдог байсан,” хэмээн тэр дурсдаг.

Тухайн үед Хөвчийн цөлд цахилгаан, авто зам байгаагүй бөгөөд дэлгүүр хоршоонд хүрэхийн тулд хэдэн арван км замыг тэмээ унаж туулдаг байв. Отгонхуарынх 200 га бэлчээртэй ч 75 хувь нь элсэн цөл байсан тул мал маллах нөхцөл тааруу, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж хязгаарлагдмал байжээ.

Ээж нь захгүй элсэн далайг ширтэн, гэрийн үүдэнд ганцаараа нулимс унагаж суух нь Отгонхуарын сэтгэлд гүн үлдсэн дурсамж юм.

“Тэр үед бид цөлийг аймшигтай, сэтгэл зовоосон газар гэж боддог байсан. Зүгээр л энэ газраас хурдхан явахыг хүсдэг байлаа,” гэж тэр өгүүлдэг.

Ийнхүү хүнд нөхцөлд өссөн Отгонхуар нэг л өдөр цөлтэй тэмцэж, амьдралыг өөрчилнө гэж төсөөлөөгүй биз ээ…

Цөлжилтийг тогтоосон ухаан — Өвөрмөц шийдлүүд

Цөлжилтийн нөмөрт амьдрах хүмүүс ухарч, харин цөл урагшилдаг. Гэхдээ ийм нөхцөлд яах ёстой вэ?

Хятад улс цөлжилттэй тэмцэх онцлог арга хэмжээг Хөвчийн цөлөөс эхлүүлсэн бөгөөд энэ нь дараах гурван гол чиглэлд тулгуурласан байв.

  • Төрийн манлайлал бүхий ойжуулалтын бодлого — “Гурван Хойд” бүс нутагт өргөн цар хүрээтэй ойжуулалт, халхавч ойн төслүүдийг хэрэгжүүлж, ногоон эко сүлжээ байгуулсан.
  • Шинэлэг технологи — Элс тогтоох тор, дэвшилтэт усалгааны систем зэрэг технологи ашиглан цөлжилтийн бэрхшээлүүдийг даван туулсан.
  • Цөлжилттэй тэмцэх ба амьжиргааг уялдуулах — Хөрсийг нөхөн сэргээх явцыг орлоготой уялдуулж, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн.

Гэвч энэ бүхнийг хэрэгжүүлэх нь тун амаргүй байсан. Тухайн үед нутгийн иргэдийн санаачилгаар тавьсан зам шөнийн шуурганд дарагдаж, зам тавихтай зэрэгцэн хамгаалах ажлыг хийх шаардлага тулгарчээ. Энэ том ажилд нутгийн иргэд нэгдсэн бөгөөд тэдний нэг нь 20 ч хүрээгүй Отгонхуар байсан юм.

Цөлийг ногооруулсан нь — Зоригт бүсгүйн замнал

2003 оны хавар, 23 настай Отгонхуар нягтлан бодогчийн ажлаа орхин, цөлийн гүнд шаргал улиас тарих ажилд оржээ. Энэ ургамал нь цөл, өндөр шүлтлэг хөрсөнд тэсвэртэй бөгөөд 10 метр гүнд хүртэл үндсээ сунгадаг байна.

Отгонхуар цөлжилттэй тэмцэгч мэргэжилтнүүдээс суралцаж, дараах аргыг сурчээ:

  • Шаргал улиасны мөчрөөр тор үүсгэж, элсний нүүдлийг тогтоох
  • Торны завсар хуурайшилтад тэсвэртэй ургамал тарих
  • Борооны улиралд тарьж, ургамлын амьдрах чадварыг нэмэгдүүлэх

Тэр өөрөө суулгац худалдан авч, өдөр бүр өглөө гэгээ татмагц цөл рүү явна. Заримдаа шуурганы дунд нүдээ нээж чадахгүй, гараараа тэмтчин мөлхөх шахуу явж байв. Элсэн дунд гуталтай алхах бэрх тул гутлаа тайлж, хөл нүцгэн явдаг байсан гэдэг.

10 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Отгонхуар хамт олонтойгоо “торон хашилт + хуурай уур амьсгалд тэсвэртэй ургамал + борооны улиралд тарих” гэсэн аргачлалыг боловсруулж, тарьсан моддын 95 хувь нь амьдарч, 2000 га талбайг ногооруулж чаджээ.

“Шаргал цөлд ногоон навчис салхинд сэрчигнэхийг харахад, туулсан бүх бэрхшээл арилж, сэтгэл уужирдаг,” хэмээн тэр бахархалтайгаар өгүүлдэг. 

Анар жимсний үр шиг олон газар туршлага хуваалцсан — Хамтын тэмцэл

Туршлага, хүсэл эрмэлзэлдээ тулгуурлан Отгонхуар өөрийн компаниа байгуулжээ. Тэр одоо хэн бүхний хүндлэлийг хүлээсэн “Хуар эгч” болсон.

Экологийн тэнцвэрт байдлыг эрхэмлэн, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар хөгжүүлэх замыг нээж, Отгонхуар уламжлалт мал аж ахуй, байгаль хамгааллын тэнцвэрийг бий болгох гарцыг хайжээ. Шаргал улиас, бургас зэрэг ургамал нь нэг талаараа хамгаалалтын, нөгөө талаараа өндөр уургийн агууламжтай тэжээл болох боломжтой гэдгийг олж мэдсэн юм.

Түүний компани хурдацтай өргөжиж, ажилчдын дунд Төвөд, Уйгар, Монгол зэрэг үндэстний төлөөлөл нэг зорилгын дор нэгдсэн байв. Тэд Шиньжян, Цастын өндөрлөг гээд алслагдсан бүс нутгуудад ч ногоон халхавч бий болгожээ.

“Эхэндээ хүмүүс шоолж, ‘Цөлд мод тарина гэж үү?’ гэдэг байсан. Харин дараа нь өөрсдөө ирээд, ‘Ажил байна уу?’ гэх болсон,” гэж Отгонхуар өгүүлдэг. 

Ийнхүү “Хуар эгч”-ийн баг олон үндэстний хүмүүсийг нэгтгэж, ногоон ирээдүйн төлөө хамт зүтгэсээр байна.

Дэлхийн хариулт болсон “Хятадын шийдэл”

Өнөөдөр Хөвчийн цөлийн салхин шуургатай өдрүүд жилд дунджаар 80 хоног байснаас 5 хоног болтлоо буурчээ. Ургамлын бүрхэц 3%-иас 53%-д хүрч өссөн байна. Түүнчлэн 1000 гаруй төрлийн ургамал тарьж, биологийн төрөл зүйлийн сэргээлт 90 хувьд хүрчээ.

Хөвчийн цөлд “цөлжилттэй тэмцэх + байгаль хамгаалал + аж үйлдвэрийн хөгжил + ядуурлаас ангижрах” хэмээх дөрвөн талт хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 10,200 хүн ядуурлаас ангижирчээ. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Хөвчийн цөлийг “Дэлхийн цөлийн экологийн эдийн засгийн жишиг бүс” хэмээн нэрлэсэн нь үүний баталгаа юм.

Африкийн Сахарын орнууд ч энэ бүсээс туршлага судалж ойжуулалтын арга туршлага сурч байна.

Сүүлийн 40 жилийн нөр их хөдөлмөр нь зөвхөн Хөвчийн экологийг сайжруулаад зогсохгүй, харин дэлхий нийтэд нэгэн чухал мессеж илгээж буй юм — Хэрэв хүн байгальтай зохицож чадвал, цөл дунд ч цэцэг дэлгэрч чадна.

Exit mobile version