Нийгэм
Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа
Улсын харцага Г.Ганхуягийг өнгөрөгч баасан гарагт Тагнуулын байгууллагаас баривчилж, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа юм.
Улмаар түүнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах хүсэлтийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд ирүүлснийг хүлээн авч яллагдагч Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Г.Г-ийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, өмгөөлөгч, яллагдагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, яллагдагч Г.Г-ийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж хуульчилсан.
Шүүхэд ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалтай танилцахад “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн байна.