Дэлхий
АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна
АНУ түнш орнууддаа Хятадтай хэрэгжүүлж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хумивал тэдгээрийн бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварын хэмжээг бууруулах санал тавихаар зэхэж байна гэж “The Wall Street Journal” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын засаг захиргаа дэлхийн 70 орныг Хятадын компаниудад тэдний нутаг дэвсгэрт үйлдвэрийн болон худалдааны нэгжүүдээ байрлуулахыг хориглох, Хятадын бараа бүтээгдэхүүнийг реэкспорт хийхгүй байхыг ятгахаар ажиллаж байна. Мөн АНУ Хятадаас хямд үнэтэй аж үйлдвэрийн барааг их хэмжээгээр импортлохын эсрэг байр суурьтай байгаа аж.
Энэхүү санаачилгыг дэвшүүлж буй албан тушаалтнуудын нэг нь АНУ-ын сангийн сайд Скотт Бессент болохыг тус сонин онцлоод тэр энэ сарын 6-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт эл стратегиа танилцуулсан аж. Бессент ийм стратеги нь Хятадын эдийн засгийн байр суурийг сулруулж, нөлөөг нь хязгаарласнаар Бээжин буулт хийнэ гэж үзэж байна.