Энтертайнмент
Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Монгол Улсын Консерватор, Ардын бүжгийн тэнхимийн эрхлэгч, Соёлын тэргүүний ажилтан А.Хосбаярын бие даасан бүжгийн тоглолт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт 2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр товлогджээ.
А.Хосбаяр нь Монголын бүжгийн урлагийн салбарт даль жигүүрээ 1979 онд дэлгэн 40 гаруй жилийг үджээ.
Тэрбээр энэ салбарын тогтвортой хөгжилд өөрийн торгон мэдрэмжтэй гүйцэтгэл, өвөрмөц донж бүхий дэглэлт, оюун ухаан бие сэтгэлээс хандах ирээдүйн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсээрээ өөрийн нэмрийг харамгүй оруулж ирсэн. 2000 онд СУИС-ийг бүжиг дэглээч, багш мэргэжлээр төгсөн, улмаар 2008 онд Москвагийн Соёл Урлагийн их сургуульд мэргэжил дээшлүүлэн, БНСУ-ын Урлагийн их сургуульд Үндэсний бүжгийн онолоор Мастерын зэрэг хамгаалсан Монголын шилдэг бүжиг дэглээчдийн нэг билээ.
А.Хосбаяр нь Монголын Ардын армийн дуу, бүжгийн чуулга болон Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулгын урын санг өөрийн төгс гүйцэтгэл, шинэлэг дэглэлтээр баяжуулсан. Хойч үеийн мэргэжлийн бүжигчдийг сургах үйлсэд 2005 оноос өнөөг хүртэ гэж түүний бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг онцолдог.
Түүний Монгол бүжгийн бүтээлүүдээс үндэсний онцлог сэтгэлгээ, хөдөлгөөний өвөрмөц донж төрх, ахуй нь цогцоороо харагддаг бол орчин үеийн, модерн дэглэлт нь бүжгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагатай хөл нийлүүлж чаддаг.
Тавдугаар сарын 1-ний өдөр бүжгэнд дурлагсад, дэмжигчид болон энэ салбарыг хамтран хөгжүүлж буй мэргэжил нэгтнүүддээ зориулж Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа анхны бие даасан тоглолтыг толилуулан, мөн өөрийн 55 насны билигт ойн өвөрмөц дурсамжийг хамтран бүтээлцэхээр болсонд бүжгийн урлагийнхан баяртай байна.
Бие даасан тоглолтын хөтөлбөрт ардын язгуур, ардын тайзны болон контемпорари бүжгүүд багтжээ.
