Дэлхий
Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв
Дэлхийн тойрог замд сансрын нисэгчдийн хүнсийг шууд сансарт нь ургуулах туршилтыг эхлүүлжээ. Эрдэмтэд сансрын нисэгчдийн хоолны цэсийг амттан, төмсний нухаш, тэр бүү хэл жинхэнэ стейкээр баяжуулна гэж найдаж байна.
Европын сансар судлалын агентлагаас /ЕКА/ хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь сансрын лаборатори фермүүд хэр үр дүнтэй болох, дэлхийн тойрог зам болон бусад гарагт хэвийн ажиллаж чадах эсэхийг үнэлэх зорилготой. Ингэснээр ЕКА сансрын нисэгчдийн хоол, хүнсний зардлыг бууруулна гэж найдаж байна. Туршилт амжилттай болбол хоёр жилийн дараа гэхэд Олон улсын сансрын станц дээр бага хэмжээний туршилтын хүнсний цех бий болно.
Хэрэв ирээдүйн сансрыг эзэгнэгчдэд аяллынхаа үеэр хүнсээ тарьж, ургуулах боломж гарахгүй бол бусад гарагсыг эзэгнэх хүн төрөлхтний том төлөвлөгөө төлөвлөгөө чигээрээ үлдэнэ гэдэгт “Frontier Space” компанийг үүсгэн байгуулагч Акил Шамсул итгэлтэй байна. Түүний компани энэхүү туршилтын Лондонгийн эзэн хааны коллежийн эрдэмтэдтэй хамтран явуулж байгаа юм. “Бид дэлхийн тойрог замд болон саран дээр үйлдвэр байгуулахыг мөрөөддөг. Хэрэв бид хүмүүст сансарт амьдарч, ажиллах боломжийг бүрдүүлсэн дэд бүтцийг барихыг хүсэж л байгаа бол ийм төрлийн үйлдвэрлэлийг сансарт зайлшгүй бий болгох шаардлагатай” гэж Шамсул ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын станцад хүнс хүргэх нь туйлын өндөр зардалтай. Судлаачдын тооцоолсноор, сансрын нисэгч бүр өдөрт 25 мянган ам.долларын хоол, хүнс хэрэглэдэг байна.