Дэлхий

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Нийтэлсэн

АНУ-ын гадаад харилцааны яам буюу Төрийн Департаментыг өөрчлөн зохион байгуулах урьдчилсан төлөвлөгөөг тусгасан хөтөлбөрийн төслийг тус улсын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороодод танилцуулаад байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Уг баримт бичигт Төрийн Департаментын 132 товчоо, хэлтэс, хөтөлбөрийн нэгжийг татан буулгах, 732 албан тушаалтныг цомхотгох заалтууд орсон байна. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын иргэний аюулгүй байдал, ардчилал, хүний эрхийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалыг байхгүй болгохоос гадна цэргийн гэмт мөрдөн шалгах алба, мөргөлдөөнийг зохицуулах ажиллагаа явуулдаг албаны үйл ажиллагааг зогсоох юм байна.

Төрийн Департаментыг өөрчлөн зохион байгуулах энэхүү хөтөлбөрт Африк тив дэх Америкийн дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хумих асуудлыг тусгаагүй ажээ. Уг хөтөлбөрийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын орлогч нар хариуцсан нэгжүүдийнхээ орон тоог 15%-иар цомхотгох төлөвлөгөө боловсруулах юм байна. АНУ-ын Төрийн Департаментын хэт нүсэр, хүнд сурталтай аппарат их гүрнүүдийн өрсөлдөөний шинэ эрин үед үүргээ үр ашигтай гүйцэтгэх чадваргүй болсон тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өмнө нь мэдэгдэж байсан юм.

Exit mobile version