Улс төр
Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн (2025.04.23) хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Монголын баялаг аль нэг намын өмч биш, хэн нэгэн улс төрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ л Монголын баялаг. Тиймээс “Төгрөг нуур” ч бай “Ухаа худаг” ч бай овоо, толгой, уул, овоолго бүгд Монголын баялаг. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх, Баялгийн сангаараа дамжуулж эрүүл мэнд, орон сууц, боловсролдоо зарцуулах хууль эрх зүйн орчныг бид бүрдүүлсэн улс. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Авах ёстой бол бид хуулийн дагуу хурааж авна. Энэ бол Үндэсний баялгийн сангийн хууль, Уул уурхайн хуулиар бүрдүүлсэн эрх зүйн орчин.
2006 оны байдлаар 39 стратегийн орд газар байна гэж тоологдсон байдаг. Үүнээс нэгийг нь л авч үзэхэд олон асуудал гарч ирж байгааг та бүхэн харж байгаа. Бид хяналт, шинжилгээ хийж байх ёстой. Ирээдүйд өр биш өв үлдээхийн анхааралтай ажиллах ёстой.
Өнөөдөр Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчийн хувиар дөрвөн асуудлийг дэмжье гэж бодож байна.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр Тавантолгойн ордын “Бортээг”-ийн уурхайд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон түншлэлийн компаниудтай 2021 оны 11-р сарын 17-нд байгуулсан хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг хүчингүй болгож байна.
Би Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн л ахлагч. Үүн дээр ямар нэгэн ялгасан, хэн төрийн тэргүүн байсан эсэхийг ялгаж салгах шаардлага огт байхгүйгээр ижил, тэгш хандаж байгаа. Хууль хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлж чадахгүй бол хуулийн байгууллагын өмнө очоод үндэслэл, тайлбараа хэлэх ёстой. Ажлаа хийгээд явж байхад хүний алдар, нэр хүндэд ямар нэг байдлаар халддаг, заналхийлдэг үйлдлүүд их гарч байгаа. Гэхдээ үүнд цуцаад байх, мохоод байх шаардлага байхгүй. Би энэ уул, уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Тиймээс хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй гэдгээ тэр нөхдүүдэд хэлье” гэлээ.